Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2015 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 11-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын XXI бага хурал болоход 195 улсын Төрийн тэргүүн оролцож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар байр сууриа илэрхийлсэн. Улмаар тухайн оны арванхоёрдугаар сарын 12-нд Парисын хэлэлцээрийг батлан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи ашиглах тухай Парисын гэрээг эдгээр улс харилцан тохиролцож байгуулсан билээ. Манай улс хөгжиж байгаа орны хувьд өөрийн улсын Үндэсний зорилтот хувь нэмэр (INDC) хэмээх баримт бичиг боловсруулж, конвенцын талуудын бага хуралд өргөн барьсан анхдагч орнуудын нэг юм. Энэ баримт бичигт тодорхойлсон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлснээр манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар үндэсний түвшинд бууруулах зорилт дэвшүүлжээ. Одоо энэ зорилтоо ахиулан 22 хувьд хүргэх боломжийг судалж байгаа аж.
Монгол Улс, тэр дундаа манай хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбараас ялгарч буй хүлэмжийн хийн тооцооллыг хэр давтамжтай тайлагнадаг, цаашид сайжруулах ямар арга хэмжээ байдаг бол. Энэ талаар Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяатай ярилцлаа.
-Хүлэмжийн хийн ялгарал ихсэх болсон гол шалтгаан юу вэ?
-Хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ, хүлэмжийн хийг шингээгч ой мод, газар, бэлчээрийн зохисгүй ашиглалт зэрэг нь агаар мандалд хуримтлагдаж буй хүлэмжийн хийг жил бүр нэмэгдүүлж байна. Газар тариалан нүүрстөрөгчийг ялгаруулдаг бол, мал, тэжээвэр амьтан (үхэр, ямаа, тэмээ, адуу, хонь, гахай гэх мэт), газрын тосны хайгуулын өрөмдлөг, нүүрсний уурхай, байгалийн хийн хоолойгоос хий алдах, хог хаягдал булах, хаях зэрэг нь метан ялгаруулдаг. Метан нь хүний хүчин зүйлийн улмаас ялгарч буй хүлэмжийн хийн 14 хувийг эзэлдэг. Тэгэхээр метан хийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй, шатах түлшийн олборлолт болон органик хог хаягдлын ялзмаг гэсэн үг. Метан нь нүүрстөрөгчийн хий шиг агаар мандалд удаан байдаггүй ч түүний дулаан барих чадвар нь нүүрсхүчлийн хийгээс 21 дахин их. Өөр нэг хүлэмжийн хий нь азотын давхар исэл. Гол эх үүсвэр нь хөдөө аж ахуйн (азотоор бордсон хөрс, малын ялгадас) болон аж үйлдвэрийн үйл ажиллагаа юм. Нийт хүлэмжийн хийн ялгарлын 20 хувь буюу жил бүр зургаан тэрбум тонн нь агаар мандалд хуримтлагдаж байна. Эзлэх хувь нь бага мэт харагдавч дулаан барих чадвар нь нүүрсхүчлийнхээс 280 дахин их тул дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө нь асар өндөр гэж судлаачид дүгнэсэн.
-Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг онцолсон нь ямар шалтгаантай юм бол?
-Олон улсад хөдөө аж ахуйн салбар нь хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэрүүдийн нэг байдаг. Тиймээс тус салбараас гарч буй ялгаруулалтыг сааруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлж хүлэмжийн хийг бууруулахаар дэлхийн олон орон анхаарал тавин ажиллаж байгаа. 2014 онд Монгол орны нийт хүлэмжийн хийн ялгарлын 48.5 хувь нь хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй гэж дүгнэсэн. Хамгийн их ялгаруулагч нь эрчим хүчний салбар. Харин удаах нь хөдөө аж ахуй. Манай улсад хөдөө аж ахуйн салбар түлхүү хөгжсөн. Тиймээс уг салбарын ялгаруулж буй хүлэмжийн хийг бууруулах зорилгоор сонгон авсан юм.
-Тэгвэл Монгол Улс эдгээр арга хэмжээний хэрэгжилтийг яаж ил тод байдлаар хэмжиж байна вэ. Хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Манай улс энэ чиглэлээр олон улсын түвшинд тогтмол гаргаж ирсэн үндэсний тайлан, хоёр жил тутмын тайланг улам сайжруулах замаар шийдэх бололцоотой гэж үзээд ил тод байдлын тогтолцоог хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарт туршихаар уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдон тус салбарын хүлэмжийн хийн ялгарал болон шингээлт, энэ хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний тайланг бэлтгэдэг байгууллагуудын тогтолцоог сайжруулах, тэдгээрийн хэмжилт, нотолгоо, тайлагнаж буй байдлыг хариуцдаг боловсон хүчин, техник, арга зүйн чадамжийг бэхжүүлэх ажлаас эхэлж байгаа. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, эмзэг байдал, дасан зохицохтой холбоотой үйл ажиллагааг хэмжих, үнэлэх чадамжийг сайжруулах нь чухал байна. Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг малын дотоод ферментаци, өтөг шивхний менежмент яаж явагдаж буйгаас шалтгаалан метан, азотын ислийн хэмжээгээр дүйцүүлэн тооцдог юм байна. Энэ тооцоолол нь тухайн улсын малын тоо, толгой, ашиг шим, гарц, идэш, тэжээл, бордоо ашиглалт гэх мэттэй шууд хамааралтай гэсэн үг. Манай улс хоёр жил тутмын эхний тайланг 2017 онд бэлтгэн гаргахдаа өөрийн орны онцлогийг харгалзан үзсэн мал аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарлын судалгаан дээр суурилсан тооцоогоо хараахан гаргаагүй байсан тул олон улсын жишиг утга ашиглан нэгдүгээр шатлалын түвшинд тооцсон. Иймээс хоёр дахь удаагийн тайланд үндэсний онцлогийг илэрхийлсэн хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын хүлэмжийн хийн ялгарлын хүчин зүйлс, үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл бий болгох, сайжруулах нь нэн чухал болоод байгаа.
Мал аж ахуй, газар тариалангийн холбогдох судалгаа, шинжилгээний ажлыг эргэн хянаж, дутагдалтай байгаа мэдээ мэдээллийн цоорхойг тодорхойлох, шаардлагатай боловсон хүчин, техник, арга зүйн хэрэгцээг гаргах нь эхний арга хэмжээ болох юм. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй улс орнуудад чадавх бэхжүүлэх, технологи нэвтрүүлэх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх олон улсын механизмууд бий болж буй. Үүний нэг болох (CBIT) буюу ил тод байдлын чадавх бэхжүүлэх санаачилгын сайн туршлага, арга зүй, загвар зэрэг технологи, мэдлэг, мэргэжилтний сүлжээнээс суралцах, ашиглах, нэвтрүүлэх нь чухал байна.
-Парисын хэлэлцээрийн хэрэгжилт хэр ахицтай байгаа бол?
-Одоогоор үүнд бүрэн хариулах боломжгүй байх. Учир нь тус хэлэлцээрийн хэрэгжилт дөнгөж эхэлж байгаа. Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орнуудын Үндэсний хувь нэмрийн зорилтыг 2025, 2030 онд дүгнэх тул одоогийн байдлаар энэ улс сайн, тэр муу биелүүлж байна гэж хэлэх боломжгүй. Гэхдээ үр дүн, явцыг хэмжих судалгаа, баталгаажуулалт, тайлагнах ажлууд явагдсаар байгаагийн нэг жишээ нь дээр дурдсан тайлан юм. Судалгаа, үнэлгээнээс гарсан тоо баримт, зөвлөмжид тулгуурлан бодлого төлөвлөлт явагддаг жишиг бий. Тиймээс энэ төслийн бас нэг зорилго бол тоо баримтыг үнэн, бодитоор гаргаж чадаж байгаа, эсэхийг баталгаажуулах, дутагдалтай зүйл байгаа бол дэмжлэг үзүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
-Танай төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн юм бэ. Хэдий хугацаанд үргэлжлэхээр тооцов?
-Төслийг 2021 оныг дуустал гурван жил хэрэгжүүлж, Монгол орны хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарын мэдээ, мэдээллийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоонд байгаа тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна.
-Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн судалгааны ажлууд бодит тоо баримтад тулгуурлаж чадаж байгаа юу?
-Аль ч улсад байдаг асуудлын нэг бол судлаачдын хүртээмжтэй байдал. Манай улс ч харьцангуй цөөн судлаачтай. Мөн судалгааны салбарын төсөв, санхүүжилт. Судалгаа, шинжилгээний салбарт улсын төсвөөс хуваарилдаг санхүүжилт нь хангалтгүй тул бодит үр дүн гарахад бэрхшээлтэй. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар урт хугацааны судалгааны үр дүн ихтэй. Яагаад гэвэл энэ салбар харьцангуй анхдагчдын нэг. Ядаж л өдөр тутмын амьдралд нь ойр болохоор тэр шүү дээ. Гэхдээ мэдээж нарийн тоо судалгаа дутмаг хэвээр байгаа нь манай улсын хоёр жил тутмын анхны тайлан болон хавсралтад нь хүлэмжийн хий ялгаруулж буй салбар тус бүрийг тодорхойлж, оруулсан хувь хэмжээг гаргаснаас харагдаж байна. Тухайн үед мал аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарлын мэдээлэл баталгаажсан, эмхэтгэсэн хувилбар байхгүйгээс үүдэн олон улсын жишиг утгаар тооцоолсон.
Тиймээс дараагийн удаа гаргах тайланд монгол малаас ялгардаг хүлэмжийн хийн хэмжээг аль болох үндэсний онцлогийг харгалзсан мэдээ, материалд суурилан тусгахаар зорьж байгаа. Иймээс хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын тайланг ил тод байдлын шаардлагад нийцүүлэн гаргахад олон талын хамтын ажиллагаа, оролцоо нэн чухал. Одоогоор БОАЖЯ, ХХААХҮЯ, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчны мэдээллийн сан, Үндэсний статистикийн хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, ХААИС, түүний салбар хүрээлэнгүүд, Уур амьсгалын өөрчлөлт, хөгжил академи, Бодлого судлалын төв зэрэг байгууллага чухал үүрэгтэй оролцож байна. Уг төсөл нь дутуу, шаардлагатай хэрэгцээг илрүүлэх, холбогдох чадавх бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, цааш нь уламжилж сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
-Ийм төсөл зөвхөн Монголд л хэрэгжиж байгаа юу?
-Олон улсын ил тод байдлыг дэмжих санаачилгын хүрээнд дэлхий нийтэд 20 гаруй төсөл хэрэгжүүлж байна. Улс орнууд Үндэсний хувь нэмрийн зорилтын хүрээнд хийсэн, хийж буй үйл ажиллагаа нь хэр үр дүнтэй байгааг мөшгөж, мэдэж байх, дутагдалтай талыг нь засаж залруулж байхад шаардлагатай мэдээллийн урсгалыг сайжруулах байгууллага хоорондын зохион байгуулалт, боловсон хүчин, арга зүй, аргачлал, загварыг нэвтрүүлэх, бэхжүүлэх хэрэгцээ их байгаа учраас Азийн бүс нутагт гэхэд гурван төсөл хэрэгжүүлж эхэлсний нэг нь энэ.
Ташрамд дурдахад, улс бүрийн гаргасан тайланд хөндлөнгийн буюу Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос үнэлгээ хийдэг. Тиймээс үндэсний тайлан аль болох шаардлага хангасан байхад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах нь төслийн том зорилго.
-Төслийг хэрэгжүүлэгчээр яагаад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагыг сонгосон юм бэ. Хамгийн гол ач холбогдол, үр дүн нь юу байх бол?
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь судалгаа, шинжилгээний өргөн мэдээллийн сантай, олон улсын түвшинд туршиж нэвтрүүлсэн арга зүй, аргачлал, загвар, мэргэжилтэн, боловсон хүчний сүлжээтэй тул техник, технологи, хүний нөөцийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байгаа.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул