Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.
-Хүүхдүүд голчлон ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож байна вэ?
-Зодоон, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог. Мөн дээрэмдэх, хулгайн гэмт хэрэг өдүүлэх нь цөөнгүй. Гэмт хэрэг болгоны цаана учир шалтгаан бий. Хүүхдүүд бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй муудалцах, нэгнээ дээрэлхэх зэрэг үйлдлээс үүдэн хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдож байна. Дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг нь ар гэр, тухайн үеийн нөхцөл байдлаас болдог.
-Насанд хүрэгчид, эцэг, эхийн үлгэргүй байдлаас болж хүүхэд хэрэгт холбогдох тохиолдол олон гардаг уу?
-Хүн зодох, хулгай хийх, бусдыг дээрэмдэх хэрэг үйлдсэн хүүхдүүдийг судлахад олонх нь эцэг, эхийн хайр халамж авч чадаагүй, хараа хяналт сул, аав, ээж нь салсан, хэн нэгэн нь хаяад явсан, хойт аав, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүд байдаг. Гэртээ чөлөөтэй байж чадахгүй, үүнээсээ болоод гэрээсээ дайжин, гадуур сэлгүүцэж, дутуугаа бусдаар нөхөх гэсэн санаа зорилго байдаг. Уур бухимдлаа бусдад гаргах, гэрийхэндээ зодуулсан бол өөр нэгнийг зодох зэрэг үйлдлээс болоод гэмт хэрэгт холбогддог. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол үзэл баримтлал нь хүүхдэд хорих ял оноох бус, өөр төрлийн хариуцлага ногдуулах юм.
...Хамгийн чухал нь тэдгээр хүүхдийг эргээд нийгэмшүүлэх, ар гэр нь хэрхэн хүлээж авахаас түүний ирээдүй шууд хамаардаг...
-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болох нь бий. Ямар төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн хохирогч болдог вэ?
-Анхаарах бас нэг асуудал нь хүүхэд гэмт хэргийн хохирогч болж буй явдал. Дээрэм, хулгай, гэр бүлийн хүчирхийлэл, зам, тээврийн осолд хүүхдүүд хохирогч болж байна. Бидний судалснаар, хүүхэд 32 төрлийн гэмт хэрэгт хохирогч болдог нь тогтоогдсон.
-Өсвөр насны хүүхдүүд буруу хүмүүстэй нөхөрлөснөөр элдэв асуудалд ордог. Өнөөдрийн хувьд байдал ямар байгаа бол?
-Манай хэлтэс хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх, хүүхэд хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх чиглэлээр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран улирал болгон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Бусдын нөлөөнд автсан, уруу татагдсан 100-гаас доошгүй хүүхдийг улирал бүр илрүүлдэг. Тэдгээр хүүхдийг Хүүхэд хамгааллын төв, “Амгалан” дахь Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн төвд хүлээлгэн өгдөг ч зарим нь оргож, буруу замыг дахин сонгосон байдаг. Хүүхдийг боломжтой бүхий л тохиолдолд гэр бүлд нь нэгтгэх бодлогыг бид баримталдаг. Гэсэн ч хүүхдүүд эргээд гэртээ очиход таарч тохирохгүй, бие махбодын хүчирхийлэл биш юм аа гэхэд үл хайхрах хүчирхийлэлд өртсөнөөс гэрээсээ дахин явдаг. Улирал бүр шалгалт хийж байгаагийн зорилго нь хүүхдийг гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах. Энэ жилийн гуравдугаар улирлын шалгалтаар 190 хүүхэд илрүүллээ. Арваннэгдүгээр сард ахин шалгалт хийж, нэг ч хүүхдийг хотын гудамж, траншейд хонуулахгүй гэсэн зорилго тавин ажиллана. Гудамжинд хонож байгаа, гуйлга гуйж суугаа хүүхэдтэй таарсан иргэд 102 болон 108 дугаарын утсанд хандахыг хүсье.
-Хүүхдийг гэмт хэрэгт өртөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
-Дийлэнх тохиолдолд эцэг, эхийн хараа хяналт муу байгаагаатай холбоотой. Гудамжинд амьдарч байгаа, цахим тоглоомд донтсон, гуйлга гуйж суугаа, тэнэмэл, сургууль завсардсан, хулгай хийдэг хүүхэд бүрийг эцэг, эх нь хайр халамжаар дутаасан байдаг. Аз жаргалаар дүүрэн гэрээс хүүхэд зугтахгүй. Зарим үед амьжиргаа сайтай айлын хүүхдүүд гэрээсээ явах нь бий. Юугаар ч дутахгүй амьдарч байгаа ч үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг. Үүнээс болоод хүүхдүүд бусдыг дээрэлхэх, зодох, хар тамхины хэрэгт холбогддог.
-Хэчнээн хүүхэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна вэ?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хэргээр долоон хүүхдийг шалгаж байгаа. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 1.3 дахин өссөн үзүүлэлт. Эдгээр хүүхдийг шалгахад бүгд бололцоотой гэр бүлд өсжээ. Хүүхдэд буруу өгөхөөсөө илүүтэйгээр эцэг, эхийн хайр халамж, хүүхэдтэйгээ ярилцах цаг хомс байгаагаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог.
-Сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг багассан уу?
-“Скүүл полиц” төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Энэ төслөөс өмнө сургуулийн орчинд хүүхдийн гар утас, ээмэг, бөгжийг дээрэмдэх, залилах хэрэг олон гардаг байсан. Харин дээрх төсөл хэрэгжиж эхэлснээр энэ төрлийн гэмт хэрэг багассан. Хүүхдэд байгаа хамгийн үнэтэй зүйл нь гар утас. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ холбоо барихын тулд утас авч өгдөг. Гэвч хүүхдэдээ үнэтэй утас авч өгөх нь тэднийг хулгай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болоход хүргэж байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн хүүхэд хэр олон байна вэ?
-Яг одоогоор цөөн бүртгэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл удамших хандлагатай байдаг. 1990-ээд оны гэр бүлд өссөн хүүхдүүд одоо эцэг, эх болсон. Тэр үеийн нийгмийн байдлыг харвал хүүхдүүд эмээ, өвөө дээрээ өсөж, аав, ээж нь салсан, хойшоо, урагшаа наймаанд явдаг нь түгээмэл байж. Хүчирхийллийн орчинд өссөн хүүхдүүд хүчирхийлэл үйлдэх нь бий. Өсөж том болох явцдаа хүчирхийлэлд өртдөг байсан учир тэрийгээ байх ёстой зүйл гэсэн хэвшмэл ойлголт суучихсан байдаг. Эрчүүд нь “Би эмэгтэй хүнийг захирах ёстой. Эмэгтэй хүн ямагт миний үгээр байх учиртай” гэсэн хандлагатай болсон байдаг.
-Хүүхэд гэмт хэрэгт холбогдоход саатуулах арга хэмжээ нь ямар байдаг вэ?
-Хүүхэдтэй холбоотой эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой журмаар явдаг. Хүүхэд онцгой субъект учир аль болох цагдан хорьдоггүй. Үйлдсэн гэмт хэрэг нь эргээд хүүхдийн амь насанд аюул учруулах, хийсэн хэргээсээ болоод амиа хорлож болзошгүй бол саатуулах арга хэмжээ авдаг. Ихэвчлэн хүн амины хэрэгт холбогдсон тохиолдолд саатуулдаг.
-Гэмт хэрэгт холбогдсон, тэнсэн харгалзах ял авсан хүүхдүүд дахин гэмт хэрэг үйлддэг үү?
-Цөөн. Шүүхээс ял шийтгүүлсэн хүүхэд бүр ухаардаг. Хамгийн чухал нь тэдгээр хүүхдийг эргээд нийгэмшүүлэх, ар гэр нь хэрхэн хүлээж авахаас түүний ирээдүй шууд хамаардаг. Дүүрэг, аймаг болгонд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл эдэлж байгаа хүүхэд бүрийг хугацаанаас нь өмнө суллах, хүүхдийг эргээд нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр гаргах үүрэгтэй.
-Интернэт орчин хяналтгүй болсон, хүчирхийлэлтэй кино, тоглоом хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хүчирхийлэлтэй кино, тоглоом нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг. Хүүхдэд зөв үлгэр дуурайл болох орчин хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдэдээ гар утас эрүүл мэндэд муу гэж хэлчихээд өөрсдөө ухаад суувал энэ ямар ч хэрэггүй. Эцэг, эхийн толь нь хүүхэд гэдэг шүү дээ. Хэрэв эцэг, эх нь хүүхдэдээ үлгэрлэж чаддаггүй бол яг л тэдэн шигээ хүн болно. Цахим хэрэглээн дээр төрийн зүгээс хяналт тавих хэрэгтэй.
-Сүүлийн үед хүүхдүүд архи, хар тамхи их хэрэглэх болсон гэх. Энэ юунаас улбаатай бол?
-Монголын 800 мянга гаруй гэр бүлийн эцэг, эхтэй холбож тайлбарлана. Аав, ээжүүд эхлээд өөрсдйинхөө эрх ашгийг хойш тавих хэрэгтэй. Юун түрүүнд хүүхдээ боддог байх ёстой. Гэр бүлийн зөрчил, хэрүүл маргаан, салах дээрээ тулсан ч хүүхдээ яах талаар бодож, бидний салалтаас болж хүүхэд хохирох ёсгүй гэдгийг сайтар ухамсарлаасай. Эдгээр хүчин зүйлээс болж хүүхдүүд элдэв асуудалд холбогдож байна.
-Жилд хэчнээн хүүхэд шүүхээс ял шийтгэл сонсож байна вэ?
-Энэ жил 10 хүүхэд ял шийтгүүлсэн гэх тоо бий. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихэссэн. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 4.5 хувиар буурлаа.
-Хүүхдийн эрхийг хамгаалах мэргэшсэн өмгөөлөгч байдаг уу?
-Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч алга. Хүүхдийн эрхийг хамгаалах төвтэй гэрээ байгуулсан хуульч нар л элдэв асуудалд холбогдсон хүүхдийг өмгөөлдөг. Дүүрэг, аймаг болгонд Хууль зүйн туслалцааны төв гэж байгаа. Тэнд өмгөөлөгч бий. Энэ өмгөөлөгчдийг чадавхжуулж, эрх зүйн зохицуулалт хийж байж хүүхдийг гэмт хэрэгт гэрч, хохирогчоор татагдахад, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өмгөөлүүлэх хэрэгтэй.
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зөвхөн цагдаагийн байгууллага, Хүүхдийн эрхийг хамгаалах төвийн үйл ажиллагаа хангалтгүй. Энэ асуудалд иргэн бүрийн оролцоо чухал. Хүүхэд бидний ирээдүй учир хүн бүр сэтгэл, зүрхээ зориулан ажиллах хэрэгтэй. Сэтгэл зүрхээ зориулна гэдэг нь хүүхэд нэг бүр дээр очин цаг, зав, мөнгө үрэх гэсэн үг биш. Өөртөө ойр байгаа, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхэдтэй ярилцаж тэднийг сонсох нь л бидний ажилд ихээхэн тус болдог. ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, багш нь хүүхдийн хөгжлийг дэмжих, хөдөлгөөн бүлгэмүүд байгуулж, хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрөөхийн тулд ямар нэг үйл ажиллагаа зохиовол тэрийг нь дэмжих хэрэгтэй.
Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар