Эхлээд маш ноцтой мэдээлэл хүргэе.
2015 оны арваннэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нэгж бүтээгдэхүүнд ногдож байгаа онцгой албан татварын үнийг шатахуунд 400 мянга, дизель түлшинд 520 мянган төгрөг болгосон. Үүнээс хойш Монгол Улсад импортолж байгаа газрын тосны завсрын буюу онцгой албан татвар төлдөггүй бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгджээ.
2015 онд 16.2 мянган тонн нефть-химийн бүтээгдэхүүн импортолсноос керосин 4.3 мянган тонн, 2016 онд нийт 85.6 мянган тонн бүтээгдэхүүнээс 59.4 мянган тонн керосин, 12.6 тонн нафта оруулж ирсэн байна. Эндээс үзвэл Монгол Улсад жилд импортолдог газрын тосны бүтээгдэхүүний арав гаруй хувь нь онцгой албан тавар төлдөггүй газрын тосны завсрын болон нэмэлт бүтээгдэхүүн байгаа юм.
Гэтэл керосиныг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт”, “Эрдмин” ХХК-д зэс уусган баяжуулах үйл ажиллагаанд бага хэмжээгээр ашигладаг. Харин бусад нефть-химийн бүтээгдэхүүнийг тухайн зориулалтаар ашиглаж байгаа мэдээ алга.
Өөрөөр хэлбэл, эдгээр нефть-химийн бүтээгдэхүүний импорт бодит хэрэгцээнээс хэдэн арав дахин илүү байгаа нь Онцгой албан татваргүй тухайн бүтээгдэхүүнийг хольж, найруулах замаар чанарын шаардлага хангахгүй шатахуун гарган авч зах зээлд нийлүүлж байна гэсэн үг.
Тиймээс онцгой албан татвар бага тогтоосон болон олон жил шатахууны үнийг хүчээр барих гэж оролдсоны сөрөг үр дагавар нь “хуурамч шатахуун” болсон гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.
Үнэнийг хэлэхэд одоогоос жил гаруйн өмнө хуурамч шатахуунтай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, төрийн түшээд ч хүчтэй ярьж байлаа.
Эхлээд “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр олон нийтэд хандаж “...Керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болдог. Өдөртөө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүд боомтоор орж ирж байна. Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх бас нэг шалтгаан бол Гаалийн болон Онцгой албан татварын хөнгөлөлт. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “нэрэх” нь ашиг орлоготой бизнес болчихсон” гэж мэдэгдсэн.
Улмаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2018 оны аравдугаар сард чуулганы намрын нэгдсэн хуралдааны үеэр “...УИХ-ын гишүүдэд танин мэдэхүйн зүйл хэлье гэж бодлоо. Хуурамч шатахууны асуудал яриад байгаа юм. Хуурамч шатахуунд керосин ордог. Авиакеросинийг нисэхийн салбарт хэрэглэдэг. Гэтэл түүнийгээ оруулж ирэхгүйгээр керосинийг маш ихээр оруулж ирэн дизелийн түлшинд хольж байгаа. 10 тонн тутамд хоёр тн керосин хийдэг. Түүнийгээ том торхонд найруулдаг. Торхныхоо доод хэсэгт хуйлруулагч байршуулчихсан байдаг. Яахав энэ нь бензиний чанарыг сайжруулж байгаа юм. Хоёр жил унахад л “Приус” чинь явахаа больж, жагсаалаас гарна гэсэн үг. “Портер” машины аппаратур ч мөн адил маш хурдан эвдэрнэ. Автобуснууд маш их утаа гаргадаг. Аппаратур нь муудчихсан учраас тэр. Хэдий дизель түлшний шаталт нь ихсэж байгаа боловч аппаратур нь муудчихсан учраас утаа гаргаад байгаа юм. Эдийн засгийн хувьд иргэнд очиж байгаа хохирол нь маш их хортой. Дээрээс нь Монгол Улсад татварын байдлаараа маш хортой үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой компаниудын нэрээр керосин оруулдаг. Нийтдээ 12 мянган тн-ыг оруулж ирдэг. Түрүүний жишгээр бодоход 7.7 тэрбум төгрөгийн луйвар хийж байгаа. Тэгэхээр нэг санал байна. Керосин дээр татвар тогтоо. Аль эсвэл нисэхийн компаниудын хэрэглэдэг тестээр нь л квот өг. Бусдыг нь татвартай оруулж ир. Тэгэхгүй бол жилд 120 мянган тн керосин Монголд орж ирж байна. Энэ хэрээр монголчуудад маш их хохирол учирч байгаа. Тодорхой санал гаргалаа шүү. Үүнд хууль хяналтын байгууллагууд нь анхаарч, хөөцөлдөөрэй. Гадаадын хоёрхон трэйдинг компани ингэж 54-55 тэрбум төгрөг луйвардаад явж байна шүү” гэсэн юм.
Эрхэм гишүүн дараахан нь энэ талаараа хэвлэлд ярихдаа “...Ер нь зориулалтын авиакеросиноо татваргүй оруулж ирдэг байж болно. Хэрэглэдэг авиа компаниуддаа квот өгчихдөг байх хэрэгтэй. Түүнийхээ дагуу хяналтаа тавьчихаж болно. Бусад зах замбараагүй орж ирж байгаа керосиноо хязгаарлах ёстой. Онцгой албан татвар тавьчихад л хуурамч бензин чинь алга болчихно” гэсэн байдаг.
Үүний дараахан Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр АМГТГ-ын дарга Б.Хэрлэн “...Дотоодод хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа, эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Шалгалтаар дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холих замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” хэмээн дээрх мэдээллийг баталсан байдаг.
Мөн тус яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат 2018 оны есдүгээр сард “... УУХҮЯ-наас Газрын тосны завсрын болон бэлэн бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах хэрэгтэй учраас өнгөрсөн оны аравхоёрдугаар сард Сангийн яам руу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хүргүүлсэн. Тухайлбал, керосин, нафта, завсрын бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах санал гаргасан. Монгол Улсын МNS:2017 216 217 гэсэн стандартаар импортын автобензин, дизелийн түлшинд ямар нэг нэмэлт бодис хольж борлуулах нь хориотой. АМГТГ-т ажлын хэсэг ажиллаж байна. Одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй. Манай явуулсан саналыг Сангийн яамнаас Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж батлуулбал хуурамч шатахууны асуудал цэгцэрнэ” хэмээн мэдэгдэж байлаа.
Дараа нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа яг жилийн өмнө хуурамч шатахууны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж байв. Түүндээ “... Онцгой албан татвар нэмэгдсэн үеэс буюу 2016 оноос эхлэн онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн. Иймд шатахууны Онцгой албан татварыг чанар стандарттай уялдуулан тогтоох, чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлш үйлдвэрлэх зориулалтаар импортолж буй үндсэн / онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүнд/ онцгой албан татвар ногдуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна. Онцгой албан татварын хэмжээг газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, импортолж буй боомттой уялдуулан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг 2018 оны аравдугаар сарын 18-ны 18/03-1 тогтоолоор холбогдох сайд нарт даалгасан” талаар дурдсан байдаг.
Эдгээрээс харвал хуурамч хэмээх шатахууны асуудал нь бизнес болчихсон. Энэ нь төрийн чихэнд ч хүрчээ. Тиймээс керосин зэрэг нефть-химийн бүтээгдэхүүнд Онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг АМГТГ, УУХҮЯ, Сангийн яам, Засгийн газрын түвшинд боловсруулан бэлэн болгосон байна. Нэр бүхий гишүүд ч анхаарал тавьж байжээ. Гэвч энэ хууль нь УИХ-д өргөн баригдалгүй нам дарагдсан байх юм. Гишүүд ч хуурамч шатахууны талаар, керосин зэргийг онцгой татвартай болгох тухай дахин нэг их хөндөж ярихгүй болжээ.
Харин 2019 оны тавдугаар сарын 24-нд УИХ-аар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журамд “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум / далан гурван тэрбум найман зуун сая/ төгрөгийг тус нийгэмлэгийн илүү төлсөн татвараар тооцож бүртгэнэ” гэж баталжээ.
Үүнээс өөрөөр нефтийн бүтээгдэхүүн хийгээд онцгой татвартай холбоотой асуудлыг төр хөндсөнгүй байна.
Харин Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл нь өнгөрсөн оны сүүлчээс “..Керосиныг онцгой татвартай болгоё” гэдэг уриалга гаргаад байгаа юм.
Энэ нь эргэлзээ дагуулсан хуурамч шатахуун хэмээх ойлголтод цэг тавих, эдийн засагт ч тодорхой хэмжээгээр нэмэр болох зэрэг онцгой ач холбогдолтой билээ. Тиймээс энэ удаад “... Керосин дагасан сүйрлийг онцгой татвараар зогсооно” хэмээн эрхэм гишүүдийн анхааралд хүргэж байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭНСУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ