АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо гэх мэдэгдлийг хийсэн. Тэгвэл энэ талаар Монголбанкнаас албан ёсны мэдээллийг хийж байна.
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын гишүүнээр 2004 оны зургадугаар сард элссэн байдаг. Харин 2006 оны долдугаар сард Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тухай хуулийг баталсан. Үүний дагуу Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн албыг байгуулсан.
2006 оны 12 дугаар сард Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийх ёстой гэсэн саналын дагуу ФАТФ-ын 40 зөвлөмжийг гаргасан. Мөн хэрэгжилтийн 11 зөвлөмжийг гаргаад, үнэлгээ хийдэг болсон.
2013 онд 40 зөвлөмжийн дийлэнхийг нь биелүүлэхгүй байна, ялангуяа хуульд заагдсан гол заалтууд нь алга байна гэж үзээд манай улсыг "Саарал жагсаалт"-д оруулж байсан. Харин 2014 онд Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуульдаа гол заалтуудыг нь оруулснаараа саарал жагсаалтаас гарч байсан түүхтэй.
Түүний дараа дахин үнэлгээ хийх явцад Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 20-ыг нь биелүүлдэггүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн 2-ыг нь биелүүлээд, есийг нь огт биелүүлдэггүй юм байна гэсэн дүгнэлт гараад дахин саарал жагсаалтад оруулах үйл явц эхэлсэн.
Хар буюу саарал жагсаалт гэсэн хоёр төрөл бий. Хар жагсаалтад хамтран ажиллах боломжгүй буюу Иран, Ирак, БНАСАУ гэх мэт улсууд багтдаг. Саарал жагсаалтад хамтран ажиллаж болохгүй биш, гэхдээ эрсдэлтэй гэсэн улсууд багтдаг. Монгол Улс яг энэ жагсаалт руу ороогүй байгаа.
2017 оны тавдугаар сард гарсан үнэлгээгээр техникийн 40 зөвлөмжийн;
- Хангалтгүй - 5
- Зарим нь хангалттай - 15
- Дийлэнх нь хангасан - 15
- Бүрэн хангасан нь 5 гэсэн үнэлгээ авсан буюу 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй байсан бол
өнгөрсөн наймдугаар сард болсон Ази, Номхон далайн бүсийн хурлаар
- Зарим нь хангалттай - 5
- Дийлэнхийг нь хангасан - 28
- Бүрэн хангасан нь - 7 буюу 40 зөвлөмжөөс 35 хангасан гэсэн албан ёсны дүн гарсан. Ингэснээр техникийн үзүүлэлтээр манай улс хангалттай гэсэн үнэлгээгээ авчихсан гэсэн үг.
Хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн тухайд 2017 онд
- Муу - 9 буюу ажил хийгдээгүй,
- Дунд - 2 буюу бүгд дундаас доош үнэлгээтэй байсан бол
Харин саяхан болсон хурлаар
- Сайн - 7
- Дунд - 4 буюу хэрэгжилт сайн явж байна гэж үзсэн.
Ер нь бол 2017 онд манай улс "эрсдэлтэй" гэсэн дүгнэлт гарч, шар гэрэл ассаар ирсэн. Харин албан ёсоор саарал жагсаалтад орох эсэх нь баасан гарагт Парист болох нэгдсэн хурлаар эцэслэн шийдэгдэнэ. Гэхдээ өнөөдрийн хийсэн ажлынхаа хүрээнд "Саарал жагсаалт"-д орохооргүй байна. Тухайлбал, техникийн 40 зөвлөмжийн талаас нь доош нь хангалттай байвал жагсаалтад орно гэж заасан байснаас бид 35-ыг нь хангалттай гэж үнэлүүлсэн. Мөн хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог нь бүрэн биелүүлсэн. ФАТФ-ын тавьсан шаардлагаар бол саарал жагсаалтад орохооргүй ажил хийгдсэн гэж үзэж байна.
Манай улс 2017 оноос эхлэн "эрсдэлтэй" бүлэгт орсон учраас дэлхийн зарим банк биднээс харилцаагаа тасалсан. Гэхдээ хамтын ажиллагаагаа зогсоогоогүй, хэвийн ажиллаж буй банк, санхүүгийн байгууллагууд ч бий. Өнөөдөр зүгээр зарлагдах гэж л байгаа болохоос биш хоёр жилийн өмнөөс "шар гэрэл" ассан байсан. Тиймээс одоо шууд гадаад дахь гүйлгээ, банкны системүүд зогсоно гэж бодохгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрчимтэй хяналтанд байгаа гэсэн үг юм" гэв.