Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан залуучуудад урлагийн боловсрол олгох зорилготой “Хүүхдийн урлах наадам-19” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд Монгол, Германы уран бүтээлчид, урлагийн мэргэжлийн багш нарын хооронд мэдлэг, туршлага солилцуулах “Artist in residence” хөтөлбөр санаачилжээ. Үүний дагуу залуу уран бүтээлч У.Одмаа, Б.Намуун нар нэг сарын хугацаанд Берлиний хүүхэд, залууст хичээл зааж, туршлагаасаа хуваалцсан байна. Тэгвэл Монголд ХБНГУ-ын хоёр уран бүтээлч багш ирж “Гёте”, “Тольт”, “Монте розе”, “Шинэ зуун” сургуулийн 300 хүүхдэд урлагийн хичээл заажээ. Уг сургалтад хамрагдсан хүүхдүүдийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд 300 хүүхдийн 328 бүтээл дэлгэсэн байна. Бүтээлүүдийн ихэнх нь уран зураг, наамал, баримал аж. Хүүхдийн урлан бүтээх төвд нээсэн уг үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.
Бэлтгэсэн: П.Сүрэн