АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙД
Зүүн гар талаас: С.Пүрэвдорж, Д.Шомбодон
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцож, түүхийг нь бичилцэж явсан С.Пүрэвдорж, Д.Шомбодон нартай ярилцлаа. С.Пүрэвдорж 1982-1990, 2000-2004 онд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргаар ажиллаж байжээ. Эдийн засгийн ухааны доктор Д.Шомбодонгийн хувьд Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарыг олон жил удирджээ.
-Монгол Улс атар газар эзэмшээд хэдийн 60 жил болжээ. Газар тариалангийн салбар манай улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж та үздэг вэ?
-Монгол Улс атар газар эзэмшсэнээр тариалан хөдөө аж ахуйн бие даасан салбар болж, шинжлэх ухааны үндэстэй хөгжсөн. Өөрөөр хэлбэл, дан мал аж ахуйгаас бүрдсэн хөдөө аж ахуйн салбарын бүтцэд өөрчлөлт оруулаад зогсохгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон шинэчлэл, дэвшил дагуулсан. Онгон зэлүүд байсан газар нутагт анхны атарчдын майхан дэрвэснээс хойш улам өргөжин тэлсээр бригад, хэсэг, хот, суурин бий болж, эрчим хүч, холбоо мэдээлэл, эрүүл мэнд, боловсрол, ахуй, соёлын үйлчилгээ ч хөгжиж, олон зуун залуус цоо шинэ техник, технологи эзэмшин, шинжлэх ухааны ололт амжилтаас чадамгай суралцсаар тариаланчид гэдэг нийгмийн давхарга бий болгосон. Атар газар эзэмшиж, тариалангийн үйлдвэрлэлийн үе шат бүрийн ажил болон техниктэй зөв харьцаж, эзэмшиж сурахад ЗХУ-ын мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон дурдмаар байна.
-Архангайчууд тариалан эрхэлсэн уламжлал бий юү. Атар газар эзэмшиж, тариалан эрхлэхэд цаг уур, газар нутгийн хувьд хэр зэрэг тааламжтай вэ?
-Архангай аймгийнхны хувьд дээр үеэсээ тариа, ногоо тарьж, хоол хүнсэндээ хэрэглэж байсан уламжлалын ул мөр Хануй, Хүнүй, Орхон, Тамир голын уудам хөндийн үржил шимт сав газраар элбэг бий. Түүнчлэн энэ талаарх түүхэн баримт ч цөөнгүй. Газар зүйн байршлын хувьд Хангайн уулархаг мужийн төв хэсэгт, далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000 метрийн өндөрт оршдог. Зарим хэсэгтээ мөнх цэвдэгтэй. Цаг агаарын хувьд сэрүүн, хавар, намар цочир хүйтэрч, хяруу унан, аадар бороо, мөндөр ордог. Өөрөөр хэлбэл, эх газрын эрс тэс уур амьсгал нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээл учруулдаг. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хийсэн атрын экспедицийн судалгаагаар тариалан эрхлэхэд аюултай бүс гэж тогтоосон юм билээ. Гэсэн ч манай үе үеийн тариаланчид газар нутгийнхаа хөрс, тухайн жилийн цаг уурын онцлогт тохирсон “Агро удирдамж” боловсруулан, үйлдвэрлэлээ оновчтой, зөв зохион байгуулж, хөрс боловсруулах, тариалах, ургац хураах арга ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн ололт, тэргүүн туршлага нэвтрүүлсээр ирсэн. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны үед атрын II аян ид өрнөж, хөдөө аж ахуйн нэгдлүүд атар газар эзэмшиж, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
-Атрын II аяны явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч.
-Хөдөө аж ахуйн нэгдлүүд өөрийн хөрөнгөөр болон улсын дэмжлэг туслалцаатайгаар хадлан тариалангийн хагас ба бүрэн механикжсан салаа, трактор засварын газар, механикжсан үтрэм, услалтын систем, үрийн агуулах, ногооны зоорь, механикжуулагчдын тохилог орон сууц барьж байгуулсан. Үүнээс гадна дизель цахилгаан станцуудыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбон, тарианы бригад салаануудыг холбоожуулсан зэрэг нь хөдөө нутгийн нүүр царайг үндсээр нь өөрчлөн, хөгжүүлсэн. Атар газар эзэмшиж эхэлсэн эхний он жилүүд буюу 1960 оны үед аймгийн хэмжээнд үр тариа 14 300, төмс 103, хүнсний ногоо 25 га талбайд тариалж байв. Ингээд үр тариа 14 700, төмс 516, хүнсний ногоо 185, тэжээлийн ургамал 4100 тонныг хураан авч байсны дийлэнх хувийг Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн тариаланчид бэлтгэдэг байлаа. Хөдөө аж ахуйн нэгдлүүд атар газар эзэмшиж, тариалангийн үйлдвэрлэл эрхлэх болсноор 1980 он буюу Атрын II аяны үед аймгийн хэмжээгээр эргэлтийн талбайн хэмжээ 78.3 хувиар нэмэгдсэн. 1990 онд талбайн хэмжээ 23 900 га-гаар буюу бараг хоёр дахин тэлсэн. Хураан авсан ургацын хэмжээ ч 31 500 тн буюу 2.1 дахин ихсэж, аймгийн хэмжээгээр 38 200 га талбайд үр тариа тарих болсон. Хөдөө аж ахуйн нэгдлүүд ийнхүү атар газар эзэмшиж, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн нь Монгол Улс гурилын хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангахад томоохон хувь нэмэр оруулсан.
-Танай аймгийн тариаланчид буудайгаа хаана тушаадаг байсан бэ?
-Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн тариаланчид буудайгаа Хархорины гурилын үйлдвэрт тушааж, жилийн хэрэгцээнийх нь 70 хувийг нийлүүлдэг байв. Тэр үед тус үйлдвэрийнхэн улсын төлөвлөгөөний комиссын хуваариар Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор гэсэн таван аймгийн иргэдийн хэрэглээний гурилыг үйлдвэрлэн, нийлүүлсэн. Үйлдвэрт нийлүүлсэн буудай төлөвлөгөөнд тусгаснаас илүү гарвал Улаанбаатар, Булганы гурилын үйлдвэр болон хэрэгцээтэй бусад газарт нийлүүлнэ. Энэ бүхэн бол Монгол Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжил болон ард түмний хүнсний хангамжид Архангайн үе үеийн тариаланчдаас оруулсан томоохон хувь нэмэр гэж би дурсдаг. Манай тариаланчид үр тарианаас гадна төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээ ч жилээс жилд өсгөн нэмэгдүүлсээр ирсэн. 1960-1990 он буюу атар газар эзэмшиж, газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн 30 жилд аймгийн хэмжээнд төмс тариалсан талбайн болон хураан авсан ургацын хэмжээ дөрөв, хүнсний ногооных тав дахин нэмэгдэж, аймгийнхаа ард иргэдийн хэрэгцээг бүрэн хангадаг болсон.
-Та атар газар эзэмшсэн 60 жилийн эхэн үеийнх нь талаар ярилаа. Сүүлийн 30 жилд өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хямралын үеийг даван туулах чиглэлээр танай аймгийнхан хэрхэн ажилласан бэ?
-1990 оноос хойш улс орны эдийн засгийн хямрал гүнзгийрсэнтэй уялдан газар тариалангийн салбарт санхүүгийн хүндрэл учирч, үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурсан. Зарим газарт бүрмөсөн зогссон. Олон техник, тоног төхөөрөмж үрэгдсэн, их хэмжээний газрыг атаршуулж орхисон зэрэг харамсаад барахгүй эмгэнэлтэй үйл явдал болсон. Гэвч Атрын III аян, тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн, усалгааны тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зэргээр төр, засгаас олон арга хэмжээ авсны дүнд сэргэж байна. Сүүлийн жилүүдэд Төвшрүүлэх, Хотонт, Өлзийт сумын аж ахуйн нэгжүүд нийтдээ 10 000 орчим га-д үр тариа тарьдаг боллоо. Техникийн шинэчлэл хийх, хөрс хамгаалах орчин үеийн технологи нэвтрүүлэх, эрчимжсэн технологийн аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ зах зээлийн нийгэмд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх менежментээ сайжруулж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг цаашид илүү үр өгөөжтэй эрхлэхийн тулд юуны өмнө хөрсөө хайрлаж, хамгаалмаар санагддаг. Манай үржил шимт хөрс шороо монголчуудыг хооллоод зогсохгүй экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх их нөөцтэй. Боломж байдаг бол жилийн аль ч улиралд тариалангийн талбайд мал оруулмааргүй байгаа юм. Малын хөлөөр хөрсний бүтэц эвдэрдэг. Нөгөө талаар хэрчиж, цацсан сүрлийг мал идчихдэг. Цаашид мал, тариан талбай хоёрыг зайлшгүй зааглах ёстой.
Д.Шомбодон: Талбайн 60 орчим хувь нь доройтсон
-Та мал аж ахуйн мэргэжилтэн хүн. Газар тариалантай хэрхэн холбогдсон бэ?
-Би 1978 онд Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн, зоотехникч-инженер л дээ. Намайг 1986 онд Москвад эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалаад ирэхэд Сэлэнгэ аймгийн орлогч болон Хөдөө аж ахуйн удирдах газрын даргаар томилсон юм. Тэр үеийн Сэлэнгэ аймгийн Намын хорооны нэгдүгээр дарга Ш.Гунгаадорж гуай агрономич, аймгийн дарга Г.Төмөрбаатар хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй байв. Тэгээд Хөдөө аж ахуйн удирдах газрын даргаар мал аж ахуйн мэргэжилтэн ажиллуулах бодлоготой байсан юм билээ. Сэлэнгийн малчид, тариаланчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй гар нийлж хэдэн жил сайхан ажилласан.
-Сэлэнгэ аймагт газар тариалангийн салбар хэрхэн хөгжиж байв?
-Аймгийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар амжилттай хөгжсөн нь хамгийн сайхан дурсамж. VIII таван жилийн төлөвлөгөөний эхний гурван жилд (1986-1988 он) Сэлэнгэ аймаг улсын төлөвлөгөөнөөс буудай 100 000, төмс 5000, хүнсний ногоо 2000 тонноор давуулан тушааж, бүх сангийн аж ахуй ашигтай ажилласан. Манай Хөдөө аж ахуйн удирдах газар 1988 оны ажлын үзүүлэлтээр улсад II байр эзэлж байв.
-Тэр үед газар тариалангийн салбар амжилттай хөгжихөд юу нөлөөлсөн гэж та боддог вэ?
-Үүнд гурван зүйл нөлөөлсөн болов уу. Нэгдүгээрт, тэр жилүүдэд Сэлэнгийн тариаланчид Монгол Улсад атар газар эзэмшсэний 30 жилийн ойг өндөр амжилтаар угтах гэж хичээсэн. Хоёрдугаарт, том аж ахуйнууд олон давуу талтай байсан. 1986 оны байдлаар Сэлэнгэ аймгийн 16 сангийн аж ахуй (нэгдэл байгаагүй) нийт 297 200 га эргэлтийн талбайтай, үүнээс 180 500 га-д нь үр тариа тарьж байлаа. Мөн төмс, хүнсний ногоо 2600, тэжээлийн ургамал 8200 га-д тариалж байв. Гуравдугаарт, эдийн засгийн урамшууллыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Манай газраас сангийн аж ахуйнуудад удирдамж өгч, 1985-1986 оноос мал аж ахуйн ферм, газар тариалангийн бригад, салаануудад “Чекийн систем” нэвтрүүлж, үйлдвэрлэлийн зардалд хяналт тавьж эхэлсэн юм. Дараа нь сангийн аж ахуйнууд үйлдвэрлэлийн нэгжүүдтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гэрээ (энгийн гэрээ), үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүнгийн гэрээ (түрээсийн гэрээ) байгуулан ажилладаг болсон. Жилийн эцэст гэрээг дүгнэж, үйлдвэрлэлийн зардлын хэмнэлт болон төлөвлөгөөнөөс давуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн 50 хүртэлх хувиар малчид, тариаланчдыг урамшуулж байлаа. Одоо бодоход, тэр гэрээнүүд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэр, үндэс суурь байж. Эдийн засгийн тийм хөшүүрэг одоо ч хэрэгтэй гэж боддог.
-Өнөөгийн газар тариалангийн салбарын хөгжлийг хэрхэн үнэлдэг вэ?
-2008 оноос хэрэгжүүлсэн Атрын III аяны хүрээнд газар тариалангийн салбар бүрэн сэргэж, эх орныхоо гурил, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны хэрэгцээний 50-60 хувийг хангаж байна. Үр тарианы томоохон аж ахуйнууд санхүүгийн хувьд хөл дээрээ боссон, техникээ шинэчилж, байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэл явуулдаг болжээ. Гэсэн ч хоёр асуудлын талаар саналаа хэлье. Нэгдэл, сангийн аж ахуйнуудыг хувьчилснаар хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хувийн хэвшилд бүрэн шилжсэн мэт ойлгоод байх шиг. Бэлчээр, тариалангийн талбай төрийн өмчид байгаа цагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл холимог (hybrid) шинжтэй гэж боддог. Тийм болохоор хөдөө аж ахуйг төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хөгжүүлэх нь зөв. Гэтэл Улсын Их Хурлаас 2009 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлахдаа хөдөө аж ахуйг тэр чигт нь орхисон.
Цаашид эл салбарыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгож, улсын төсвөөс оруулах хөрөнгийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр тусмаа бэлчээр, хадлангийн 80 шахам хувь, тариалангийн талбайн 60 орчим хувь нь доройтсон тул улсаас дорвитой хөрөнгө оруулж, доройтсон газрыг нөхөн сэргээх хэрэгтэй. Хоёрдугаарт, газар тариалангийн жижиг аж ахуйн нэгжүүд аймаг, сумын түвшинд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллавал дэвшилт технологи нэвтрүүлэх, техникээ шинэчлэх, хүний нөөцөө хөгжүүлэхэд дөхөм гэж санадаг. Бас боловсруулах үйлдвэрүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ урьдчилан байгуулж, борлуулалтаа баталгаажуулах, урьдчилгаа авбал санхүүгийн хувьд бэхжих боломжтой. Ингэсэн тохиолдолд аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрийн хооронд нэмэгдсэн өртгийн сүлжээ бий болж, харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж боддог.
Бэлтгэсэн: М.Оч