Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсний дараахан ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томилж, Хонконгийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нарыг дуудсан. Тэд гэрээний хугацаагаа дуусаагүй байхад ажлаа хүлээлгэж өгөөд Монголдоо ирсэн юм. Тамирчин бүсгүйг жүдогийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж зогсохыг спорт сонирхогчид өмнө нь олон харсан. Өөртөө итгэлтэй зан, дайчин барилдаанууд нь түүнийг алдрын тавцанд хөтөлж, дэлхийд данстай тамирчин болсон билээ. Өдгөө тэрбээр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй.
-Та жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаад сар гаруй боллоо. Хонконгоос Монголд ирэх шийдвэр гаргахад ямар байв. Дасгалжуулагчаар ажиллах саналыг хэрхэн хүлээн авсан бэ?
-Миний хувьд Монголд ирэх шийдвэр гаргах тун амаргүй байлаа. “Рио 2016” олимпын наадмын дараа зодог тайлж, дасгалжуулагчийн эгнээнд шилсэн. Хонконгийн шигшээ багт дасгалжуулагчаар уригдаж ажилласан гэрээний хугацаа дуусаагүй байтал Х.Болдбаатар багш “Би ийм хүмүүстэй хамтарч ажиллахаар баг бүрдүүлж байна. Чи ирж ажиллаач” гэж дуудсан. Багшийн саналыг сонсчихоод эхэндээ эргэлзсэн. Дахин холбогдоход нь “Уучлаарай багш аа, би очихгүй ээ, энд ажиллах гэрээ дуусаагүй байна” гээд шууд татгалзлаа. Тэгээд маргааш нь шийдвэрээ өөрчилж, “Монгол руу явъя. Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах нь миний мөрөөдөл байсан шүү дээ. Тэгээд ч надад итгэл хүлээлгэж, хариуцлагатай ажил даалгах гэж байна” гэж бодсон.
Шигшээгийн дасгалжуулагчдын шинэ багийнхан нэгнээ тамирчин байхаасаа мэддэг болохоор ажиллахад урамтай байна. ОУХМ Б.Батгэрэл бид хоёр Хонконгоос ирсэн даруйдаа ажилдаа ханцуй шамласан. Токиогийн олимп эхлэх өдөр хоног ойртсоор байгаа тул дасгалжуулагч, тамирчдын хувьд амрах зав тун бага. Монголынхоо шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар ирсэн эхний өдөр өмнө нь хамт бэлтгэл хийж байсан тамирчдынхаа өөдөөс хараад зогсоход их сонин мэдрэмж төрсөн. 12 настайдаа анх жүдогийн тамирчин болохоор дэвжээнд хөл тавьж байсан үеийн дурсамжууд нүдэнд харагдах шиг болсон шүү.
-Өнгөрсөн хугацаанд Хонконгийн шигшээ багийнхантай илүү ойр дотно болсон байх. Тэд таныг Монгол руу тийм ч дуртай явуулаагүй болов уу?
- “Рио 2016” олимпын дараа ОУХМ Б.Батгэрэл бид хоёр Хонконг руу Хоёр жил болохдоо тэндхийн тамирчдад их дасжээ. Биднийг буцах болсныг мэдээд хүүхдүүд “Багш аа, та биднийг битгий орхиоч, энд үлдээч” гэж гуйсан. Сүүлчийн өдөр хүүхдүүдтэйгээ бэлтгэл хийхэд хэцүү байлаа. Тэдний сэтгэл дундуур байгааг харах надад ч хүнд санагдсан. Яг тэр үед “Би ер нь юу хийчихэв ээ” гэж өөрөөсөө асуусан. Биднийг үдэхдээ тэд аль болох хөгжилтэй байхыг хичээсэн ч нэг л гунигтай нь мэдэгдсэн. Холбооныхоо даргад Монгол руу явах болсноо уламжлахад “Хүсэж байгаа бол явж болно. Үлдэхийг хүсвэл үлдэж болно. Бид та хоёрыг үлдээсэй гэж хүсэж байна. Та хоёрт маш их баярлалаа. Манай хүүхдүүдийн бэлтгэл сургуулилалт өмнөхөөсөө эрс сайжирсан шүү” гэж хэлсэн. Миний гэрээний хугацаа ирэх жилийн гуравдугаар сард дуусах байсан юм.
ТАМИРЧДЫГ ЗӨВХӨН БЭЛТГЭЛ ХИЙЛГЭЭД БАЙВАЛ ХӨГЖИХГҮЙ
-Таныг тэнд дасгалжуулагчаар очсоноос хойш эмэгтэйчүүдийн 57кг-ын жинд барилддаг жүдоч Тайванийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль, Хонконгийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Магадгүй, дасгалжуулагчийн хувьд танд олимпын медальтан төрүүлнэ гэж итгэсэн байх л даа.
...Д.Сумъяа шинэ оны өмнө болох мастеруудын тэмцээнд зодоглоно. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сараас хойших тэмцээнд оролцолгүй, сэргэлт авах маягаар бэлтгэл базааж байгаа. Олимпын наадамд амжилттай барилдах нь түүний гол зорилго. Тиймээс олон тэмцээнд оролцуулж, хүчийг нь барах шаардлагагүй гэж үзсэн. Д.Төмөрхүлэг Азийн гран при тэмцээнд өрсөлдөхөөр удахгүй явна. Хэрвээ амжилттай барилдвал дараагийн тэмцээнд оролцоно...
Одоо ч нэг зүйлийг дутуу орхиод ирсэн юм шиг санагддаг. Тэндхийн 57 кг-ын жинд барилддаг тамирчныг олимпын медальд хүргэхээр ажиллаж байлаа. Хэдий Монголдоо ирсэн ч Хонконгийн тамирчидтай холбоотой байдаг. Хүүхдүүд “Сайн байна уу, багш аа. Бид ийм тэмцээнд оролцохоор боллоо. Сугалаагаар би түүнтэй таарсан байна” гээд холбогдоход чадах, мэдэх зөвлөгөөгөө харамгүй өгдөг. Азийн орнуудаас Хонконг жүдо бөхөөр тааруухан. Тэд монгол хүүхдүүдийг бодвол сэтгэл зүй, бие бялдрын хувьд ачаалал даах чадвар бага. Тиймээс монгол тамирчдынхаа адил бэлтгэл хийлгэхэд тохирохгүй юм байна гэдгийг анзаарсан. Харин манай тамирчид бөх удамтай гэдгээ олон зүйл дээр харуулдаг.
-Шигшээ багийн багш-дасгалжуулагчид шинэ төлөвлөгөөний дагуу тамирчдаа бэлтгэл хийлгэж байгаа гэсэн. Тамирчдын амжилтад эергээр нөлөөлнө гэж үзсэн төлөвлөгөөнийхөө талаар сонирхуулж яриач.
-Х.Болдбаатар багш багаа бүрдүүлсэн эхний өдрөөс төлөвлөгөө гаргасан. Бид өмнөх багш-дасгалжуулагчдаасаа сайн зүйлүүдийг нь авч үлдсэн. Тамирчдыг зөвхөн бэлтгэл хийлгээд байвал хөгжихгүй. Сонирхолтой байлгах зорилгоор бэлтгэлийн нэг хэсэгт шатар, даам тоглуулж, усанд сэлэлтээр хичээллүүлэхээр болсон. Оюуны спорт тамирчдын ухааныг хөгжүүлнэ. Тархи нь сэргэг байвал барилдаанд ч эергээр нөлөөлдөг. Спортынхон дунд “Сайн хоол муу тамирчныг ч сайн, муу хоол сайн тамирчныг ч муу болгож чадна” гэх нэг үг байдаг юм. Хоолны дэглэм хэрхэн баримтлах талаар хоолзүйч, тэмцээнд сэтгэл зүйгээ хэрхэн зөв удирдаж сурах талаар сэтгэлзүйчийн зөвлөгөө, мөн сонирхолтой сэдвээр лекц уншуулах зэргээр олон талаас нь хөгжүүлэхийг хичээж байна. Миний хувьд энэ санааг зөв гэж боддог. Тамирчдаас бие бялдрын тест авч, Спорт, анагаах ухааны төвтэй хамтран ажиллаж байна. Тамирчдад 35, 35 хоногийн төлөвлөгөө гаргаад, эхний 35 хоногт тамирчин төлөвлөгөөний дагуу бэлтгэл базаасан бол дараагийн 35 хоногт хэрхэн үр дүн гарч буйг тестээс нь харна. Хэрвээ тухайн тамирчин үр дүн гаргаагүй байвал бэлтгэлийг нь өөрчилж хийлгэх зарчмаар ажиллана.
ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧ БАЙХЫН АЛЬ АЛЬ НЬ ХЭЦҮҮ
-Дасгалжуулагчаар ажиллах тамирчин байхаас хэцүү санагдаж байна уу?
-Ямар ч тамирчин саад бэрхшээлийг туулж, амжилтад хүрдэг. Үүн шиг миний хувьд тамирчин, дасгалжуулагч, шүүгч байхын аль аль нь хэцүү санагддаг. Дасгалжуулагчийн хувьд би хичээсэн ч тамирчин зүтгэл гаргахгүй бол үр дүнгүй. Тиймээс тамирчин, дасгалжуулагч хоёр харилцан ойлголцож байж амжилтад хүрдэг. Хамгийн гол нь аль алиных нь зорилго чухал. Энэ оны сүүлчээр манай тамирчдыг гурван том тэмцээн хүлээж буй. “Хонконг опен” тэмцээнд залуу, гол томоохон тэмцээнд шигшээ багийн тамирчдаа оролцуулах бодол бий. Манай жүдогийн эмэгтэйчүүд доод дөрвөн жинд эрх авна гэж найдаж байгаа.
-АНЭУ-ын Абу-Дабид жүдо бөхийн “Их дуулга” үргэлжилж буй. Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, туслах дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлагад манай 16 жүдоч зодоглож байгаа. Эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, эрэгтэйчүүдэс ОУХМ Д.Төмөрхүлэг нар энэ удаа өнжиж, бэлтгэл хийж байгаа харагдсан.
-Абу-Дабид болж буй тэмцээнд тамирчдаа хэрхэн барилдаж байгаа талаар чих тавьж сууна. Одоогоор манай бөхчүүд медальд хүрээгүй л байна. Гэхдээ бид энэ тэмцээнийг учиргүй бодож бэлтгэл сургуулилалт хийгээгүй, хамгийн гол нь ирэх жил олимпод амжилттай оролцох нь л чухал зорилго маань. Д.Сумъяа шинэ оны өмнө болох мастеруудын тэмцээнд зодоглоно. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сараас хойших тэмцээнд оролцолгүй, сэргэлт авах маягаар бэлтгэл базааж байгаа. Олимпын наадамд амжилттай барилдах нь түүний том зорилго. Тиймээс олон тэмцээнд оролцуулж, хүчийг нь барах шаардлагагүй гэж үзсэн. Д.Төмөрхүлэг Азийн гран при тэмцээнд өрсөлдөхөөр удахгүй явна. Хэрвээ амжилттай барилдвал дараагийн тэмцээнд оролцоно.
-Монголд ирснийхээ дараа нутгаа зорьж хэд хоног амарч чадав уу?
-Өвөрхангай аймгийн Хархорин сум миний төрж, өссөн нутаг. Ирээд нутгаа зорьж амжилгүй ажилдаа орсон. Намайг ирэхэд аав, ээж минь онгоцны буудалд тосож уулзсан. Хонконгод байхдаа аав, ээж, нутаг, эх орноо их санадаг байлаа. Өмнө нь тэмцээнд оролцож ирчихээд, онгоцноос буусан даруйдаа харьдаг байв. Ээж саяхан хотод ирчихээд “Чи хүний нутагт байхдаа нэг хоног ч өнжихгүй холбогддог байсан. Монголдоо ирчихээд өнжиж ярьдаг болжээ. Зангаа хурдан хувиргаж байна шүү” гэж хошигносон. Сүүлийн үед тамирчдынхаа бэлтгэлд анхаараад зав багатай боллоо. Заримдаа найз, нөхөдтэйгөө ч тухтай ярьж амжихгүй явна. Найзууд маань намайг ирэнгүүтээ л хамгийн түрүүнд уулзах байх гэж бодсон юм билээ. Гэтэл долоо хоног хэл чимээгүй явсан чинь их гайхсан гэсэн. Монголд ирснээсээ хойш нөхөдтэйгөө нэг л удаа уулзлаа. Хонконгод байхдаа тэднээсээ наашаа ирэх, эсэхээ тандахад “Бундмаа минь эх орондоо ир, чамд ийм санал тавина гэдэг нэр хүндийн асуудал, чи дасгалжуулагчаар ажиллаж чадна” гэж хэлсэн. Миний найзууд спортод амьдралаа зориулж яваа. Жүдогоос Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд, холимог тулаанаар хичээллэдэг Э.Болормаа нартай олон жил ойр дотно нөхөрлөж байгаа. Нөхөд минь миний хамгийн сайн зөвлөгч. П.Лхамдэгд нөхөр, хүүхдийнхээ хамт АНУ-д ажиллаж, амьдарч байна. Америк манайхаас цагийн олон зөрүүтэй. Монголд өглөө болж байхад тэнд орой болж байдаг. Завтай үедээ гадаадад байгаа найзуудтайгаа холбогдож хол, ойрын сонин болоод, спортын ертөнцөд өрнөж буй үйл явдлын талаарх мэдээлэл солилцдог юм.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг