Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автомашинруу хошуурч буй дэлхий нийтийн чиг хандлагаас Монгол Улс ч хоцрохыг хүсээгүй. Тиймээс цахилгаан машинтай болохыг хүссэн иргэдэд янз бүрийн хөнгөлөлт, давуу тал олгож байгаа. Тухайлбал, замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй, эгнээ байр харгалзахгүй оролцож болохоор зохицуулсан. Мөн авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гараад байгаа юм. Харин цэнэглэх станцуудын хүрэлцээ муу байдаг нь нийслэлчүүдийн хэрэглээнд бүрэн нэвтэрч чадахгүй байгаагийн нэг шалтгаан болжээ. Гэхдээ эко машиныг улс нэгэнт бодлогоор дэмжиж байгаа учраас ойрын үед станцуудын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. “Цэнэглэх станцуудыг нийслэлийн бүх цэгт байршуулахаар төлөвлөсөн. Энэхүү ажлыг хувийн хэвшлийн оролцоотой хийж гүйцэтгэнэ.
Харин станцын аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох асуудлыг төрийн захиргааны байгууллагууд хамтран энэ ондоо багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэллээ. 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг “Эко кар центр” компани анх Монголд оруулж ирсэн. Энэхүү машин Монгол орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой эсэхийг судалсны үндсэн дээр зах зээлд гаргасан гэнэ. Тодруулбал, өнгөрсөн оны намар оруулж ирсэн машиныг өвлийн турш хотын хөдөлгөөнд оролцуулахад тэсгим хүйтнийг ажралгүй давжээ. Хэдийгээр улс цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгаа ч борлуулалт тийм ч сайн биш байна.
Гэхдээ цэнэглэх станцуудыг байгуулчихвал худалдан авалт нэмэгдэнэ гэж найдаж буйгаа “Эко кар центр” компанийн төлөөлөл хэлсэн юм. Үнийн хувьд монголчуудын хамгийн их унадаг “Prius” машинтай ойролцоо буюу 15-16 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Хэрэв гааль, НӨАТ болон онцгой татвараас чөлөөлчихвөл үнэ нь хоёр сая гаруй төгрөгөөр хямдрах боломжтой аж. Гэхдээ энэ бол 2010 оны орчимд үйлдвэрлэсэн машины үнэ. Он залуужих тусам үнэ нэмэгдсээр 20 орчим сая болох юм байна. Цахилгаан тэжээлт машиныг 220 вольтод цэнэглэх боломж той. Гэрийн нөхцөлд 3-4 цаг цэнэглэж, 110 км зам туулдаг байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол өдөр цэнэглэхэд 100 км замд 2400 төгрөг, шөнө цэнэг лэхэд 1600 орчим төгрөгийн цахилгаан зарцуулах юм. Машинаа ихэвчлэн хотын нөхцөлд унадаг, хүүхдээ сур гууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх ажилтай хүмүүст цахилгаан машин илүү тохиромжтой. Мөн такси үйлчилгээнд өргөнөөр нэвтрүүлбэл зардал мөнгө хэмнэнэ гээд давуу тал их байна. 2400 төгрөгөөр нэг удаа цэнэглээд бүтэн өдрийн турш дугаарын хязгаарлалтгүй явна гэж бодохоор ашигтай байх нь мэдээж.