Б.ДАМДИНСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД
1985 он. Зөвлөлтийн улаан арми, Германы фашизмыг бут ниргэж, дөрвөн жил үргэлжилсэн дэлхийн II дайныг ялалтаар дуусгасны түүхт 40 жилийн ойг дэвшилт хүн төрөлхтөн өргөн хүндтэйгээр ёслон тэмдэглэхээр эрчимтэй бэлтгэж байлаа. Энэ их ялалтад хүрэхэд эхнээс нь эцсийн өдрийг нь хүртэл Зөвлөлтийн ард түмэнтэй хамт байж, буй бүх боломжоо дайчлан ЗХУ-д тусалж өөрийн хувь нэмрээ оруулсан Монголын ард түмэн, төр, засаг ялалтын баярыг илүү сүрлэг сайхан тэмдэглэхээр бэлтгэж байсан нь зүйн дагуух хэрэг байлаа.
Өмнөх оных нь намар түүхт их ойг өргөн хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлэх улсын комисс байгуулж, олон төрлийн ажил өрнүүлж эхэлсний нэг нь уран зохиол, бүтээлийн уралдаан зарласан явдал байв. Монголын зохиолчид, сэтгүүлчид, уран бүтээлчид энэ уриалгыг уухайлан угтаж уралдааны замд гарсан. Тэр олон хурдан морьдын тоосон дунд юм бичихийн хорхой нь ассан миний бие бас шогшиж явсан хэрэг. Удаан бодож, учрыг мэдэх ахмадуудтай уулзаж ярилцан, сар шахам мачийсны хүчинд хориод хуудас кино зохиомж тэрлэж дуусгаад уралдааны комисст хүлээлгэн өгч сая үндсэн ажилдаа живж ороод өдөр тутмын сониныхоо их ажилд дарагдан, бичсэн барьсан зүйлээ ч таг мартчихсан тууж явлаа.
Өвлийн нэг өдөр утас дуугарч:
-Ялалтын 40 жилийн ойд зориулж таны туурвисан “Фронтод явах өргөдөл” кино зохиомж улсын уралдаанд байр эзэлсэн. Шагналаа түргэн ирж авна уу гэж мэдэгдэв.
Магтаал, шагнал, мөнгө сонссон монгол хүн яадаг билээ. Би тэдний нэг тул заасан газарт нь шуугин очиж шагнал мөнгөө аваад гарах гэтэл тэр өрөөнд ширээ тохойлдон юм уншиж суусан өндөр цагаан залуу ухасхийн босож ирээд гар атган баяр хүргээд:
-Чиний зохиолыг уншлаа. Гар, санаа нийлж зүтгэвээс гайгүй кино болчихоор юм байна. Одоо кино зохиомжоо кино зохиол болгож надад яаралтай өг! Он дөнгөж гармагц Соёлын яамны Уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцэн, батлах, эсэх нь шийдэгдэнэ. Ажил дуусах яагаа ч үгүй, дөнгөж эхэлж байна. За хичээгээрэй! Би сайн баг бүрдүүлнэ ээ гээд зохиомжоо хэрхэн кино зохиол болгох арга замыг нэг бүрчлэн зааж хэлж өгөөд намайг үдэв. Энэ ажилсаг, нөхөрсөг сайхан залуу эр бол Монголын шинэ үеийн кино урлагт шинэчлэл өөрчлөлтийн салхийг хагалан орж ирээд бүтээл туурвилаараа од болон гялалзаж яваа кино найруулагч Г.Жигжидсүрэн (Жийгээ) байлаа.
1985 оны нэгдүгээр сарын 7.
Кино зохиомжийн маань хувь заяаг шийдэх Уран сайхны зөвлөлийн хурал боллоо. Э.Оюун, Д.Мягмар, Б.Сумхүү, О.Уртнасан, Д.Мягмарсүрэн, театрын Дашдондог, Г.Жигжидсүрэн, Б.Дамдинсүрэн, Н.Зундуй, Х.Зандраабайдий нарын олон аварга оролцсон уг хурлаар зохиомжийг минь кино болгохыг зөвшөөрч, ерөнхий найруулагчаар Г.Жигжидсүрэн, хөгжмийн зохиолчоор Б.Дамдинсүрэн, ерөнхий зураглаачаар Н.Зундуй нарыг томилж баахан үүрэг, зөвлөмж өгөөд өндөрлөв.
Би баярлаж, балмагдсандаа босож амжаагүй байтал Жийгээ намайг дуудаж нэгэн том өрөөнд дагуулан оров. Тэнд бадируун чийрэг биетэй, өтгөн хар халимагтай, нүүр дүүрэн инээд гэрэлтүүлсэн нэгэн эр сууж байсан нь Төрийн хошой шагналт, хөгжмийн алдарт зохиолч Билэгийн Дамдинсүрэн гуай. Намайг дэргэдээ суулган энгийн сайхнаар яриа дэлгэв.
-За, тэгээд аль аймаг, нутгийн унаган иргэн билээ?
-Энүүхэн урд, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумд төрж, өссөн.
-Өө тийм байх аа. Бичлэгээс чинь говийн салхи сэвэлзээд байх шиг санагдсан. Бид хоёр чинь тэгвэл бараг нэг нутгийн ардууд байх нь байна шүү дээ. Миний төрсөн дүү Дундговьд малчин. Сайхан нутаг.
-Сайхан шүү. Ялангуяа намарт...
-Тийм ээ. Ингэхэд энэ Монгол оронд минь муу муухай газар нутаг гэж нэг ч байхгүй. Хөвсгөл далай, хөвч их тайгаас говийн элсэн манхан, өндөр уул толгод хүртэл, Халхын гол, Буйр нуураас баруун их Алтайн цаст хүрэн уулс хүртэлх өргөн дэлгэр нутагт минь үзээд өгье ч гэсэн муухай газар байхгүй. Тийм биз дээ? Гагцхүү түүнээ харах нүдтэй, хайрлах ухаантай байх хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ монгол хүн, жинхэнэ эх оронч хүн болно. Өвөг дээдсийн минь өлгий нутаг, өнөөгийн бидний амьдрах орчин, өсвөр ирээдүйн минь өөдлөн дэвжих дэвжээ нь энэ монгол нутаг минь юм шүү. Тийм ээ хө?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ хүн унасан газар, угаасан усандаа илүү их хайртай байдаг байх аа.
-Зөв. Тэр алгын чинээ газраас чинь эх орон эхлээд л тал тал тийшээ тэлээд Монгол эх орноо гэх бүхэл том хайр бий болж байгаа юм. Тийм биз дээ хө гээд инээмсэглэснээ
-Ингэхэд дүү хүү нас сүүдэр хэд зэрэгцэж байна даа гэж асуулаа.
-Дөчин тавын дөрөөн дээр хөлөө тавих гэж байна.
-Хэ, залуу байна. Сайхан байна. Дөч гарсан эр дөрөв дарсан ат гэсэн монгол сайхан цэцэн үг байдаг биз дээ? Ийм насанд юуг ч давж гарна. Санасан зорьсноо сайхан хийж бүтээж чадна. Цаг хугацаа харвасан сум шиг хурдан. Нэг хором ч үнэтэй. Зохиол бүтээл туурвих онгод урам байгаа бол нэг ч хоног хойш тавьж болохгүй!
Бид хоёр аль хэдийн ах дүүс мэт болчихоод яриа хөөрөө маань ид халж буцалж эхэлж байтал гаднаас Жийгээ маань шуугин орж ирээд дуу алдан
-Хөөе, үдийн завсарлага, цайны цаг. Явцгаая. Халуун яриа байгаа бол завсарлагын дараа үргэлжлүүл гэж захиран шавдуулав.
Дамдиа маань эелдгээр инээмсэглэж над руу дохин
-Энэ чинь бараг нялхаараа амьтан байна шүү дээ. Надаас хорь шахам дүү юм. Би ахархаж баахан сургаал ном айлдлаа. Толгой дохиод байна. Эрхбиш хүлээж авсан байх аа гээд инээж байж билээ.
Бид гурав сайхан цайлж яриа хөгжөөж, инээж наргиж налайж суух үед би яаран босож арын ажил хэцүүдлээ гээд явахыг завдахад Дамдиа толгой дохин,
-Зөв хө. Ажилтай байна гэдэг чинь амьдралтай байна гэсэн үг. Ажилтай байж амжилт бүтээл гаргана. Алдар нэрд хүрнэ. Аз жаргал гэдэг чинь ер нь ажил хөдөлмөр юм шүү дээ. Ай, ажилгүй хүн гэдэг мөн хөөрхийлөлтэй амьтан шүү. За яв, гялалзуул! Бид нар киноныхоо анхны давааг давчихсан. Сүүлчийн өндөр давааг нь давахдаа л нэг давна. Манай энэ (Жийгээг зааж) шинэ сайхан кино бүтээх онгод нь орчихоод шатаж яваа эр. Амжилт ялалт бидний талд гээд мөр алгадан найрсгаар үдэж билээ.
Ингээд Жийгээ, Зундуй нарын удирдсан киноны багийн хамт олон тэр өвөлжин, хаваржин, зунжин цас бороо, салхи шуурга, хүйтэн халууныг даван туулж, ур чадвар, авьяас билгээ дайчлан зүтгэж, миний хэдэн хуудас кино зохиолыг хүн үзэж, түүх зам мөрөө эргэн дурсах, дүгнэж цэгнэх бүрэн хэмжээний өнгөт кино болгон бүтээхэд асар их хөдөлмөр зүтгэл, сэтгэлээ зориулан ажилласныг би одоо хүртэл хүндэтгэн дурсаж явдаг билээ.
Зун наадмын дараа Өвөрхангайн Бүрдийн нутагт ажиллаж байгаа киноны багийнхан дээр очиж Жийгээ, Зундуй нартайгаа золгож, гол дүрүүдэд тоглож буй Д.Байдий, П.Цэвэлсүрэн (төрсөн нутаг усны минь бүсгүй, алдарт дуучин), Ц.Төмөрбаатар (урлаг соёлын залуу од) болон бусад жүжигчин, оролцсон нийт хамт олонд баяр талархлаа илэрхийлэн байсан цаг мөч хэзээ ч мартагдахгүй ээ.
1985 оны аравдугаар сарын 2.
Соёлын яамны Уран сайхны зөвлөл өргөн бүрэлдэхүүнээр киноны бүрэн хувилбарыг дэлгэцнээ үзэж, шүүн хэлэлцээд нийтэд гаргах эрх олгож, баталлаа. Кино багийнхан минь бүтэн жилийн хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүн гарч кино батлагдсанд ихэд баярлан бие биенээ тэврэн баяр хөөр болцгоов. Дамдиа намайг чийрэг гараараа ханхар цээжиндээ чанга тэврэн дал мөр хэд алгадаад,
-Бид сүүлчийнхээ давааг сайн давлаа. Бид ялав гэж хэлээд хүд хүд инээж байв. Мэдээж хэрэг бид энэ амжилтаа цомхон хүрээнд сэмхэн тэмдэглэж тааралгүй яах вэ. Хөгжилтэй сайхан яриа хөөрөө, инээд наргиан хэсэг өрнөөд өндөрлөх үед би Дамдиагийн дэргэд зориглон ойртож шадарлан суугаад яриа өдөв.
-Энэ хүн төрөлхтний амьдралд дайн гэдэг шиг аюултай, хор хохиролтой юм байхгүй. Хүний ухааны нүд сохрохоор дайн дажин дэгдэж, бие биенээ алж хяддаг гэж бурхны сургаал айлдварт байдаг юм. Тэр үнэн.
-Ухааны нүд сохрох гэнэ ээ? гэж урьд өмнө сонсогдоогүй сонин хэллэг сонсоод гайхан лавлатал Дамдиа тийм гэж толгой дохин, яриагаа улам өрнүүлэх нь тэр.
-Хүний атаа хорсол, шунал тачаал сэтгэл оюуныг нь эзлэн харанхуйлахад ухаанаараа шийдэж болох аливаа хэргийг хар хүчээр, зэр зэвсгээр, алж хядах аргаар шийдэх гэж мунхагласнаас дайн дэгдэж, асар их аюул хохиролд хүргэдэг байхгүй юу. Орос орны асар уудам газар нутгийг эзлэн авч, орос боол зарцтай болох гэсэн их шунал Гитлерийн ухааны нүдийг сохолж дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэн хэрэг. Энэ чинь дэлхийн хамгийн том, хамгийн их аюул хохиролтой дайн байсан гэсэн байх аа?
-Тийм. Тэр үнэн. Дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 70 гаруй сая хүний амь сүйдсэн их аюул болсон гэж ном сударт бичсэн байдаг юм.
Зөвлөлтийн соёл урлагийн ажилтай танилцахаар очсон төлөөлөгчид. Зүүн гараас хоёр дахь нь Б.Дамдинсүрэн. Москва 1945 он
-Би ч бас тэр их аюул сүйтгэлийн зах зухаас нүдээрээ үзэж, сэтгэлээрээ шаналж явсан хүний нэг. 1945 оны хавар маршалын шийдвэрээр бидний хэсэг хөгжмийн зохиолчид Орос улсад зочилж, Москва, Ленинград, Кавказаар сар шахам аялж, дайны аюул, хохирол хөнөөл гэж ямар аймшигтай юм байдгийг нүдээр үзэж, биеэрээ мэдэрсэн. Элэг бүтэн үлдсэн гэр бүл, эвдэрч сүйдээгүй хот тосгон гэж үндсэндээ байгаагүй шүү. Өрөвдөх өмөөрөх сэтгэл өр зүсэж, халаглан харамсах бодол хамаг биеийг өвтгөж явсан даа. Тэр бүхэн миний оюун ухаан, онгод хийморийг ирлэн хурцалж олон арван бүтээл туурвилд минь баатарлаг тэмцлийн өнгө аялгуу давамгайлах замыг нээж өгсөн гэж боддог.
-Орос ах нар маань их зовлон бэрхшээл туулж агуу их ялалт байгуулсан гэж ойлгогдоод байдаг юм.
-Тэр үнэн. Оросоос өөр орон байсан бол тэр аюулт фашизмыг дарж дийлж чадахгүй байсан. Биднийг тэнд явж байхад дайн дуусаж орос ах нартайгаа ялалтын баярыг тэмдэглэж явсан азтай толгой шүү, би.
-Манай монголчууд тэр ялалтад хувь нэмрээ оруулах гэж ихээхэн зүтгэж чармайсан тухай ном сударт байдаг юм билээ.
-Үнэн шүү. Тэр үеийн жижигхэн Монгол Улс “Бүхнийг фронтод” уриан дор нэгдэж, дайны жилүүдэд 500 мянган агт морио бэлэглэж, хүч хөрөнгөөрөө “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадрил байгуулан фронтод илгээж, 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлэг, хувцас, хүнс тэжээлийн зүйлийг биечлэн хүргэж өгч байсан албан ёсны баримт нотолгоо бэлээхэн байгаа шүү. Чи бид нарын “фронт” кино ч үүнийг л баталж нотолж байгаа биз дээ? Ээ дээ, түүхээ мэдэх, зөв ойлгож ухаарах, тэгээд урагшлан дэвжих гэдэг хүн болсны гол шалгуур, шаардлага гэсэн сургамж зөвлөмж мөн ч үнэтэй зүйл шүү... Яг энэ үед Жийгээ маань шуугин орж ирээд ажлын цаг дуусаж, алба өндөрлөснийг мэдэгдэхэд Дамдиа ах бид хоёр инээлдэн яриагаа өндөрлөж, халуун гараа атгалцан салсан билээ.
Сонин хэвлэлийн хөлгүй их ажилд түүртэн цаг зав гаргаж чадахгүй мунгинасаар тэр эрхэм сайхан ахтайгаа дахин тухтай уулзаж ярилцаж чадаагүйдээ одоо хүртэл харамсаж явдаг юм даа, би. Гэлээ ч тэр суутны аялгууг нь зохиосон “Төрийн дуулал”-ын сүрлэг ая эгшгээр өглөө эртлэн босож, “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам” зэрэг сонгодог дуурийг нь үзэж сонсож, “Хэнтийн өндөр ууланд” гайхамшигт аялгуугаар нь сэтгэлээ сэргээж явдагтаа баяртай байдаг хүмүүсийн нэг нь би юм аа.
Ахмад сэтгүүлч, зохиолч Г.ДАМБА