Герман улсын иргэн, судлаач, жуулчин Херман Констен хэмээх эрхэм 1907-1913 онд Монгол орны нутгаар хөндлөн гулд аялж, гар болон гэрэл зураг, газар зүйн нарийвчилсан зураглал, археологийн олдвор зэрэг маш их мэдээлэл цуглуулжээ. Х.Констений аян замын тэмдэглэлийг Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” нэртэй хоёр боть номоор монголчуудтай танилцуулж буй. Уг бүтээлийн нээлт саяхан болсонтой холбогдуулан бид номын зургийн дээжээс хүргэж байна.
Х.Констен манай орноор аялахдаа энэ эмэгтэйн зургийг авчээ. “30 настай бүсгүй чимэглэл зүүсгэлээ өмссөн байгаа нь” гэж уг зургаа тайлбарласан аж. Түүнчлэн гоёлынх нь талаар дэлгэрэнгүй дүрслэн бичжээ. Ингэхдээ монгол эмэгтэйчүүд ламбугайн хэлж зөвлөсөнд үндэслэн, бүсгүй байх цаг үеэ орхиж, эхнэр хүний хүндтэй эгнээнд шилжиж, гоёл чимэглэл хэрэглэдэг гэжээ. “Арын үсээ чихнийхээ ард хоёр салаалж хавтгайлан самнаж, цавуудан хэлбэршүүлж, мөнгөн тохигт хийж тогтооно. Урд талын хөхөл үсээ духан дээгүүрээ хоёр тийш хагалан самнаж, өргөн улаан туузаар дарж бооно. Энэ бүхнийхээ дээр уран нарийн хийцтэй бяцхан мөнгөн оройвч, түүн дээрээ булган малгай духдуулж зална. Бүдүүн, хааяа хиймэл үсээр өтгөрүүлсэн гэзгээ мөнгө ба шүрээр чимэглэсэн хоргой туйвд хийж, урт мөнгөн унжуургыг (ногоон хаш байх нь элбэг) хоёр шанаа руугаа унжуулснаар толгойн боолт чимэг төгс болно” гэж Х.Констен бичжээ. Түүнчлэн монгол эмэгтэйн гоёл хэтэрхий үнэтэйг онцлон дурдаад, эмэгтэйчүүд ламбугайн зөвлөсний дагуу эхнэр болдог байсан нь аажимдаа гоёл чимгээ бүрдүүлж чадсан, эсэхээс шалгаалдаг болж мэдэхийг дурдсан аж.
Түүнчлэн “Монгол эмэгтэйчүүд толгойн тансаг мөнгөн зүүлт чимэглэлтэй. Тэд хамаг мөнгөн хадгаламжаа хүү бодуулахгүйгээр толгой дээрээ тээж яваа гэсэн үг. Тухайн өрх гэрийн эд баялгийг мал сүргээр нь болон эхнэр хүүхнүүдийнх нь толгойн зүүлт чимэглэлээр таньж мэдэж болох авай. Иймэрхүү зүүлт чимэглэл нь заримдаа 50-60 фунт хүрэх ба тун уран нарийн хийцтэй. Өр төлбөрт орвоос зүүлт чимэглэлээ хэсэглэн буталж, төлбөрийн хэрэгсэл болгоно” гэсэн байна.
Үүнээс гадна монгол эмэгтэйчүүдийн дээл хувцас нэн өвөрмөц төдийгүй төвөгтэй болохыг тэмдэглэжээ. Учир нь монгол эмэгтэйн ердийн дотуур хувцас нь урт, хөх бараан дан өмд, цамц гэжээ. Дээрээс нь дан өмд давхарлаж өмсдөг, гадуур хувцас нь баруун мөрөндөө товчилдог урт ханцуйтай, нэвсгэр дээл гэж нарийвчлан дүрсэлсэн байна. Цаашлаад дээлийн хоёр ташаан талд өвдөгнөөс дээгүүр онь ухлаадас гаргасан байдгийг ч тэмдэглэн үлдээжээ. “Эмэгтэйчүүд гагцхүү баяр ёслолын торгон дан дээлд л бүс бүсэлдэггүй. Дээлийн ханцуй нударгатай. Гадуур дээлийг өвөлд үстэй дотроор, ихэнхдээ цагаан хурганы арьсаар доторлоно. Монгол эмэгтэй зун оймс өмсөхгүй, харин өвөл гутлынхаа дотуур зузаан эсгий оймс өмсөнө” хэмээсэн аж.
Бэлтгэсэн: М.Оч