Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлсэн этгээдүүдэд оноосон долоон жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэсэн хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 7 жил хорих ял, Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих ял, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, 2 жил 5 сар хорих ял тус тус шийтгэсэн юм.
Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн байна.