Дэлхийн дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын V уралдаан нийслэлд эхэлсэн. Эхний шатны сонсгол хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд үүнд нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийт 66 дуучин оролцов.
Улсын филармонийн концертын танхимд болсон эхний шатны шалгаруулалтын явцыг ажигласан мэргэжилтнүүдтэй уулзаж, сэтгэгдэл сонсоход дуурийн дуучин залуус жигд “хурдалж” байна гэлээ. Яах гэж уралдаанд орж байгаа юм бол гэж бодохоор дуучин үгүй. Харин цойлсон сайн биш ч, анхаарал татам өнгөтэй, хүчтэй, сопрано хоолойт дуучин хоёр, гурвыг сонслоо хэмээв. Санал солилцсон хүмүүс цэнхэр даашинзтай бүсгүй маш сайн байна, нэрийг нь хэлж мэдэхгүй гэсэн нь өвөрмонгол дуучин, СУИС-ийг дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяагийн удирдлагад бакалавраар төгсөөд эдүгээ магистрантурт суралцаж буй О.Урьхан ажээ. ДБЭТ-ын гоцлол дуучин, баритон Э.Отгонбат, мөн тус театрын уугуул, уг уралдаанд БНСУ-аас ирж оролцож буй дуурийн гоцлооч, тенор Б.Батжаргал нар дээгүүр “орж ирэх” магадлалтай хэмээх ажиглагч ч байв. Үзэгчдийн дунд байсан дуурийн гоцлооч, Консерваторын багш, Гавьяат жүжигчин, Ц.Пүрэвдоржийн нэрэмжит I, II уралдааны хоёрдугаар байрын шагналт Х.Үнэнхүүтэй уулзлаа. Түүнээс уралдаанд оролцож байсан үеийн дурсамж сонсож, одоогийн өрсөлдөгчдийн чансаа хэр байгаа талаар мэдээлэл авсан юм. Тэрбээр “Залуус бүгд бяртай байна. Бяртай бөгөөд бядтай байж, ухаанаар дуулах юм бол гараад ирнэ. Гэхдээ уралдаан л бол уралдаан. Нэг, хоёрдугаар шатанд сайн байсан хэрнээ төгсгөлийн шатны сонсголоор “үсэрчих” тал бас бий. Дуучны сэтгэл зүйтэй холбоотой. Тийм болохоор өнөөдөр сайн дуулж байгаа бол төгсгөлийн шийдвэрлэх шатанд тунах байх гэж бодох хэрэггүй. Би шавь нараа сонсож, бас дэмжиж явна. Сургуулиа төгссөн тав, одоо сурч буй хоёр шавь маань энэ уралдаанд оролцож байгаа” гэсэн юм.
Уг уралдааныг санаачлагч Монголын урлагийн ажилтны холбооны төлөөлөл “Уралдаанд орон нутгаас дуучид олноор ирж оролцсонд баяртай байна. Баян-Өлгийгөөс хүртэл хол зам туулан байж ирсэн нь уралдаан нэр хүндтэй, бас хүлээлттэй байгаагийн шинж юм” хэмээн ярилаа.
Ари, романс дуулаачдын олон улсын V уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд хойд хөршийн алдарт дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Галина Шойдогбаева, Урлагийн ажилтны холбооны хүндэт ерөнхийлөгч, дуурийн гоцлооч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, тус холбооны дуурийн нийгэмлэгийн тэргүүн, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, тус театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, удирдаач, Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх нар ажиллаж байна. Ерөнхий шүүгч нь Б.Эрдэнэтуяа. Уралдаан энэ сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд шагналтнуудын нэгдсэн тоглолт 24-ний үдэш ДБЭТ-т болно. Уралдааны гран при шагналтанд тав, тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй дуучин тус бүрт гурван сая төгрөг олгох аж. Шагналын санг БСШУСЯ хариуцаж байгаа бол үйл ажиллагааны бүхий л зардлыг Урлагийн ажилтны холбоо болон “Пүрэвдорж сан” хамтран дааж буй юм байна.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж нь ДБЭТ байгуулагдсан цагаас хойш урын сан дахь дууриудынх нь басс хоолойтны бүхий л дүрд гоцлон дуулж ирсэн гавьяатан юм. Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шүүгчээр 10 гаруй жил ажилласан, олон улсад танигдсан монгол дуучин билээ.