“Оюутолгой” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал асан, гадаад харилцааны мэргэжилтэн, эдийн засагч А.Мөнхбаттай ярилцаж, “Оюутолгой” төслийн талаарх байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Оюутолгой” компанийн удирдлагын багт 2012 он хүртэл найман жил ажилласан нэгэн билээ.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлснээс хойш 10 жил өнгөрлөө. Төсөлд хөрөнгө оруулагч “Рио тинто”-той манайхан үл ойлголцсон хэвээр л байна. Алдаатай гэрээ байгуулсан гэсэн шүүмжлэл бишгүй гарсан. Та “Оюутолгой” төсөлтэй холбоотой өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлыг хэрхэн дүгнэх вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 10 жил өнгөрлөө. Арван жилийн хугацаанд өсөлттэй зүйл маш их гарсан гэж хэлнэ. Монгол Улсын эдийн засаг 1990-ээд он буюу зах зээлийн нийгэмд шилжих үед 500 орчим сая ам.доллар л байсан. Гэтэл өнөөдөр 12 тэрбум ам.доллар болж, 20 дахин томорчээ. Манай улсын гадаад худалдааны эргэлт 300 сая ам.доллар байсан бол 6-7 тэрбумд хүрч өслөө. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа буюу 2010-2011 онд Монголын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн.
Улаанбаатарт олон барилга барьж, машин тэрэг нь багтахаа больсон нь тэр үеийн эдийн засгийн хуримтлалын үр дүн. Харамсалтай нь, 2012 оноос эдийн засгийн хямрал эхэлсэн. Хямрал 2017 он хүртэл үргэлжиллээ. Монгол Улс 2012 сүүлчээр олон улсын зах зээлд “Чингис” бонд гаргаж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө маш хялбар татсан. Энэ нь “Оюутолгой” компанийн үйлдвэрлэл 2013 онд эхлэх гэж байсантай холбоотой юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд Монголын орлого нэмэгдэнэ гэж хараад манай бондыг худалдаж авсан. Түүнээс биш, 2012 онд байгуулсан шинэ Засгийн газрын зарим сайдад итгэсэн хэрэг биш. 1.5 тэрбум ам.доллар хямралыг давахад үнэхээр нэмэр болсон. Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсан нь 2008-2009 оны эдийн засгийн хямралтай тэмцэх гол хэрэгсэл байлаа. Гэрээ байгуулснаар манайх хямралыг амжилттай давсан.
Хямралаас гарахын тулд далайцтай арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, том төсөл хөдөлгөх хэрэгтэй болдог юм. 1997-1998 оны хямралаас гарахын тулд тухайн үед Н.Энхбаярын Засгийн газар “Мянганы зам” төслийг эхлүүлсэн. Мянгуужингийн үлгэр гэж шүүмжлэгдэж байсан ч тэр бүтээн байгуулалт одоо үр өгөөжөө өгч байна. 2007-2008 онд эхэлсэн хямралаас гарахын тулд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, сөрөг хүчин байсан АН-ын дарга Ц.Элбэгдорж нар ойлголцоод, 2009 оны нэгдүгээр сард “Оюутолгой” төслийг эхлүүлэх хамтарсан хэвлэлийн бага хурал хийж байлаа. Улс төрийн хоёр гол нам тохирсны хүчинд гэрээ хийх хэлэлцээ эхэлсэн түүхтэй. Энэ гэрээг байгуулснаас хойш Монгол Улс ашигт малтмалын арвин баялагтай гэдэг нь олон улсад танигдсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол Монголын тал 34 хувийн хувьцаандаа ногдол ашиг авах, мөн татвар, хураамжаар үр ашгийг нь хүртэх зорилготой баримт бичиг. 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс 2023 оноос хувьцаанд ногдох ногдол ашиг авч эхлэхээр байв.
Гэтэл хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн гэсэн үндэслэлээр тухайн үед Уул уурхайн сайд, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байсан хүмүүс 2013 онд “Рио тинто” группийн удирдлагад захидал бичээд, гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон. Энэ нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмж, эдийн засгийн хүндрэлээс гарах зорилгоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Дубайн гэрээ”-г 2015 онд аргаа барсандаа л байгуулсан гэж би ойлгодог. “Дубайн гэрээ”-г байгуулсан хүмүүс УИХ-д танилцуулахдаа ногдол ашиг авах хугацаа 2037 он болж хойшилсон гэж хэлсэн. Гэтэл энэ оны долдугаар сард “Рио тинто” группийнхэн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал дахиад хоёр орчим тэрбум ам.доллароор хэтрэх нь, үйлдвэрлэл нь 2-3 жилээр хойшлох нь гээд зарлачихлаа. Тэгэхээр 2040 он гарч байж манайх ногдол ашиг авах нь. Уг нь “Оюутолгой” төсөл Монголын эдийн засагт том хувь нэмэр оруулсан. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдээд байгаа учраас “Оюутолгой”-г хүн бүр шүүмжлээд байгаа юм. Төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхэд Монголын тал ч нэрмээс болсон.
-Зардал нэмэгдэхэд монголчууд ямар нэрмээс болсон гэж үзэж байна вэ?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг гурван жил зогсоосон нь хөрөнгө оруулалтын зардлыг өсгөх шалтгаан болсон гэж боддог. Гурван жилд эд материалын үнэ олон хувиар нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал эзэмшиж байгаа. “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гурван гишүүнийг нь манайхан томилдог. Аливаа ТУЗ тухайн компанийн зардал, хөрөнгө оруулалтыг нь баталдаг. Манай Засгийн газар 2010 оноос хойш есөн жилийн турш өссөн зардлыг нь хүлээн зөвшөөрөөд, батлаад явсан гэсэн үг. ТУЗ-өөр нь дамжуулаад хяналт тавих боломж бүрэн байсан. “Оюутолгой”-н зардал хэтэрсэн асуудалд Монголын Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой.
-Хөрөнгө оруулалт хэтэрч буй нь хэр үндэслэлтэй гэж боддог вэ. Манайхан хуудуутай гэж харддаг шүү дээ.
-Зардал хэтрэх бол тохиолддог асуудал. Цаг хугацаа алдах тусам л хөрөнгө оруулалтын зардал өсдөг. Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд өөрчлөлт оруулсны дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тухайн үеийн Засгийн газартай хамтран анх боловсруулсан юм. Гэтэл тэр гэрээг УИХ-аас 2007 онд буцаасан. Тэгэхэд “Оюутолгой”-гоос 1500 хүнийг халж байлаа. Хийх ажлын хүрээ багассан ч бид мэргэжилтэй 3000 хүнээ цалинжуулаад явж байсан. Ингэхээр хөрөнгө оруулагчийн зардал өсөөд л байна гэсэн үг. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2012-2015 онд зогсооход “Оюутолгой” компанийн сул зардал нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтын зардал хэтэрлээ л гэдэг. Гэхдээ “Оюутолгой” төсөлд давхардсан тоогоор 17-18 мянган хүн ажиллаж байна. Монгол Улсын 700 орчим аж ахуйн нэгж ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлж эхэлснээр Өмнөговь аймаг хөгжсөн. Цаашлаад Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмэр болсныг хүн бүр мэднэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар гуравдагч хөршийн буюу АНУ, Канад, Англи, Австралийн хөрөнгө Монголд орж ирээд байна. Энэ төсөл Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд том үүрэг гүйцэтгэсний үзүүлэлт нь энэ. Хүмүүс одоо мартсан байх. Н.Энхбаярын Засгийн газрын үед хуучин ЗХУ-аас авсан “Их өр”-ийг 2001 онд дарсан. “Их өр”-ийн 98 хувийг цайруулаад, хоёр хувь буюу 250 сая ам.доллар манайх төлсөн. Тухайн үед Оюутолгойн ордыг илрүүлсэн “Айвенхоу майнз” компаниас Засгийн газар өрөө дарахын тулд 50 сая ам.доллар зээлж байлаа. Үүний төлөө “Айвенхоу майнз” компанид 2004 онд Засгийн газраас “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн дурсгалын бичиг гардуулж байсан. Монгол Улсын хөгжлийг бататгахад “Оюутолгой” төсөл маш том үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
-Хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн гэхээс гадна “Оюутолгой” компанитай Засгийн газар байсхийгээд татварын маргаан үүсгэдэг. Манай хуулийн дагуу зарим татвараа төлөхгүй гэж гүрийдэг гэх юм. Татварын албанаас 130 сая ам.долларын акт тавьж байсныг нь мэдэх байх. Дахиад акт тавих гэж байгаа гэсэн мэдээлэл авлаа. Та удирдлагын багт нь ажиллаж байсан хүний хувьд ямар учир шалтгааны улмаас маргаан гардгийг нь мэдэх болов уу?
-Би 2004-2012 онд “Оюутолгой” компанид ажилласан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнө, мөн дараа нь Монгол Улсын Засгийн газар маш өргөн бүрэлдэхүүнтэй татварын шалгалт хийж байлаа. Татвар, гааль, аудитын байгууллагаас тогтмол шалгалт оруулдаг. Би хоёр чиглэлээр маргаан үүсдэг гэж ойлгосон. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө “Айвенхоу майнз” компани тусгай зөвшөөрөлтэй олон талбайд хайгуул хийж байсан. Үүнд гаргасан зардалтай холбоотой маргаан үүсдэг гэж ойлгодог. Мөн томоохон бүтээн байгуулалт хийхийн тулд “Рио тинто” барилгын, эрчим хүчний гэх мэт туршлагатай компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулдаг. Туслан гүйцэтгэгчидтэй холбоотой татварын маргаан гарсан гэж ойлгосон. Үүнээс илүү нарийн мэдээлэл надад алга. Гадаадын хөрөнгө оруулагчийн талаас хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байдаг юм байлгүй.
-Маргалдсаар байгаад төслийг бүхэлд нь зогсоох нөхцөл үүсвэл яах вэ?
-Хүнд нөхцөл үүснэ. Анзаарч байгаа бол эдийн засгийн хямрал болох дохио хангинаад эхэллээ. “Оюутолгой” төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг 2009, хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг 2011, Дубайн гэж нэрлээд буй гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг 2015 онд гээд гурван гэрээ хийсэн. Эдийн засгийн хямралын үед хийсэн гэрээнүүд нь амжилтгүй, өсөлттэй байхад хийсэн нь амжилттай болчихоод байгаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 онд өөрчлөлт оруулсан. Хэлэлцээрээр “Рио тинто”-гийн Монголын талын өмнөөс хийж буй санхүүжилтийн зээлийн хувь LIBOR (Лондоны банк хоорондын захын суурь хүү) дээр +9 байсныг зургаа болгож бууруулсан юм. Маш амжилттай хэлэлцээр болсон учраас хэн ч үүнийг ярьдаггүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ алдаатай болсон, ялангуяа “Дубайн гэрээ” маш муу гэж яриад л байдаг. Одоо хямрал эхлэх нь. Ийм үед өмнөх гэрээгээ сайжруулах яриа хэлэлцээ хийвэл амжилт олно гэж бодохгүй байна.
-Хоёр гэрээг яагаад амжилтгүй гэж та дүнгэж байна вэ?
-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ тухайн үед Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан холбогдох хуулийн заалтуудын цуглуулга л байсан. Монголын тал буулт хийчихсэн зүйл огт байхгүй. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, “Рио тинто”-той хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалсан Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт нар ямар ч буулт хийгээгүй. 2015 онд байгуулсан “Дубайн гэрээ” ч хууль, эрх зүйн хувьд ямар ч алдаагүй. Харин “Дубайн гэрээ”-ний үр дагавар л Монголын талд хүнд болчихоод байгаа юм. Бүгд тухайн үеийн хууль, тогтоомжийн хүрээнд хийсэн гэрээнүүд. Би алдаатай болсон гэж хэлэхгүй. Хууль зөрчсөн бол гэрээ хийсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл хууль зөрчөөгүй учраас хариуцлага нэхэх учиргүй юм. “Рио тинто”-гийнхон авлига өгсөн гэж манайхан шуугьсан. Манайханд авлига өгсөн бол “Рио тинто”-гийн удирдлагууд Англи, Канадын шоронд суух ёстой юм биш үү. Авлига өгсөн гэж бодож байгаа бол Англи, Канадын Засгийн газарт хандаач, эрх зүйн туслалцаа аваач гэж би хэлдэг. Авлига өгсөн бол тухайн орон хөрөнгийн бирждээ бүртгэлтэй компанидаа хариуцлага тооцно. Гэтэл манайхан гэрээ байгуулсан хүмүүсээ барьж хорьж байна. Энэ буруу үйлдэл нь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.
-Одоо авлига авсан гэж ярихаа больсон. Харин бусдад давуу байдал олгосон гэсэн үндэслэлээр буруутгадаг болсон шүү дээ. 50 сая ам.доллар хүрэхгүй бэлтэй компанитай гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг хийсэн хүмүүсийг буруутгаж байгаа гэж сонссон.
-“Айвенхоу майнз” Монголын Засгийн газарт 50 сая ам.доллар зээлж байсан компани. Хайгуулд 100 орчим сая ам.доллар зарцуулаад Оюутолгойн ордыг 2001 онд нээчихсэн байсан. Цааш нь хайгуулаа үргэлжлүүлэх өчнөөн хөрөнгө байлаа. Энэ бол утгагүй хардлага. Миний мэдэхээр Ерөнхий сайд асан С.Баяр гэхэд тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа Р.Фрийдландтай огт уулзаж байгаагүй. Тийм байж хэрхэн танихгүй хүнд давуу байдал олгосныг би л лав ойлгохгүй байгаа.
-УИХ-аас байгуулсан ажлын хэсэг “Оюутолгой” төслийн талаар авах арга хэмжээний тогтоол боловсруулж байгаа. УИХ-аас Засгийн газарт “Оюутолгой” төсөлтэй холбоотой ямар нэг үүрэг даалгавар өгөх нь тодорхой боллоо. Ажлын хэсэгт багтаж буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Оюутолгой” компаниас эзэмшиж буй 34 хувийн хувьцаанаасаа татгалзъя, төслийн үр өгөөжийг өөр хэлбэрээр хүртье гэсэн санал гаргасан байна лээ. Таны бодлоор хувьцаанаасаа татгалзах нь зөв үү?
-Монгол Улс 1990 онд ОХУ-д 10 тэрбум рублийн өртэйгөөр ардчилсан тогтолцоотой, зах зээлийн нийгэмд шилжсэн. Энэ өрөө 2001 онд цайруулж чадсан. Тэгээд хувийн хэвшил нь хөгжсөн, бие даасан эдийн засагтай улс болчихно гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл одоо Монгол Улсын өр 27 тэрбум ам.долларт хүрсэн. Бид дараагийн өрийн эрин үед амьдарч байна. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт есөн тэрбум ам.долларт хүрлээ. Монголын Засгийн газар төслийн 34 хувийг эзэмшиж байгаа учраас үүний гурван тэрбум ам.доллар нь манайд хамаатай. Өөрөөр хэлбэл, төсөвт дарамт болдоггүй ч тайлан тэнцэл дээр бичигддэг, Монголын төлөх ёстой өр. Монголын Засгийн газар төслийн 34 хувийн эзэмшлээс татгалзчихаад, өгөөжөө нэмэлт татвараар хүртээд явах хэрэгтэй.
Би ийм байр суурьтай байгаа. Ингэвэл өрийн дарамт буурна, төслөөс хүртэх өгөөжийн хугацаа наашилна. Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа манай тал төслийн 51 хувийг эзэмших боломжтой юм байна гэсэн хүлээлттэйгээр 34 хувийн хувьцааг нь эзэмшсэн гэж ойлгодог. Гэтэл 2040 он хүртэл ногдол ашиг авахгүй нь. Байсхийгээд хөрөнгө оруулалтын зардал нь нэмэгдээд байхаар ашиггүй наймаа байгаа биз дээ. Гүйцэгдэхгүй зэрэглээний хойноос хөөцөлдөж байхаар “Оюутолгой” төслийн 34 хувиа хөрөнгө оруулагч талдаа өгөөд, гадаадын бусад орон ямар хэлбэрээр өгөөжөө хүртэж байна, түүний жишгээр л явъя. Эх оронч үзэлд дөрөөлсөн, мэдлэггүй толгойгоор хэлэлцээ хийхээр алдаа гаргаад байна. УИХ шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй. УИХ-ын зөвлөмжийн дагуу тогтоолын төсөл боловсрууллаа гэж өнгөрсөн жил ярьж байсан. Гэтэл чимээ ч алга.
Хойшлуулсан, хургасан, бэргэсэн байдалтай л байна. Тодорхойгүй байдал Монголын эдийн засагт хүндээр тусаад байгаа. УИХ-ын 2020 оны сонгууль дөхөж байхад улс төрийн шийдвэр гаргах уу. Эрх барьж буй хүчний эсрэг ашиглаж магадгүй гэж айгаад шийдвэр гаргахгүй байх. Шийдвэр гаргахгүй хойшлуулсаар байгаад эдийн засагтаа хэрэгтэй олон зүйлийг сөрөг болгочихлоо. Сүүлийн үед ашигт малтмалын лицензийн тоогоо бууруулснаа бахархалтайгаар мэдэгдэж чухамдаа эх орныхоо газар нутгийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж авсан юм шиг сүр жавхлантайгаар гайхуулах болсон. Гэтэл түүний цаана эдийн засгийн өсөлтийн хурд суларч, хайгуулын чиглэлээр орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ бууран, геологи хайгуул, өрмийн компаниуд хаалгаа барьж, шатахуун, хүнс гээд дагалдах үйлчилгээний зардал, ажлын байр үгүй болж байгааг хэн ч тооцсонгүй. Түүнийг дагаад төгрөгийн өрсөлдөх чадвар суларч, ханш нь унаж байгааг ухаж ойлгохгүй байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ярьсан хүмүүсийг урвагч, луйварчин мэтээр цоллож, бараг эх орноо худалдсан мэтээр ярьдаг болсноор 2012 оноос хойш төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд энэ талаар ярихаа больсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар л хааяа ярьж байгаа харагддаг. Оффшорыг муу муухай зүйл гээд иргэддээ ойлгуулчихлаа. Гэтэл олон улсад оффшор бүсийн мөнгийг эдийн засагтаа татан оруулах өрсөлдөөн өрнөж байна. Оффшороос мөнгө оруулж ирэхээр хулгайч, луйварчин гэж хэлж болохгүй. Харин гадагшаа гарч байгаа урсгалыг хянаж байх хэрэгтэй. “Оюутолгой” дахь Монгол Улсын 34 хувь олон улсын зах зээлд ямар үнэ цэнтэй байгааг мэдэх үү. Энэ үнэ цэн 2011 онд 15 тэрбум ам.доллар хүрч байсан. Түүнээс хойш байнга буурч, өнөөгийн байдлаар 330 орчим сая ам.доллар боллоо. Эдийн засгийн хямралтай нийлээд популистуудын хариуцлагагүй мэдэгдлүүд ингэж үнэгүйдүүлсэн гэхээс өөр аргагүй. Гэтэл үүний цаана Монгол Улсын төлбөрийн тэнцэл муудан, ихээхэн өр бичигдэж байгааг анхаарах хэрэгтэй.