Блокчейн технологид суурилсан программ хөгжүүлэгч старт-апууд жилд 3.7 тэрбум ам.долларын токен худалдаа хийж байна. Ер нь блокчейний ирээдүйд эргэлзэх шалтгаан байхгүй. Крипто валютаар монголчуудад танил болсон блокчейн технологийн хэрэглээ ирээдүйд ганц салбараар хязгаарлагдахгүй. Биткойн блокчейний хэрэглээний нэг л жишээ юм. Блокчейн бүх салбарыг хамарч дэлхийг өөрчилнө гэсэн таамгийг баталсан үйл явдал шил дарж байна. Луйс Дрэфус блокчейн технологи ашигласан дэлхийн хамгийн анхны газар тариалангийн гэрээ хэлэлцээрийг хийсэн бол Амстердамын Guardtime групп блокчейн технологи бүхий платформыг ашиглан мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломж байгааг танилцуулсан юм.
Дээр дурдсан газар тариалангийн хэлэлцээр нь Америкаас урд хөрш рүү шар буурцаг тээвэрлэх бизнес байж. Худалдааны хэлэлцээрийг нь EasyTrading Connect блокчейн платформын тусламжтайгаар хийжээ. Мөнгөн гүйлгээг нь ч цахим хэлбэрээр шийдсэн аж. Ингэснээр энгийн аргаар хийдэг хэлэлцээрээс тав дахин бага хугацаа зарцуулжээ. Мэдээж хэмнэсэн зардал мөнгө гээд өчнөөн давуу тал бий. Блокчейнд суурилсан онлайн санал хураалтын системийг Follow My Vote нэртэй старт ап компани хөгжүүлж байгаа. Үүнээс гадна Ubitquity компани үл хөдлөх хөрөнгийн худалдааг блокчейн платформд суурилсан байдлаар санал болгожээ.
IMB хоёр жилийн өмнө Сингапурт блокчейний шинэчлэлт, судалгааны төвөө нээсэн бол түрүү жил Harvard Business Review сэтгүүлд блокчейнийг эдийн засаг, нийгмийн системд шинэ үндэслэл бий болгох чадамж бүхий суурь технологи гэсэн агуулгатай нийтлэл хэвлэгджээ.
Ингээд бодохоор блокчейн технологи ирээдүйд ямар хурдтайгаар хүчээ авахыг таамаглах аргагүй. Блокчейнийг компьютерын ухаанд тав дахь хувьсгал буюу интернэтэд өмнө нь байгаагүй итгэлцлийн түвшин гэж нэрлэж байна. Хар үгээр хэлбэл ямар нэгэн мэдээлэл блокчейнд бичигдлээ гэхэд устгаж засварлах боломж байхгүй. Ийм онцлогтой учраас худалдааны гэрээ, бизнес, банкны гүйлгээнд ашиглаад байгаа хэрэг.
БЛОКЧЕЙН ГЭЖ ЮУ ВЭ?
Энгийнээр хэлбэл мэдээллийг үнэн зөвөөр найдвартайгаар тараан байршуулж хадгалах технологи. Мөнгөний шилжүүлгийн бүртгэлийг хадгалах боломжтойгоос гадна өгсөн зээлийн бүртгэл, өмчийн эрхийн бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл гээд бүх төрлийн бүртгэлийн мэдээллийг хадгалах боломжтой.
Цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчейн дотор бичиж болно гэж мэргэжлийнхэн онцолдог. Гэхдээ цаасан дээр хуурамчаар дуурайж бичиж болох гэх мэт сул тал бий. Харин блокчейн дэх бүртгэлийг хуурамчаар дуурайх боломжгүй. Нэрнийх нь утгыг ухахад л энэ технологийн онцлогийг хялбархан ойлгох боломжтой. Блок бүр өмнөх блоктойгоо холбогддог мэдээллийн блокуудын гинж гээд тайлбарлачихаар нэрнийх нь утга гараад ирчихэж байгаа юм.
Дэлхийн сүүлчийн ганц компьютерийг унтраах хүртэл ажилласаар байх технологи бол блокчейн. Хэзээ ч унтрахгүй, бас эвдрэхгүй. Шинэ хэрэглэгч нэмэгдэхэд сүлжээ өргөжиж бэхэжсээр байдаг. Бүх компьютер тэнцүү эрхтэй. Ямар нэг зохион байгуулагч, зохицуулагч, хянагч менежерийн үүрэг гүйцэтгэдэг тусгай компьютер байхгүй. Блокчейний бүх мэдээлэл буюу блокууд хүн бүрт нээлттэй. Гинжин хэлхээг харж мэдээллийн өөрчлөлтүүдийг ажиж болно. Илүү тодорхой жишээлье гэвэл хэн нэгэнд 45 сая ам.доллар байгааг харах боломжтой. Гэхдээ тэр хүнийг түлхүүрээ явуултал хэн бэ гэдгийг нь мэдэх ямар ч боломж байхгүй. Блокчейны найдвартай, аюулгүй байдлыг криптографийн түлхүүрээр эзэмшдэг. Криптографийн түлхүүр гээд байгаа нь зүгээр л тоонууд. Маш их тоонуудыг л түлхүүр гээд байгаа юм.