УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албанаас “Кью Эс Си” ХХК-иас 187 тэрбум төгрөг нэхэмжилж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хоёр дахь удаагаа хандлаа. Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сард уг нэхэмжлэлийг хэлэлцэн, УЕПГ нь учруулсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзжээ. Харин УЕПГ-аас Прокурорын тухай хуулийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасныг үндэслэн, өнгөрсөн долоо хоногт дахин нэхэмжлэл гаргасан байна. “Кью Эс Си” ХХК нь Дархан-Уул аймагт уул уурхайн металлургийн цогцолбор барих нэрийдлээр Хөгжлийн банкнаас 71.2 сая ам.долларын зээл авсан. Үүнээс хойш таван жил өнгөрсөн ч тус компанийнхан зээлийн хүү битгий хэл, үндсэн мөнгөө төлөлгүй өнөөдрийг хүрчээ. “Кью Эс Си” ХХК болон Хөгжлийн банкны хооронд “Үндсэн зээл дээр 5.7 сая ам.долларын хүү нэмж, 112.6 сая ам.долларын өртөгтэй байгууламж хүлээлгэн өгнө” гэх гэрээ байдаг аж. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 34.4 км төмөр замыг барьж, мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэдэг. Улмаар төмөр замыг ч улсад хүлээлгэж өгөөгүй байна.