Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас "Саарал жагсаалт"-ын талаар тодрууллаа.
Тэрбээр "Одоогийн Засгийн газар 3.3 их наяд төгрөгийн концессийн гэрээ хүлээж авсан. Эдгээрээс гүйцэтгэл нь 20 хувьд хүрээгүй зарим гэрээг цуцалсан. Үлдсэн концессийн гэрээнүүд нь хэвийн явагдаж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас нэг ч төгрөгийн концессийн гэрээ байгуулаагүй. Өмнөх гэрээнүүд нь Монгол Улсын хуулийн дагуу өмнөх Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлэгдэх шаардлагатай. Дээр нь нэг ч концесс нэмэхгүй байх шийд гаргасан. Одоо 2 их наяд орчим төгрөгийн гэрээ байна.
ОУВС-гаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавигдсаар байгаа. Ингэхдээ өршөөлийн хуулиар оруулсан хөрөнгийг гаргаж ирж тавьсан гэдэг асуудал сөхөгдөөд аудит оруулах шаардлагатай болсон. Аудитын дүн гарсан гэж ойлгож байна. Ил тодын хуулиар 34 их наяд төгрөг ил болсон. Мөн мөнгө угаах гэмт хэрэг яригдсаар байгаа ч ганц ч асуудлыг шийдээгүй байгаа нь асуудал дагуулж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил шүүхээр шийдэгдэж, үр дүнд хүрч байна уу гэдэг нь гол үзүүлэлт болоод байна. Тийм болохоор Монгол Улс "Саарал жагсаалт"-д орох бодит эрсдэл байгаа нь үнэн.
ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Австрали, Тайландад очиж, Монголд хийсэн ажлаа хамгаалаад ирсэн. Энэ хоёр хурлын дүнг нэгтгээд 2019 оны аравдугаар сарын 13-наас 18-ны хооронд Франц улсад болох хурлаар Саарал жагсаалтад орох эсэх нь шийдэгдэнэ" гэлээ.