Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Спортын төв ордны аркны ойролцоо 30 орчим насны залуу бусдад хорлогдон нас барсан хэрэг одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 оны наймдугаар сард гарсныг хууль сахиулах байгууллагынхан хамтран илрүүлсэн юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2018 оны арваннэгдүгээр сард эзэн холбогдогч нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн хэргүүдээ сэргээн хянах явцдаа дээрх хэрэгт зарим гэрчээс мэдүүлэг аваагүй байсныг тогтоож, дутуу ажиллагааг гүйцээх даалгавар мөрдөгчид өгч шалгуулсан аж.
Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд урьд нь гурван удаа ял шийтгүүлсэн С.О гэх эр уг хэргийг үйлдсэн болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхэд С.О-д холбогдох хэргийг хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүний аль бүрэлгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.