Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавьснаар буцаагдсан. Харин одоо нэмэлт өөрчлөлтийг парламентаар хэлэлцэн батлах шинэ нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дараах гурван саналыг оруулахыг УИХ-аас шаардлаа.
Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа:
Нэгдүгээрт, Монголд болж байгаа бүх авлига, албан тушаалын гэмт хэрэг нь сонгуулийн мажоритар системтэй холбоотой. Тиймээс үүнийг өөрчилж, пропорционал болон мажоритар тогтолцоог хавсаргасан холимог тогтолцоо руу шилжих ёстой. Энэ тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахыг манай намаас шаардаж байна. Холимог тогтолцоог "хулгайч" нар эсэргүүцдэг юм.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээ огцруулдаг, шаардлагатай тохиолдолд парламентаа тараадаг төрийн байгуулал руу шилжих ёстой. Дэлхийн ихэнх хөгжингүй орнууд ийм байдаг. Манай улсад ч энэ тогтолцоо тохирно.
Гуравдугаарт, Монголын үе үеийн Ерөнхийлөгч нар ард түмний эв нэгдлийг сахиулагч биш, харин төрийг самрагч, хагалан бутаргагч байсан. Иймд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тогтолцоотой байх хэрэгтэй.