Цас, мөсөн урлалаар дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Харбины наадам үргэлжилж байна. 36 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадам нь дэлхийн олон орны жуулчдад “мөсөн хот”-оор аялах боломж олгодог юм. Өнөө жилийн наадамд Монгол, БНХАУ, ОХУ, Канад, Казахстан, Энэтхэг, Итали, Якутын 15 баг өрсөлдөж буй. Наадмын үеэр баярын жагсаал, гар урлалын уралдаан, цэцэрлэгт хүрээлэнгүүд дэх мөсөн дэнлүүний үзэсгэлэн, цана, чарганы тэмцээн, нуур, голууд дахь загасчлал, кино өдөрлөг, гар болон гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, ардын дуу, бүжгийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Харбины наадамд манай улсын баг жил бүр амжилттай оролцдог. Өнөө жил ч Монголын багийг уран сийлбэрч Д.Цэрэнбат ахлан оролцож буй бөгөөд өмнөх жилүүдийн амжилтаа бататган дэд болон гуравдугаар байрт шалгарсан байна. Тэд Харбиныг зорихоосоо өмнө Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхоныг байгуулсан юм. Ташрамд сонирхуулахад, дэлхийн хамгийн нэр хүндтэй цас, мөсөн урлалын наадмыг АНУ-ын Аляска, удаахыг нь Канадын Оттавад зохион байгуулдаг. Харбины наадмыг 1963 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Хятадын соёлын хувьсгалын үеэр хэдэн жил завсарласан ч 1985 оноос дахин үргэлжлүүлжээ.
Бэлтгэсэн: А.Тайшир