Түүхийн хосгүй үнэт, дурсгал, Төмөр зэвсгийн түрүү үед хамаарах хүрэл тогоонуудыг бусдад худалдах гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн, үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Манай улсын иргэн Б өнгөрсөн сарын 25-нд соёлын биет өвийг ийнхүү борлуулахаар явж байсан бөгөөд эл зүйлийг цааш нь эртний эдлэлийн наймаачид дамлан хууль бусаар хилээр гарган, худалдахаас ийнхүү сэргийлж чадсан байна. Уг тогоонуудыг орон нутгийн нэг айлын хүмүүс гэрийнхээ ойролцоох голын эргээс олж, танилууддаа хэлсэн нь ийм байдлаар эртний эдлэлийн хууль бус наймаачдын гарт орсон байж болзошгүй аж. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эх сурвалжуудын мэдээлснээр болон тэндээс томилогдсон шинжээчдийн дүгнэснээр эртний биет өв болох хүрэл тогоо бүтнээрээ олдож байсан тохиолдол өмнө нь байгаагүй бөгөөд дээрх олдвор нь Төмөр зэвсгийн түрүү үеийн судалгаанд нэн чухал ач холбогдолтой хэмээн дүгнэжээ.
Иргэн Б-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжтэй байгаа бөгөөд хэрэв мөрдөн байцаалт, шүүхээс гэм буруутай гэж үзвэл “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан” гэх үндэслэлээр 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан билээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон