“Амьд организмын удамшлын мэдээлэл агуулсан молекулыг ген гэнэ” хэмээн “Википедиа”-д тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, ген нь организмын эсүүдийг тэтгэх ба үүсгэх мэдээлэл агуулдаг, үржлийн явцад эцэг, эхийн шинж тэмдгүүдийг үр удамд нь дамжуулах үүрэгтэй юм байна. Сүүлийн үед төрөл бүрийн хавдар, эмгэг, гажгийн шалтгааныг эрдэмтэд гентэй холбон тайлбарлаж буй. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн багш, дэд профессор, генетикч Ж.Хулантай энэ талаар ярилцлаа.
-Дэлхий дахинд шинжлэх ухааны салбарын судалгааны тэргүүлэх чиглэл нь генетикийнх боллоо. Учир шалтгааныг нь тайлбарлахгүй юу?
-Хүн ба амьд организм нь биохими юм. Энэ нь генээр зохицуулагддаг буюу уураг нийлэгжих үйл явцыг хэлж буй хэрэг. Саяхныг хүртэл хүн төрөлхтөн өөрсдийгөө бүрэн судлаагүйгээс янз бүрийн өвчин, эмгэгийн учрыг олдоггүй байлаа. Тухайлбал, хавдар, вирус зэргийг нэрлэж болно. Вирус дангаараа амьдрах чадваргүй, хүний эс дэх генийн бүтээгдэхүүн (уураг) дээр л үрждэг. Тиймээс айхавтар өвчнүүдийг эмчлэх, эрүүл хүүхэд төрүүлэх, насаа уртасгах, амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд генетикээ судлах шаардлагатай. Бүх шинжлэх ухаан хүн төвтэй байдаг. Тэр ч утгаараа XXI зууныг “Биологийн эрин” гэж нэрийдээд буй. Түүн дотор ген, биохими, уураг, генетикийн судалгаануудыг түлхүү хийж байна.
Дэлхий нийтэд өдгөө шинжлэх ухааны салбарууд нэгдэх болжээ. Нэг асуудлыг шийдэхэд ганц физикч бус, химич, молекул биологич, ч зэрэг тухайн салбарын судлаачид хамтран ажиллаж, эцсийн үр дүнг гаргаж байна. Тухайлбал, Оросын физикчид эмч нартаа хавдрын мэс заслын үед хортой эсүүдийг шүршихэд гэрэлтдэг технологи нэвтрүүлж өглөө. Энэ нь хавдрын эс бүрийг үлдээлгүй авах боломж олгосон. Гэтэл манай анагаахын шинжлэх ухаанд заавал химич, хүрээлэнгийнх нь хэдэн судлаач л ажилладаг. Өөр салбарынхан ч ялгаагүй, мухрын нэг өрөөнд нуруугаа харуулаад сууцгаадаг. Тиймээс бүх шинжлэх ухааныг анагаахын салбарт суурилж, хөгжүүлбэл үр дүнтэй.
-Шинжлэх ухааны бүтээлүүдийг амьдралд хэрэгжүүлэх талд манайхан учир дутагдалтай. Тухайлбал, ургийн гажиг, хавдар зэргийг эмчлэхэд генийн түвшний судалгаа, шинжилгээг ашигладаг уу?
-Таван жилийн өмнө залуу эмч нар генетикийн судалгааг анагаахын шинжлэх ухаанд нэвтрүүлэх төсөл санаачлаад, бүгд хасагдсан. Оронд нь “Давснаас болж даралт ихэсдэг” ч бил үү, тиймэрхүү төслүүдийг манайхан түлхүү хэрэгжүүлдэг. Генетик, молекул биологийн түвшинд судалгаа хийдэг хүмүүсээ улс бодлогоор дэмжих цаг болсон. Учир нь орчин үеийн анагаах ухаанд генетик, биохимийн түвшний эмчилгээ, оношилгоо түлхүү хийж байна. Манайхан ч гэсэн энэ салбарт ул үндэстэй хандъя гэвэл анагаахын сургуулиуд оюутнуудад генетикийн шинжлэх ухааны талаарх ойлголтыг заахаас эхэлнэ.
Бие махбодод гарч буй бодисын солилцооны өөрлөлтийг манай эмч нар, ялангуяа мэс засалчид сайн мэднэ. Гэхдээ вирусийн, ханиад, томуу дэгдэхэд нэг л учраа олохгүй байх шиг. Жишээлбэл, томууны вирусээс хэрхэн хамгаалахыг эмч нараас асуухад олонх нь дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. Ачир дээрээ ингэснээр ханиад, томуунаас сэргийлдэггүй. Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу “хийх” вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генээр кодлогддог. Өөрөөр хэлбэл, “нүдгүй” хүний харааг сайжруулж болдоггүйтэй адил өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай. Ингэснээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа үүсвэл тухайн хүн хоёр жил л амьдарна. Дархлаагаар хамаагүй тоглодоггүй нь үүнтэй холбоотой. Тиймээс дархлааны эмүүдийг хүнд өвчний үед л хэрэглэдэг. Ханиад, томуу дэгдсэн үед аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх нь зөв. Гэхдээ аньс, чацаргана, зуун наст, цагаан гаа зэргийг хэрэглэхэд ч учир бий. Зуун наст дархлаа дэмждэг ч ходоод цочроодог тул шулуун гэдэсний шархтай хүн тохируулж хэрэглэхгүй бол өвчнөө сэдрээж, цус алдах эрсдэлтэй. Элэг муутай хүн цагаа гаа идэх хориотой гэхчлэн хэн юуг, хэзээ, яаж хэрэглэхээс шалтгаална.
-“Эмнэлгүүд тухайн хүнд эм бичиж өгөхдөө генийн шинжилгээ хийх хэрэгтэй” гэж та ярьдаг. Ямар учраас тэр вэ?
-Бүх тохиолдолд тэгэх шаардлагагүй. Бактерийн эсрэг антибиотикууд уух бол мэдрэг чанарыг тодорхойлж, үйлчлэх чадвартайг нь сонгосноор хугацаа, хөрөнгө хэмнэх боломжтой. Харин бодисын солилцооны өвчинд уудаг эмийн тухайд генетекийн шинжилгээ хийдэг болсон. Жишээ нь, цусан дахь өөх тосны агууламж өндөртэй хүнд үүний эсрэг эм өгөөд ч үйлчлэхгүй байх тохиолдол бий. Тиймээс шинжилгээ хийх шаардлагатай гэж үздэг.
-Хүний ген давтагдашгүй гэдэг. Тиймдээ ч эрдэмтэн, судлаачид аливаа гажиг өвчин, хавдрын шалтгаан, үүссэн нөхцөлийг генийн өөрлөлттэй холбон тайлбарладаг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ чиглэлийн судалгааг олон улсад өргөн хүрээнд хийдэг. Хүн 150 сая нуклелотид (нуклэйн хүчил буюу биомолекул)-тэй. Үүнээс нэг ширхэг нь л өөрчлөгдөхөд өвчин болдог. Гэхдээ ийм тохиолдолд тухайн хүний бие махбодоос шалтгаалж, гаднын хүчин зүйлд өртөлгүй энгийн амьдрах нь бий. Өөрөөр хэлбэл, өөрчлөгдсөн нэг ширхэг нуклэйн хүчил гаднын сөрөг хүчин зүйлээр өдөөгдөхөд өвчин сэдэрдэг байх нь. Тэгэхээр хавдар, гажиг өвчнийг эмчлэхийн тулд уургийн молекулууд байгальд хэрхэн нийлэгждэгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Жишээ нь, эхийн эрүүл мэнд, хор гадагшлуулдаг ген нь ажиллаж байгаа, вирусийн халдвар авсан, үгүйгээс ургийн гажиг үүсэх, эсэх нь хамаарна. Хэрвээ эх хорт бодисоо гадагшлуулж чадахгүй хэрнээ эрүүл бус хооллодог бол ураг гажигтай төрөх
магадлал өндөр. Хор гадагшлуулдаг ген нь гэмтсэн ч өөрт тохирсон, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гажиг үүсэхгүй байж болно. Ген болгон өөр өөр үүрэгтэй тул үүнийг “базаж” хэлэх боломжгүй. Нийслэлчүүд олон жил хорт утаагаар амьсгалсан. Бүгд үхээд, эсвэл хавдартай болчихоогүй. Эрүүл хүүхэд ч төрж л байна. Энэ нь бидний бие махбод хороо гадагшлуулж чадаж байгаагийн илрэл. Хор гадагшлуулдаг хэд хэдэн ген бий. Энэ нь мутацад орж, ажиллагаагүй болсон үед хавдар үүсдэг.
Гэтэл энэ зохилдлогоог мэддэггүй зарим эмч, сүлжээний бизнес эрхлэгч “Агаарын бохирдолтой үед жирэмсэн эхчүүд антиоксидант заавал уух ёстой” гэж сурталчилдаг. Гэтэл антиоксидант нь харин ч ургийн гажиг үүсгэдгийг хүмүүс мэддэггүй. Ураг хөгжлийнхөө явцад сүүл, загалмайтай байдаг. Томрох тусам эдгээр нь үхжиж, үгүй болно. Антиоксидант их хэрэглэх нь ургийн хөгжлийн энэхүү үйл явцыг хааж, гажиг үүсгэдэг гэсэн үг. Нөгөө талаар антиоксидант хавдраас урьдчилан сэргийлж, биеийг хоргүйжүүлнэ гэж эмч нар хэлдэг. Их хэмжээгээр хэрэглэвэл бас л хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг судалж тогтоожээ. Харин хүн өвчин туссан үед биед нь хортой бодис буюу чөлөөт радикал үүсдэг. Зөвхөн энэ тохиолдолд л антиоксидант “ажилтай” болж, хорыг биеэс гадагшлуулна.
-Антиоксидант гэж ярьсных, монголчууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон аминдэмийн хэрэглээ өндөртэй. Хоол, хүнсээрээ нөхөж чадахгүй аминдэмийг нэмэлтээр уух нь зөв үү?
-В-гийн төрлийн аминдэмийн нэг нь бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байхад нөгөө нь дарангуйлдаг. Энэ нь хүний бодисын солилцоог эвдэх нэг эрсдэл болдог гэсэн үг. Даавар шиг үйлчилгээтэй ганц аминдэм байдаг нь D. Тун нь ихэдвэл дотор эрхтэн рүү кальцийг зөөвөрлөж, чулуужиж, шохойжно. Байгалиасаа бид аминдэмийг жимс, хүнсний ногоо, хоолоор дамжуулан өдөрт маш бага хэмжээтэйгээр авдаг. Нэг дор их хэмжээгээр ууж, хэрэглэх нь биед хортой. Тиймээс аминдэмийн дутагдалд орсон, эсэхээ шинжлүүлж, эмчийн хяналтад хэрэглэх нь аюулгүй. Барууны орнуудад ходоодны ашигтай бактерийг хэвийн хэмжээнд, тогтмол барьдаг жишигтэй. Аминдэмийг нийлэгжүүлдэг гол хүчин зүйл нь учраас. Хүний гэдсэнд эрүүл болон өвчин үүсгэгч бактери байдаг. Эрүүлийнх нь тоо цөөрөхөөр хортой бодис нийлэгжүүлнэ. Энэ нь организмыг хордуулж, улмаар элэг, ходоодны хавдар үүсгэдгийг япон эрдэмтэд нотолчихсон. Тэгэхээр ашигтай бактериа хэвийн хэмжээнд барих нь олон өвчнөөс хамгаалдаг. Үйлдвэрийн таргийг өдөрт 50-100 гр-ыг тогтмол хэрэглэснээр ашигтай бактери хэвийн оршдог. Өдөр бүр багахан хэмжээний тараг ууж хэвшсэнээр аливаа өвчнөөс 70 хувь хүртэл сэргийлж болох нь. Энгийн мөртлөө хямд төсөр аргаар эрүүл амьдрах боломжийг хайх хэрэгтэй. Түүнчлэн С аминдэмийг бие махбод нийлэгжүүлдэггүй учраас цэвэр жүржийн шүүс өдөрт 50-100 гр-ыг ууж хэвш. Жүрж нь транс тос, чихэр задлах давхар үйлчилгээтэй.
-Монголчууд нэг үеэ бодвол эрүүл мэнд, хооллолтдоо анхаардаг болжээ. Гэхдээ зарим талаараа хэт туйлшрах юм. Тухайлбал, олон нийтийн дунд мацаг барих талаар зөрүүтэй ойлголт бий. Хоолны дэглэмийг хэрхэн зөв, барих вэ?
-Мацгийг эмчийн хяналтад л барьдаг. Тэгэхдээ бүр дотор гэдсээ бүрэн цэвэрлэсэн үед хийх боломжтой. Үгүй бол организм доторх хортой бодисоо шимж эхэлдэг. Зарим нь мацаг барина гээд бургуй тавьж, өтгөнөө гадагшлуулах нь бий. Энэ бол маш буруу. Нөгөө ашигтай бактериудаа устгах аюултай. Ер нь хоол сойсноор өвчин, хууч сэдрэх эрсдэлтэй. Би хувьдаа мацаг барихыг “хатуу тоглоом” гэж үздэг. Миний элэнц эмээ 114 насалсан. Хүүхэд байхын л “Өнөөдөр шинийн 15. Мацаг барина аа” гэдэг байв. Гэхдээ эмээ мацаг барихдаа хэзээ ч юм идэхгүй өнждөггүй байсан. Зүгээр л махнаас татгалзана.
Монголчуудад тулгамддаг нэг асуудал нь мах их иддэг. Түүнээс болоод төмрийн агууламж нь хэт өндөр тул цус өтгөнтэй. Зүрх, судасны өвчинд өртөмхий байдаг нэг шалтгаан нь энэ. Тэгэхээр эрүүл хүмүүс цусны донор болох нь хамгийн тохиромжтой. Ингэж цусаа шингэлэх нь хий дэмий хануулснаас дээр. Тэглээ гээд махнаас татгалз гэсэн үг биш. Огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь махнаас гараад таван жил бололгүй, үгүй юү нуруугүй болсон цөөнгүй хүнийг би мэднэ. Монголчууд коллаген буюу уургаа махнаас авдаг. Үүний дутагдалд оронгуут үе мөчдийн холбоос шингэнгүй болж, сууна.
-Тэгэхээр цагаан хоолтой хүмүүс бүгд нуруугүй, суумгай болох уу гэсэн асуудал яригдана биз дээ.
-Зарим хүнд цагаан хоол тохирдог. Олон жил хэрэглэж хэвшсэн, биед нь ямар нэгэн өвчин, зовуурь илрээгүй бол асуудалгүй. Гэхдээ төрөлхийн цагаан хоолтой орны иргэдийн гэдэсний бүтэц монголчуудынхаас өөр. Хооллолтоос шалтгаалаад организм хүртэл өөрчлөгдөнө. Тэр хэрээр хүний биед орлогддог, орлогдошгүй аминхүчлийн илүүдэл, дутагдал үүсдэг. Орлошгүйг нь бие мах
бод нийлэгжүүлдэггүй учраас хоол, хүнсээрээ дамжуулан авах ёстой. Тэр хоолны хоршил нь байгалиасаа заяасан байдаг. Харин манайхан дураараа хоолны зуршлаа өөрчилж, өвчин тусдаг. Хэдэн үеэрээ мах хэрэглэчихээд цагаан хоолонд орсон эмэгтэйчүүдийн цөөнгүй нь 35 нас хүрээд цэвэршдэг бол эрчүүд бэлгийн чадавхаа алдах нь олонтоо. Улмаар судасны хана нимгэрэх аюултай. Тиймээс махаа багасгамаар байвал өдөрт ядаж шүдэнзний хайрцгийн хэмжээтэйг идэх хэрэгтэй. Нэг өдөр махнаас татгалзсан бол маргааш нь ид гэж зөвлөе. Учир нь нэг хэвийн хоолны дэглэмээс нөгөөд шилжихэд гэдэсний бактери өөрчлөгддөг. Бидэнд мах задалдаг бактери олон. Дан ногоо идээд эхлэнгүүт мах задлагч хоолгүй болж устдаг гэсэн үг. Тиймээс буцаад маханд орохдоо яг нялх хүүхэд шиг бага багаар иднэ. Их хэмжээгээр идвэл задлагч бактеригүй учир илжирч, үхэх хүртэл аюултай. Жишээлбэл, нэг хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар идэхгүй байснаа гэнэт их хэмжээгээр хэрэглэвэл шууд хордлогод ордог. Энэ нь тухайн хоолыг задлагч бодис биед устсантай холбоотой. Үүнийг өдөөхийн тулд бага багаар хэрэглэнэ.
-Сүүлийн үед манайхан ургамлын гаралтай, эрүүл мэндэд сайн гэсэн болгон руу хошуурч байна. Эко бүтээгдэхүүн бүхэн эрүүл байж чадах уу?
-1990 оноос хойш ургамлын гаралтай гэх сүлжээний бүтээгдэхүүн дэлхий нийтэд олширсон ч генетикийн судалгааны цар хүрээ өргөжих хэрээр өдгөө эсрэгээрээ болсон. Тухайлбал, ургамлын гаралтай, зүрхэнд сайн гэх бүтээгдэхүүн бөөр гэмтээж байна. 4-5 эрхтэнд сайн гэсэн нь 2-3 “юм” зольдгийг эрдэмтэд тогтоосон. Учир нь ургамал, хүн хоёр генетикийн хувьд ижил. Ялангуяа ургамалд ургийн хөгжлийн ген давамгай байдаг. Гэтэл хавдрын үед энэ төрлийн ген “асдаг”. Тэгэхээр ургамалд буй эл уургийг хэрэглэхээр хавдрын эс асах нь. Хор гадагшлуулдаг ген нь сайн ажилладдаг бол үүнд өртдөггүй. Арай бага нийлэгжүүлдэг нь ургамлын гэх гаралтай бүтээгдэхүүнд дарлуулдаг.
Далай лам Европын том эрдэмтдийг цуглуулж, Төвөдийн уламжлалт анагаахын эмүүд хүнд хэрхэн үйлчилж байгааг 2-3 жил судлуулсан байдаг. Тэгэхэд уламжлалтын эм өвчний хурц үед нэмэргүй. Харин эмчилгээний дараах нөхөн сэргээх тусламж, үйлчилгээнд хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзсэн. Монголчуудын цөөнгүй нь тан хэрэглэдэг. Танг нэрэхдээ ургамлын хорыг номхотгоно гэж ярьдаг. Нэг ургамалд буй хортой бодисыг нөгөөгийнхтэй хольж, идэвхгүй болгон буцалгаж, шүүдэг. Ингэж ургамлын хорыг авдаг гэхээр шууд хэрэглэвэл ямар үйлчилгээ үзүүлэх нь ойлгомжтой. Наранцэцэг гэхэд хүний гентэй 40 хувь адил. Голдуу ургийн хөгжлийн ген агуулдаг. Тухайн ген мутацад орвол организм амьдрахгүй. Тэгтэл эм бол ургамал дотор буй ашигтай бодисыг, жишээлбэл, уушгийг эмчилдгийг нь гарган авч, эс, амьтан, сайн дурын хүмүүст туршин, хор хөнөөлгүй болсных нь дараа хэрэглээнд нэвтрүүлдэг. Заавал хортой ургамал “идэх” гэж зүтгэх хэрэггүй гэсэн үг.