Баярын болон амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад (12.31-01.01-нд) иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн 2447, зам тээврийн ослын 512 дуудлага иржээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр 3220 хэрэг бүртгэгдсэн. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн баярын өдрүүдэд хэрэг, зөрчил 24 хувиар буурлаа. Мөн осгож нас барсан тохиолдол нэг, дээрмийн хоёр, хулгайн 28 хэрэг гарсан” гэв. Түүнчлэн өнгөрсөн баярын өдрөөр 668 хүн Эрүүлжүүлэх байранд хоносноос 34 нь эмэгтэй байж. Баярын өдөр 19 настай залуу хүүхдэд хутга тулган дээрэмдсэнийг өдөрт нь илрүүлсэн гэнэ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, дээрх өдрүүдэд зам тээврийн 433 осол гарчээ. Үүний улмаас нэг хүн нас барж, таван хүн гэмтэв. Согтуурсан үедээ автомашин жолоодсон 60 хүнээс гурав нь осол гаргасан аж.