УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийлээ.
Тэрбээр "Зарим хэвлэл мэдээллийн байгууллага шахмал түлштэй холбоотой асуудлаар ташаа мэдээлэл цацаж иргэдийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд их айдастай байх боллоо.
Өмнө нь Багануурын нүүрсэнд угаартаж амиа алдсан хүн зөндөө л байсан. Өнгөрсөн жилд гэхэд угаарын хийнээс болж 12 хүн амиа алдсан.
Агаарын бохирдлын улмаас маш олон хүн шууд болон шууд бус байдлаар амь насаа алдсан. Эх нялхаст шинээр мэндэлж байгаа таван хүүхдийн гурав нь амьсгалын замын өвчтэй байна.
Утааныхаа асуудлыг шийдэж чадсан улс орнууд эхэндээ шахмал түлш, дараа нь газыг ашигладаг болсон. Бид тэдэнтэй адилхан замаар явж байна.
Өнөөдөр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан байгаа нь сайшаалтай. Засгийн газар энэ бодлогоо цаашид үргэлжлүүлэх ёстой. Тэгж чадвал нийгмийн хар тахал болсон энэ утаанаас салж чадна. Хүний амь нас үрэгдээд байна гээд буцаад Багануурын нүүрс рүүгээ орвол гутамшигтай ухралт болно" гэлээ.