Өглөө долоон цагийн үед миний бие хотын төвийн нэг ТҮЦ рүү тамхи ширхэглэж авахаар шагайлаа. Хаалгыг нь нээгээд ортол маш тааламжгүй үнэр хамар руу цоргиод авав. Ханхалж байсан өмхий үнэр юуных гэдэг нь тодорхой байлаа. Энд тэндхийн худалдааны захын нийтийн нойлд орохоор үнэртдэг үнэр шиг санагдав. Худалдагчаас "Энэ юу вэ, юуны үнэр вэ?" гэж асуумаар аядсан ч хэн хэнийгээ эвгүй байдалд оруулаад яахав гээд бушуухан тамхиа аваад гарлаа. "Энэ шилэн хоргон доторх пирожки, ороомгийг ямар хүн нь идэж, магадгүй азгүй тохиолдлоор хордлого авах бол" гэсэн зурвасхан бодол тэрүүхэндээ төрөв.
Сүүлийн үед нийслэлийн гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүд "жижиг түргэн хоолны газар" болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Анхандаа ТҮЦ-ний худалдагчид зөвхөн цонхоороо үйлчилдэг байсан бол харин одоо худалдан авагч дотор нь орж үйлчилдэг болоод зогсохгүй тэндээсээ бэлэн хүнсний бүтээгдэхүүн авч идэх боломжтой болсон. Хэдийгээр энэ нь сайн талтай ч нөгөө талаараа ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Энэ стандарт мөрдөгдөөгүйн улмаас өнгөрсөн долдугаар сард ТҮЦ-нд худалдаалагдаж байсан хавчуургатай талхнаас 22 иргэн хордсон тохиолдол гарсан.
Тэгэхээр ТҮЦ-ний худалдагчид хаана бие засаж, гараа угааж, дараа нь хүмүүст үйлчилдэг юм бол гэж иргэн та бодож үзсэн үү? Зарим нь ойролцоох үйлчилгээний газруудыг гуйж бие засдаг байж болох хэдий ч шөнийн цагаар хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-үүдийн хувьд бол энэ маш том асуудал.
Энэ талаар Нийслэлийн дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан П.Баярхүү дарга хэвлэлийн бага хурлын үеэр дурдаж байсан удаатай. Тэрбээр "Нийслэлийн шуурхай удирдлагын төвд иргэдээс “ТҮЦ эрхлэгчид ариун цэврийн шаардлага хангадаггүй, дотор нь бие засч, хогоо хаяж, тоос шороогоо угаасан бохир усаа тухайн орчиндоо шууд цацчихдаг. Түүнийгээ цэвэрлэдэггүй. Үүнээс болж халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байна. УСУГ-аас байнга “ТҮЦ эрхлэгчид бохирын хоолой руу угаадас цацаад хөлдөөгөөд хаячихдаг” гэж гомдоллодог. Үүгээр ч зогсохгүй Мэргэжлийн хяналтын байгууллагынхан тэвчих үедээ тэвчээд чимээгүй өнгөрөөсөөр ирсэн” хэмээн ярьсан. Дараа нь хотын удирдлага энэ тал дээр шийдвэрлэх ямар ч бодлого хэрэгжүүлээгүй нь өнөөдрийн нөхцөл байдлаас тодорхой харагдана.
Мэдээж энэ бүх асуудлууд ТҮЦ эзэшигчдэд бус харин нийслэлийн үе үеийн удирдлагуудад хамааралтай. Уг нь нийслэлийн удирдлага дээрх зурагт үзүүлсэнчлэн “ТҮЦ-ийг үзэмж сайтай, дотроо ариун цэврийн өрөөтэй, түүнд ашиглах цэвэр ус, үнэр дарагч болон халдваргүйжүүлэх бодисын нөөцтэй байх ёстой” гэсэн цөөн үгээр загварыг нь баталсан. Ингэхдээ цонх нь том, хажуудаа хаалгатай байх шаардлага тавьсан байдаг. Гэтэл ТҮЦ-ийг угсардаг аж ахуйн нэгжүүд шаардлагад дөхүүлсхийгээд л хийдэг аж.
Иймд хотын удирдлагууд дээрх асуудалд дахин анхаарал хандуулж, бодитой бодлого боловсруулж нэг мөр эцэс болгохын төлөө ажиллахгүй бол цаашид хэчнээн хүн түргэн хоолонд хордохыг таашгүй.