Өнөөдөр Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний өдөр. Хаан 1869 оны намрын адаг сарын шинийн 8-нд мэндэлсэн бөгөөд энэ онд арваннэгдүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд Богд хааны түмэн өлзий гийсэн өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлж хурим, найр хийдэг, өргөл барьц өргөдөг уламжлал монголчуудад байжээ.
Хааны мэлмий гийсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж Ерөнхийлөгч зарлиг, Ерөнхий сайд захирамж гаргасны дагуу БСШУСЯ болон Богд хааны ордон музейн захиргаанаас олон арга хэмжээ зохион байгуулна. Богд хааны үнэн намтар, түүхийг тодруулах ажлыг түүхч эрдэмтэд, судлаачид хийж буй юм байна. 2018, 2019 онд эрдэм шинжилгээний хурал зургааг зохион байгуулжээ. Өнгөрсөн аравдугаар сарын 11-нд Төрийн ордонд олон улсын хурал болсон. Үүний залгамж болгож өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж. Богд хааны ордон музей, Гандантэгчэнлин хийд хамтран хааны төвөд хэлээр бичсэн цадиг түүх, өөрийнх нь зохиол бүтээлүүдээс сурвалжилж, олон түмний хүртээл болгохоор зорьж буй бөгөөд энэ хүрээнд хийсэн ажлуудаасаа хэлэлцүүлэх юм.
Гандантэгчэнлин хийдэд өглөө эртлэн шинийн 8-ны хурал хурж, 09.00 цагт Богдын хөрөг дүрийг Батцагаан дуганд залж, мандал өргөнө. Үүний дараа дээр өгүүлсэн эрдэм шинжилгэнэий хурал эхлэх юм байна. Үдээс хойш 15.00 цагт ДБЭТ-т баярын хуралтай. Мөн ҮУИТ-аас хүндэтгэлийн концерт өргөн барих аж. Богд хаан дуу хуурт дуртайн сацуу урлагийг бүх талаар хөгжүүлэхэд санаа тавьж, үр нь өнөөгийн бидний үед жимс болсон бодит алхмуудынх нь талаар урлагийн хэлээр өгүүлэх юм байна.
Монголоо тусгаар улс болгоход түүхэн гавьяа байгуулсан Богд хаан хэн байсан талаар Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатарын хэлснийг сийрүүлэн хүргэж байна.
Богд хаан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Алтан ургийн ноёд, түшмэд, мэргэн лам хуврагуудтайгаа хамтарч Монголыг тусгаар улс гэж зарласан бол тухайн үеийн Манж Чин улсын шууд залгамж болох Дундад иргэн улс (Одоогийн БНХАУ) үүнээс гурав хоногийн дараа буюу 1912 оны нэгдүгээр сарын 1-нд Дундад иргэн улс байгуулсныг дэлхий дахинд зарласан. Манайх энэ улсаас түрүүлж улсаа тунхаглаж чадсан юм. Энэ өдрөөс хойш Хятадын удирдагчид Богд хаанд байнга захидал бичиж байжээ. “Манайх Манж Чин гүрний шууд залгамж улс тул тус улсад дагаар орсон бүх улс манайд хамааралтай байх ёстой тул танай улсыг манайх хамаарна, хүлээн зөвшөөр” гэсэн утгатай байдаг. Тэр бүрийд няцаасан хариулт өгдөг байсан Богд хааныг сүрдүүлж ч үзжээ. Танай цэрэг цөөн, манайх үстэй толгойноос олон, та нар цэрэг тэжээх чадваргүй, танайхыг улс гэж хэн харах вэ гэж байх цаг үед Богд хаан буцааж захидал илгээхдээ “Тийм ээ, гэхдээ толгойн үсийг нэг л тонгоргоор хусдаг шүү дээ” гэж бичсэн удаатай. Тэгээд ч Хятад улсад дагаар орсон одоогийн Өвөрмонголчуудаа чөлөөлөхөөр 1913 онд “Таван замын байлдаан” гэдгийг хийж, ялалт байгуулан 49 хошууныхаа 38-ыг чөлөөлсөн түүхтэй.
Монголын найман Богдын амьдрал, үйл хэрэг нь Монголын тусгаар тогтнол, дангаар орших гэдэг сэтгэлгээ төлөвшихөд асар нөлөөтэй байсан гэж эрдэмтэд үздэг. Монголчууд 1911 онд зуун хувь шарын шашинтан байгаагүй бол, ард түмэн бүгд Богд хаанаа дагаагүй бол тусгаар тогтносон улс байхгүй байх байлаа хэмээж үздэг судаач ч бий.
Гадаадын эрдэмтдийн хэлсэн үгнүүдээс харахад Богд хаан “хачин” сэтгэлгээтэй хүн байжээ. Хэний ч зориглон хийгээгүй, боломжгүй зүйлсийг барьж авдаг. “Ха” гэдэг нь төвөд хэлний хачин гэсэн үгний язгуур, харин чин гэдэг нь их, далай гэдэг утгатай. Мэргэний дээд, агуу сэтгэлгээтэн гэж үздэг хэмээн бодож болох юм. Хааны намтар домог, түүхээр өлгийдүүлсэн. Зарим нь итгэл үнэмшлээрээ Богд хаанд агуу их хүчний чулуу байсан учраас Монгол Улсыг тусгаар тогтнуулж чадсан гэж үздэг. Богдын ордонд ирсэн гадаадын жуулчид “Дэлхийд хааны ийм ордон үзээгүй” гэж хэлсэн нь бий. Заан бүрээдэж, арслан архирч, гөрөөс уухирч байдаг ийм ордон үзээгүй” гэж хэлсэн нь түүх болон үлдсэн. Өндгөн сүрэг гэж, зөвхөн хааны хамаарал бүхий мал, амьтан байдаг, хэрэв айлын алдуул мал хашаанд орж ирвэл шууд хааны санд хурааж авдаг, эсвэл маш өндөр торгуул ногдуулдаг байсан юм билээ. Хаан амьтдын, шувуу болон хоёр нутагтнуудын чихмэлийн музей нээсэн. Одоо Богд хааны ордон музейд байгаа амьтдын чихмэлийг сайтар харвал зарим төрөл зүйл нь дэлхийд үгүй болчихсон нь ч бий.
Хаан тухайн цаг үеийн техник, технологийн дэвшил болох хүн төрөлхтний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байсан хөгжимт хайрцаг, хүний гайхашрал, хачирхлыг татсан өөрөө явдаг тэрэг буюу автомашиныг анх оруулж ирсэн. Ер нь хачин, гайхалтай юмнуудыг сонирхож судалдаг хүн байжээ. Тийм хачин, сонин юмтай таарвал өөртөө бэлэг болгож авдаг, бэлэг болгуулж чадаагүй бол худалдаж авч цуглуулгаа баяжуулдаг байсан аж. Хааны сангаас хааны хачирхлыг төрүүлсэн зүйлсийг өдөр бүр худалдан авч байх сан байгуулсан байсан. Харин сүүлдээ хачирхалтай юм сонирхохоо больж, эглийн эгэл юманд дурлаж, хайрладаг болсон тухай зарим сурвалжид тэмдэглэжээ.
Хаан өдгөөгийн бидний өнцгөөс харахад хачин хүн байсан нь өмсөж эдэлж байсан дээл хувцас, гоёл хэрэглэлээс нь харагддаг. Зэрэгцлийн чимэг гэж юу байдгийг улсын хаан юу өмсөх ёстой вэ гэдэг үлгэрийг хаан, хатан хоёр харуулсан. Тэдний өмсөж байсан дээл, хувцасны материалыг нь олж, загвараар нь оёсон ч гэсэн адилхан болохгүй. Сувдан хүрмийг нь одоогийн зах зээлийн үнээр тооцож бодоход тэрбум төгрөг болж байна. Хаан ийм хээнцэр, ганган, хачин сэтгэлгээтэй байсан нь тухайн үеийн урчуудад нөлөөлсөн. Монголын урчуудын чадвар XX зууны эхэн үед маш өндөр хөгжсөн байдагт хаан нөлөөлсөн ч гэж үздэг. Тэр үеийн урчуудын бүтээл одоо Богд хааны ордон музейд бий.
Мөн хүмүүс ордон музейд сонирхож, хачирхаж ирэхээс гадна сүсэг бишрэлээ дагаж ирдэг. Үе үеийн богдуудын дээдэлж, шүтэж байсан бурхан тахилуудад мөргөх гэж ирдэг. Хөгшдөө дагуулсан хүмүүс олон байгааг харж болно.
Ардууд дундаас 300 гаруй хүүхэд өргөн авч, хүмүүжүүлсэн. Хатан нь 1921 оны хувьсгалаас өмнө Их хүрээнд европ маягийн анхны сургууль байгуулсан зэргээс харахад тэд соён гэгээрүүлэгч байв. Тэд байгуулсан сургуульдаа сурч байсан хүүхдүүдээс, тухайлбал Х.Чойбалсанг хойд хөрш рүү, Эрхүүд сургахаар явуулсан түүхтэй. 1921 оны ардын хувьсгалын анхны долоо болох зүтгэлтнүүдийн олонх нь Богд хааны шавь нар, түүний хамгийн ойрын улс байдаг. Социализмын үеийн кинонд Богд хаан “Би юу хийчих нь энэ вэ” гэж гараа чичрүүлэн байж тамга дардгаар гаргадаг. Ингэснээрээ тухайн үеийн киноныхон, үзэл сурталчид Богд хааны түүхийг хэлмэгдүүлсэн.
Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ойг улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэхийн гол учир, утга нь Богд хааны түүхийг цагаатгах юм гэж ойлгож байгаа. Хааны үнэн намтар, түүхийг тодруулах ажлуудыг хийж байна. Судалгааны найман ном гаргасан, түүнээс үнэн түүх харагдана. Мөн Богд хаан судлалаар тэргүүлэгч, Төрийн шагналт түүхч О.Батсайхан баримт, бичгүүдийг эмхэтгэж, Богд хэн бэ гэдгийг тодруулахад чухал, тулгуур болсон баримт ном бэлтгээд одоо хэвлэлтэд өгөх гэж байна. Үүнийг БСШУСЯ-наас санхүүжүүлж байгаа.