Эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж буй хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр үдэш албадан саатууллаа. Саатуулах саналыг шүүх, прокурорын байгууллага зөвшөөрсөн гэх мэдээллийг ч албаны эх сурвалжууд хэлсэн юм.
Батлан хамгаалахын дэд сайд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх зэрэг албан тушаал хашиж байгаад Элчин сайдаар томилогдсон түүнийг визийн хураамжийн төлбөрийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдаж аван мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээс шалгаж эхэлсэн билээ. Улмаар Элчин сайд нарын уулзалтад эх орондоо ирмэгц хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт холбогдсон Элчин сайд А.Баттөрийн үйлдлийг АТГ-ынхан гүйцэтгэх ажлын явцад илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулахыг оролдсон учраас саатуулсан гэж зарим эх сурвалж тайлбарлаж байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа