1. Цагтаа В.Путинд зөвлөж асан хоёр эрдэмтэн Монголд ирэв. Цувралаар олон хүнтэй уулзсаны нэг хэсэгт зарим улстөрч, бидний хэдэн нийтлэлч багтав. Нэг нь танай Монгол Улсад бодлогын улстөр алга гэв. Хэлсэн үгнийхээ баталгаа болгож, “Танай сэтгүүлчид улстөрчдийнхөө хэрүүлийг борлуулж, улстөрчид нь баялгаа зарж амьдардаг юм байна. Улс орнууд газар нутгаа батлан хамгаалдаг, баялгаа мөнгө болгож улсаа хөгжүүлдэг. Харин танайх лиценз нэрээр гадаадынханд бараг үнэгүй өгдөг юм байна” гэлээ. Ийм, эсвэл үнэн үг сонссон хүмүүст тайлбар олддоггүй юм билээ. Тэнд байсан улстөрчид хүртэл юм хэлээгүй. Түүнээс бус, манай улстөчрид чинь баргийн мэдэхгүй юмгүй, бүх юманд бэлэн хариулттай явдаг хүмүүс. Ялангуяа УИХ-ын гишүүд бол юу ярьж байгааг ойлгох гэж бус, хариу тайлбар хэлэхийн тулд нөгөө хүнээ сонссон дүр үзүүлдэг улс. Энэ байдлаас яаж гарах вэ гэсэн жижүүрийн асуулт гарлаа. Хариулт нь бүр супер! Чимээгүй суусан нөгөө эрдэмтэн нь “Бид эх орноо хамгаалах, улсаа хөгжүүлэх гэж байгаа хүмүүст л бодлогын зөвлөгөө өгдөг” гэв. Энэ нь эх орноосоо урваж, улсаа хорлож байгаа хүмүүст юу гэж зөвлөхөө мэдэхгүй гэсэнтэй утга ижил подтекст байлаа. Энэ бол хэдхэн жилийн өмнөх үйл явдал.
2. Хэдэн өдрийн өмнө Венесуэлийн эрдэмтэн Монголд ирж лекц уншив. Популизм хэрхэн дарангуйлал болж хувирдгийг улсынхаа жишээн дээр тайлбарлав. Дарангуйлал тогтоох технологи энгийн ажээ. Товчхондоо хэт популизмаар ард түмний хайрыг татах бол эхлэл. Дараа нь мөнгөтэй болохын тулд ашигтай бизнесүүдийг төрийн нэрээр хураах, тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийг төвлөрүүлэх нь ардчиллыг хумих ерөнхий “гарын авлага” болдог бололтой юм. Тэр болтол, тийм хэмжээнд очтол хаа ч юм билээ гэж бодож болдоггүй гэнэ. Баян, хоосны ялгаа хэт ихтэй, эдийн засаг нь ганц зах зээлээс хамааралтай, ард түмний олонх нь мөнгөтэй хүний өмчийг хурааж ядууст тараах үлгэрийн баатрыг хүлээх сэтгэхүйтэй улсад бол популизм нүд ирмэх зуур бүгдийг өөрчилдөг байна. Хууль, шүүхийн шийдвэргүйгээр бусдын бизнесийг зогсоож, хурааж эхэлбэл эрхзүйт төр нуран унаж буйн эхний шинж тэмдэг бөгөөд Венесуэл яг ингэж эхэлсэн гэлээ. Таны яриа өнөөдөр Монголд болж буй зарим үйл явдалтай төстэй байна, бидэнд юу зөвлөх вэ гэсэн асуулт бас гарав. Венесуэлийн эрдэмтэн “Танай дотоод улс төрийг би мэдэхгүй. Та нар эрх чөлөө, ардчилал хоёроо л хамгаалаарай. Тэгвэл эх оронтойгоо, бас эх орондоо үлдэнэ. Өнөөдөр Венесуэлээс өдөрт 2000 хүн дүрвэж байна. Хэрвээ намууд нь ялзраагүй, сэтгүүлзүй нь худалдагдаагүй, улстөрчид нь мэргэжлийн зөвлөгөө сонсдог бол ардчиллын арал тийм ч амархан цунамид өртөхгүй гэснээр түүний лекц өндөрлөв.
3. Мадоннагийн тоглосон “Эвита” гэж кино бий. Манайхан үзсэн байх. Гол дүр Эва бодит хүний түүх. Ер нь кино бүхэлдээ бодит үйл явдлын түүх. Эва бол дэлхийн улс төрийн түүхэнд “Перонизм” хэмээх муу жишээ үлдээсэн, дэлхийн II дайнаас хамгийн их ашиг олж, цагтаа нийслэл нь Өмнөд Америкийн “Нью-Йорк” гэгдэж байсан Аргентины эдийн засгийг дампууруулсан, цэргийн генерал Хуан Пероны эхнэр юм. Хуан Перон эрх мэдлээ хадгалах, дараагийн сонгуульд ялахын тулд ердөө хоёр ажлыг гаргууд сайн хийдэг байж. Нэг нь популизм, нөгөө нь хөрөнгө хураах. Хурааснаа халамж болгож тараана. Бүх иргэндээ 13 дахь сарын цалин, цалинтай нэг сарын амралт олгож, эцэстээ халамжлах мөнгөгүй болж зам тавьдаг компанийг хүртэл төрд хураасан түүхийг олон хүн уншсан байх.
4. Цагтаа Аргентин, өнөөдөр Венесуэл дампуурч байхад мэдээж хэлж сануулдаг эрдэмтэн мэргэд, сөрөг хүчин, улстөрчид, сэтгүүлзүй тэнд байсан уу, байсан. Хамгийн гол нь тэдний үг хүрэх ёстой хүндээ хүрдэггүй байж. Замын дунд өнгө нь хувираад ихэнхдээ хов болж очно. Эзэн ховонд илүү итгэнэ, үнэнийг өгүүлэгчийг нухчин дарна, айлгана. Айдсаас жишээ авсан бусад нь амиа бодож чимээгүй явах замыг сонгоно. Ингээд хэлэх ёстой нь хойш сууна, үгээ өөртөө залгиж сурна. “Тойрон хүрээлэгч” бүлгийн нийгэмдээ тарьж буй балаг, эзэндээ таалагдах ганц арга нь ийм буюу. Гэтэл бодит байдалд эцэстээ хов зөөсөн хэл бус, хор сонссон чих буруудаж, улсаа нураасан, улсаа хорлосон гэж түүхэнд бараанаар үлджээ. Хувь хүмүүс, найз нөхдийн харилцаанд ч хов болж ирсэн хор сонссон чих л арчаагүй нэгэн болж харагддаг. Жишээ нь, олон ч эрдэмтэн, олон ч хүн дэлхийн II дайныг өдөөсөн буруутан нь Гитлер бус, түүнийг зогсоож чадаагүй Германы тухайн үеийн нийгэм, сэхээтнүүд нь гэж хэлдэг.
5. Тэгвэл Монгол өнөөдөр үнэхээр Венесуэлийн араас явж байгаа юм бол түүнийг зогсоох, хэрвээ яваагүй юм бол учрыг тайлбарлах сэхээтнүүд хаана байна вэ. Тэд гэртээ бухимдаж сууна уу, сошиалд нэр, нүүрээ нууцлан тэмцэж байна уу? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дэргэд яг мэргэжлийн зөвлөхүүд байна уу? Бодлогын сэтгүүлзүй хаана байна вэ? Хариулт нь хүн бүрт бий. Бодит байдал дээр хатуу хэлэхэд, сэхээтнүүдийн олонх нь амиа бодож арагш суусан, зөвлөх хэмжээний мэргэжлийн хүмүүс нь намын харьяаллаар болон ховлох, зөвлөхийг хослуулах чадвар дутаж шахагдсан, бодлогын сэтгүүлзүй нь салбарынхаа “шар” төрөлд ялагдсан учраас Монголын нийгэм өнөөдөр эгээ л сэхээтэнгүй, салбарын мэргэжилтэнгүй, мэргэжлийн сэтгүүлзүйгүй мэт, ер нь л залуургүй хөвөх маягтай. Нийгмийнхээ уураг тархи, оюун санаа байх үүрэгтэй манай сэхээтнүүдийн олонх нь “Улс төр бохир, амьдралаа бодъё” гэх аминч үзэл дор нуугджээ. Тэдний эзгүйрсэн орон зайд люмпенгүүд тодорч, улс төрд попууд нь өөрийгөө топ гэж итгэтлээ тоглож явна. Монголын улс төрд лидер төрөхгүй, лидер тодрохгүй байгаагийн бас нэгэн шалтгаан ердөө л энэ. Манай улс төр өнөөдөр үзэгдлээс үзэгдлийн хооронд амь аргацааж, чөмөг нь илт дундарсан, чөмөг нь дундарч буйгаа эрт мэдсэн, ер нь өөрөө л байхгүй бол Монгол байхгүй, шударга ёс бүр байхгүй гэдэгт бат итгэсэн “би чадна хийгээд бүхнийг мэдэгчид”-ийн нэгдэл болов. Үүнийг зогсоох, улс төрийн лидер төрүүлэх ёстой сэхээтнүүд нь улс төрд орох гэхээр мөнгөгүйн зовлонтой. Уг нь сэхээтнүүд улс төрийг толгойгоороо хийдэг ч, үүнийг хүлээн авах нийгмийн дэвсгэр Монголд өнөөдөртөө бүрдээгүй, “ходооны улс төр” хэт хүчтэй буй нь бас зовлон л юм. Энэ бол Монголын нийгэм сэхээтэнгүй мэт болсны таних тэмдэг. Монголчууд өнөөдөр нийтээрээ хов, хэрүү лээр амьдарч байна. Хэрүүлээ нэгээс нөгөөд зөөж, ховоо нэгээс нөгөөд зарж амьдарч байна. Үүнийг сэтгүүлзүйгээс, сошиалаас төвөггүй харж болно. Нийгмээ чирдэг сэтгүүлзүй бодлого ярьдаг, бичдэг. Харин нийгмээ чангааж буй сэтгүүлзүй яг өнөөдрийнх шиг хэрүүл зөөж, хов зарж амьдардаг. Удаах буюу мэргэжлийн сэтгүүлзүйгүй мэт болсны таних тэмдэг нь энэ. Ерөнхийдөө манай улстөрчдийн хувьд улс төрийн эрх ашиг, албан тушаал нь энгэрийн тэмдэг, улсын эдийн засаг бол өмднийх нь арын халаас төдий бололтой. Тэд ард түмэн яг өөртэй нь адил талх иддэгийг сайн мэддэг хэрнээ тоогоор хуурах, PR-аар асуудал шийдсэн мэт дүр эсгэхийг илүүд үздэг. Нэг өнцөг гэхэд, өнөөдөр Монголын улс төрийн дээд лиг гэж болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 75 гишүүний олон зөвлөхүүд дунд эдийн засгийн зөвлөхүүд яг хэд байгаа бол. Тоолохгүйгээр, Төрийн ордонд буй нийт зөвлөхийн 10 хувь ч хүрэхгүй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Эсрэгээрээ, зарим дарга, УИХ-ын гишүүн дэргэдээ улс төрийн 2-3, хэвлэл PR хариуцсан мөн тооны зөвлөхтэй байх жишээтэй. Засгийн газарт, Ерөнхий сайдад бол эдийн засаг гадарладаг нь гологдож, эдийн засаг доторлодог, тоо бүрийг имэрч мэдэрдэг топ эдийн засагч зөвлөх ёстой. Гэтэл Монголын эдийн засгийн гол судсыг атгаж буй улсын Ерөнхий сайд өнөөдөр эдийн засгийн албан ёсны зөвлөхгүй, энэ албыг хүний их эмчийн мэргэжилтэй нэгэн давхар хашиж буй гэх. Энэ нь эмч хүн мэргэжлийн сувилагчтай бус, улстөрч нэгэнтэй хамт өвчтөндөө мэс засал хийхтэй адил л юм даа. Монголын нийгэм салбарын сайн мэргэжилтэнгүй болсон мэт, байсан ч улс төрийнхөн тэднийг сонсохгүй болсны илтгэх ээлжит таних тэмдэг нь энэ болой.
6. Эцэст нь, хор сонссон чих бурууддаг, чихэндээ хэт итгэсний гор болсон сүүлийн нэгэн жишээг өгүүлье. Саяхан өөрөө нутгаа ухдаг нэгэн нөхөр Төрийн ордны төлбөрт арга хэмжээн дээр ирж уйлахад л түүний салхин дор 12 мянган орчим бичил уурхайчин ажилгүй, орлогогүй болсныг мэргэжлийн холбоодоос нь мэдээлжээ. Захиалгат нөхдийн хов, сэтгэл хөдлөл дээр популизм хийх улс төрийн сонирхол хоёрын нийлбэр нь 12 мянган иргэнийхээ орлоготой, амьдралтай тэнцсэн хэрэг. Мэдээж, хууль бустай тэмцэхийг дэмжинэ. Харин хууль бус нэрийн дор бүтээснээ нураах, бизнесийг нь булаахыг үл тэвчих нийгмийг бид байгуулж байгаа. Гэтэл харамсалтай нь, нийгэмд өнөөдөр бүтээснийг өмгөөлөх, нураахыг дэмжих хоёрын харьцааг харахаар тэнцүү шахуу яваад байх шиг. Сошиалд бол нураах, булаахыг дэмжих нь илүү маягтай. Энэ эрчийг зогсоох, би л биш бол бусад нь ч биш гэх нийтлэг сэтгэхүйгээс нийгмээ салгах, маньд ашиггүй бол Монголд ч ашиггүй байх нь хамаагүй гэх улстөрчид хийгээд хор сонссон чих болгоныг хазаарлах нь сэхээтнүүд хийгээд сэтгүүлзүйн үүрэг. Эс чадваас эцэстээ Монгол Улс хувийн хэвшилгүй болж ч мэднэ!
Г.ОТГОНБАЯР