2015 онд Өмнөговь аймгийн Ханбогд, БаянОвоо, Манлай сумтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ий хүрээнд “Оюу толгой” компани өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар дамжуулан Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 45.8 тэрбум төгрөгөөр 163 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн, хэрэгжүүлээд буй. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд Өмнөговь аймагт 391 ажлын байр шинээр бий болж, төсөл хөтөлбөрийн үр шимийг давхардсан тоогоор 390 мянга гаруй орон нутгийн иргэд хүртсэн байна. Уг төслийн тайланг танилцуулахаар тус сумдад “Бид нэг гэр бүл” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ.
Энэ үеэр ард иргэдэд “Оюу толгой” компанийн нөхөн сэргээлтэд ашиглах зорилгоор Ханбогд сумын Мод үржүүлгийн газар ургуулсан үрсэлгээг үнэ төлбөргүй тарааж, тус компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд иргэдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Мөн түүнчлэн “Оюу толгой” компанийн Худалдан авалтын газраас мэдээлэл өгөх нээлттэй уулзалтууд хийсэн бөгөөд компанийн худалдан авалтын бодлого журам, “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангийн танилцуулга болон ирэх улиралд зарлагдах худалдан авалтын мэдээлэл танилцууллаа.
Ханбогд сумд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр “Ханбогд Тээвэр Ложистик” ХХК, “Вандан толгой” ХХК, “Уудам Говийн Гэрэл” ХХК, “Ханбогд Соурс” ХХК зэрэг компанитай экспортын тээвэрлэлт болон бусад хангамжийн материалыг худалдан авах чиглэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгууллаа. Мөн “Оюу толгой” компанийн санхүүжилтээр барьж, иж бүрэн тохижуулсан Ханбогд сумын 2 дугаар сургуультай “Оюу толгой” компани Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өдөрлөгт оролцсон ард иргэдийн санал сэтгэгдлийг хүргэж байна.
Манлай сумын иргэн Ө.Баярмаа: Гурван жилийн өмнөөс “Оюу толгой” компани Манлай сумд ногоо тарих хүлэмж талбайг усалгааны системтэй нь хамт шийдэж өгсөн. Одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй ногоочид 7 хоногт 150 гаруй килограмм өргөст хэмх, улаан лооль, бусад нарийн ногоо, тарвас зэргийг “Оюу толгой” компанид нийлүүлж байна. Өнөөдөр “Оюу толгой” компани бид бүхний хөдөлмөрийг дэмжиж, хөргүүртэй ачааны машин бэлэглэж байна. Бид бүхэнд ногоогоо тариалаад хүргэлтийн хугацаанд чанартай хадгалах машин техник дутагдалтай байсан. Энэ асуудлыг шийдэж өгсөн “Оюу толгой” компанийн хамт олонд баярлалаа.
Хүн ам цөөтэй манай сумд ногооны борлуулалт бага байдаг. “Оюу толгой” компанид нийлүүлдэг болсноор бидний эдийн засаг ар гэрт давуу талтай болсон. Бусад иргэдээ ч гэсэн бидэнтэй нэгдэж ногоо тариарай гэж уриалмаар байна.
Баян-Овоо сумын ахмад настан Ж.Сүхбаатар: “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” –ийн төсөл бол Өмнөговь аймгийн бүх сумд хүрч байгаа, түүний дотроос уурхай орчмын бүсийн сумдад арай илүү хүртээмжтэй байдаг. “Оюу толгой” компани
Өмнөговь аймагт мал эрүүлжүүлэх, газар тариалан хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах талаар олон ажил хийж байна.