УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу орчмын тусгай зөвшөөрлийг цуцалж, компаниудад нь нөхөх олговрын зориулалтаар өөр газарт тусгай зөвшөөрөл шинээр олгох шийдвэр гаргасан байдаг.
Энэ тогтоолтой холбоотойгоор Ж.Эрдэнэбатыг албан тушаалын гэмт хэрэгтэй холбосон мэдээллүүд энэ оны тавдугаар сард цахим орчинд тархсан билээ. Учир нь тэрбээр өөрийн хамаарал бүхий "Хэлх Илч" гэх компанид давуу байдал олгож Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэрэгт сэжиглэгдэн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм.
Тэгвэл энэ талаар Ж.Эрдэнэбат тайлбарлахдаа "Тэр нь компани нь миний дүү бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг компани юм. Тус компани лицензийн талбай дээр хайгуул хийж үзээд юм олдоогүй. Тиймээс газрын зөвшөөрлийг нь улсад буцаагаад өгчихсөн. Би тэр компаниас тодорхой хэмжээний хувь л эзэмшдэг. Хууль хяналтын байгууллагынхан үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна" гэлээ.