Хуучнаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд 2014 онд хэлэлцсэн 201301000....дугаартай нэгэн хэргийн талаар уншлаа. Хэргийн эзэн Д хулгай хийж, будсыг дээрэмдэж, хүнийг амьдаар нь шатаахыг завдсан хэрэгт холбогдсон юм. Яагаад ч юм түүнийг өрөвдлөө. Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийн “Хүүхэд бурууг бусдаас л сурдаг. Хүүхэд болохгүй үйлдэл хийсэн бол үүнд томчууд буруутай. Ийм байхад хүүхдийг шийтгэх нь байж болохгүй зүйл. Ээж, аав нь үр хүүхдээ гэх сэтгэл, удам угсаагаа эрхэмлэх нандин харилцаа алга” гэж хэлсэн нь санаанд буув. Ирээдүй рүүгээ чи гар буугаар буудвал эргүүлээд чам руу их буугаар буудна гэдэг. Д хэн гэж хүний үр болж төрөөд, ямар зовлон үзээд ийм хатуу сэтгэлтэй болов. Уг хэргийг үйлдэхэд түүнд юу нөлөөлсөн юм бол. Шүүгчдэгчийн биеийн байцаалт хэсэгт “Монгол Улсын иргэн, боловсролгүй, оршин суух тодорхой хаяггүй, гавьяа шагналгүй. Урьд нь 2012 оны долдугаар сарын 16-нд ..... дүүргийн шүүхийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг бүлэглэж үйлдээд нэг жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулсан” гэж бичжээ. Эндээс харахад орон гэргүй, харж хандах, хэлж ярих хүнгүй болоод л энэ хүүхэд гэмт хэрэгт холбогджээ гэж болохоор. Ямартай ч эл хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар гурван удаа хэлэлцжээ.
...Д архи уусан үедээ агсам, тавьтаргүй болдог аж. Иймээс өөрөөсөө насаар бага хүүхдүүдийг дээрэлхэж “Ална, хөнөөнө, шатаана” хэмээн овлигогүйтдэг. Энэ зангаасаа болж, М-ээс шанаа авч байсан гэнэ. Ингээд л өмөөрсөн болон өмөөрүүлсэн хоёрыг унтаж байхад нь танканд орж сэм галдсан байна...
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Д нь 2012 оны арванхоёрдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг, “Драгон” төвийн зүүн талд байрлах дулааны худагт Г, М нарыг унтаж байхад хувцсанд нь асаагуураар гал тавьж, шатаахыг завдсан байна. Үүний улмаас Г аюулгүй өнгөрсөн ч М-ийн нүүр, баруун, зүүн чих, хүзүү, цээж, нуруу, зүүн гараас авхуулаад биеийнх нь ихэнх хэсэг түлэгджээ. Хохирогч М шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлэгтээ “2012 оны арванхоёрдугаар сарын 9-нд Г, Ш, Д нартай хамт “Драгон”-ы хойд талын 22Б байрны орцонд 0.75 литр, хоёр шил архи хувааж уусан. Би согтсон учраас гэртээ (дулааны худаг буюу танк) хэрхэн ирснээ санахгүй байна. Нэг мэдэхэд хацар, нүүр халуу дүүгээд сэрэхэд амьдаараа шатаж байв. Орилоод л нүхнээс гарахаар дээш мацсан. Гэтэл өөдөөс салхилаад бүр их гал нүүр лүү дүрэлзсэн. Цасан дээр унаснаа санаж байна. Нэг мэдсэн яаралтай тусламжийн машин дотор сэрсэн. Хажууд Г сууж явсан. Тэрбээр надад “Д биднийг шатаасан” гэж хэлсэн. Би буцаад л муужирчихсан” хэмээжээ. Ар гэрийнхэн байдаг, эсэх нь тодорхойгүй, орон гэргүй, бичиг баримтгүй түүнийг үхлийн аюулаас эмнэлгийнхэн л аварчээ. Эрчимт эмчилгээ хийлгэн олон сар эмнэлгийн ор “сахисан” ч М-ийн хүзүү хөшсөн чигтээ үлдэж, их биеэрээ эргэхээс нааш ардах зүйлээ харж чадахгүй болсон гэнэ.
Д яагаад бусдыг амьдаар нь шатаах болов. Асран хамгаалах хүнгүй Д “Хархорин” худалдааны төв орчмоор тэнүүчлэн амиа зогоодог. Үе үе М, Г, Ш нарын хоноглодог танканд очдог. Бас хамт архиддаг байсан гэнэ. Д архи уусан үедээ агсам, тавьтаргүй болдог аж. Иймээс өөрөөсөө насаар бага хүүхдүүдийг дээрэлхэж “Ална, хөнөөнө, шатаана” хэмээн овлигогүйтдэг. Энэ зангаасаа болж, М-ээс шанаа авч байсан гэнэ. Ингээд л өмөөрсөн болон өмөөрүүлсэн хоёрыг унтаж байхад нь танканд орж сэм галдсан байна. Г шүүхэд гомдол гаргаагүй. Гэхдээ тэрбээр мэдүүлэгтээ юу гэснийг сийрүүлье.
Тэрбээр 2012 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн нэгэн танканд амьдарч буй. Хэрэг гардаг өдөр тэд орой болтол архиджээ. Гэртээ очиж унтацгаахаар явахад нь Д дагасан байна. Улмаар М, Г нарыг унтахаар хэвтэнгүүт нь галдахаар завдахад нь Ш хоригложээ. Ингээд бүгд унтсан гэнэ. Гэтэл Г-гийн хөлийн доод хэсэгт халуунаар төөнөх нь мэдрэгдэж сэржээ. Улмаар өмднийх нь шуумаг шатаж, галын дөлд Д-гийн үзэн ядсан харц сүүмэлзэж байжээ. Г хашхиран босож, амьдаараа шатаж буй М-г алгадан сэрээсэн аж. Улмаар танканд унтаж байсан Ш, Б нар ч сэрж, түргэн тусламж, цагдаагийнхныг дуудсан байна.
Үүнээс гадна Д өмнө нь Т, Э нартай бүлэглэн бусдыг дээрэмдэж байжээ. Тодруулбал, 2012 оны аравдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 83 дугаар гудамжинд иргэн Х, О нарын хэтэвч, “Samsung”, “Nokia” гар утас, хувцсыг нь “мулталжээ”. Ингэхдээ “Та хоёрыг энд шатаагаад, булаад хаячихна шүү. Хэн ч мэдэхгүй. Гуя руу нь нэг дүрчих үү” хэмээн заналхийлсэн гэх. Үүнээс гадна дахин өөр хүнийг ч дээрэмдсэн байна.
Шүүхээс түүнд цөөнгүй жил хорих ял оноосон байна. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар насанд хүрэгчдийн хорих ангид арай шилжилгүй, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас хугацаанаасаа өмнө 2015 онд суллагджээ. Гэвч засарсан нь үгүй. 2017 онд дахин гэмт хэрэгт холбогдож, торгох ял шийтгүүлсэн байна. Ийнхүү зарим хариуцлагагүй эцэг, эх, хайр энэрэлгүй хүмүүсийн гороор Д бага насандаа гудамжаар тэнүүлчилж, насанд хүрээгүй байхдаа “аавын хаалга” татсан байна. Өдгөө түүнийг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэж бодохоос ч аймшигтай.