Нийслэлийн Онцгой комиссоос үүрэг болгосны дагуу НОБГ, НМХГ, НЭМГ, НАБТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийсэн юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өчигдөр шөнийн байдлаар нийт 10 хорооны 11 өрхөөс дуудлага ирсэн. Товчоодод хяналт шалгалт хийхэд өнгөрсөн шөнийн байдлаар Чингэлтэй дүүргийн Өвөр гүнтийн товчоогоор зорчсон 76 тээврийн хэрэгсэлд ямар нэгэн зөрчил илрээгүй. Эмээлтийн товчоонд 186 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, 21 шуудай түүхий нүүрс илрүүлсэн. Баянзүрхийн товчоон дээр 415 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Мөн энэ хугацаанд айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэж байна гэсэн дуудлага цөөнгүй ирсэн. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн Б түүхий нүүрс түлж байсан нь шалгалтаар илэрсэн. Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Цасангуа” цэцэрлэг түүхий нүүрс түлж байсныг илрүүлэн тус тус зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өөр хэд хэдэн газарт түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдлууд гарсан тул холбогдох хууль журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.
Түүнчлэн ОХУ-ын Москва хотын Элчин Сайдын Яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлах “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлсэн хариу ирсэн гэдгийг тэрбээр дуулгасан юм. 2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр тус лабораториос шинжилгээний битүүмжилсэн хариуг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. “Регион Север Запад” лаборатори шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ хийснээс гадна чөлөөт хөөлтийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг давхар шинжилсэн байна.
“ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарсан. Мөн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг багатай эрчим хүчний нүүрс тул ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсныг бидэнд албан ёсоор ирүүллээ” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.