Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэнэ. ФАТФ-ын ээлжит хурал өнөөдөр Парис хотноо болох юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын манайд тавьсан шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан болон авсан арга хэмжээний талаар ФАТФ-ын ерөнхийлөгч, ноён Сянмин Лью-д албан бичиг илгээсэн байна.
Их хурлын даргын мэдээлснээр ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээн аваад байгаа бөгөөд хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрэх юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэн баталснаас гадна үүнээс өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлж байгааг дурджээ.