Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн харьяат иргэн Н “Ховор амьтан”-ы жагсаалтад орсон тул загас гурван ширхэг, халиун бугын эд эрхтэн болох чив таван ширхгийг тээвэрлэж явсныг Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
Тул загас болон бугын чивийг хураан авч Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар өгсөн байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 24.5-ийн 1 дэх хэсэгт “... ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Ховор, нэн ховор амьтдын тоо толгой сүүлийн арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байгааг анхаарууштай.
Эх сурвалж: ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс