Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Би сонгууль болохоос хоёр сарын өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр МАНАН бүлэглэлийн "Хуйвалдааны төр" гэдэг зүйлийн талаар мэдээлж байсан. Энэхүү зүйл нь сонгуулийн дүнд шууд нөлөөлж, өрсөлдөөний зарчмыг үгүй болгох гэж байна хэмээн анхааруулж ирсэн. Тэр үед Ц.Элбэгдорж хаан байсан. Тэр Монголын төрийг самарсан. Хоёр дахь хүн бол М.Энхболд. Тэр намайг шүүхэд өгсөн байсан. Энэ хоёр хүн бол МАНАН-гийн бүлэглэлийн толгойлогчид юм. Тэдний гардан гүйцэтгэгчид бол бүгд хууль хяналтын байгууллагынхан учир хэрэг нь замхрах гээд байна. Би уг нь тэдэнтэй найзууд. Гэхдээ найз нөхдөөс илүү Монголын маргаашийн төлөө бүгдийг илчилж байна. Бидний хүүхдүүд шударга нийгэмд амьдрах хэрэгтэй.
Ц.Зориг бол найман жил Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан. Уг нь Дээд шүүхийн шүүгч 4 жил ажиллах ёстой боловч тэр үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж Ц.Зоригийг дахин томилохын тулд "Дээд шүүхийн шүүгч 4 жилд нэг удаа томилогддог заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна" гэсэн дүгнэлт гаргуулаад энэ хүнийг найман жилээр томилсон.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав бол миний найз. Гэхдээ бидний нөхөрлөлөөс илүү Монголын хүүхдүүд зөв нийгэмд амьдрах нь чухал. Тэрээр зөвхөн улс төрийнхөн бус бизнес эрхлэгчдийг дээрэмдсэн.
МАНАН бүлэглэл хууль хяналтын байгууллагыг гартаа оруулчихсан. Хэдийгээр одоо солигдсон байгаа ч гар хөл нь тэнд байсаар байна. Хоёрдугаарт, МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй. Тийм болохоор тэдний өөдөөс хэн ч босож чаддаггүй. Тэд хүн алж ч чадна. Намайг шоронд оруулна шүү гэж сүрдүүлсэн.
Манай Засгийн газар огцорсны дараа Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалд тавьсан. Гадаадад шоронд орсон хүнийг АТГ-т шургуулсныхаа дараа ТЕГ-ын даргаар тавьчихсан. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчим энэ хүмүүс дээр ирээд замхарсан.
Э.Бат-Үүлийн хувьд гавъяа байгуулсныхаа төлөө Баатар цол авсан. Гэхдээ одоо бол Монголд гай тарьж байна.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэгч нь 11 компанийн захирлаар нэг өдөр томилогдсон байдаг. Үүнээс 14 хоногийн дарга тэр үеийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах албан бланк дээр гишүүдийн гарын үсгийг зуруулсан байдаг юм аа.
Би энэ бүхнийг хэлж байгаа нь ирэх оны сонгуулиар МАНАН гарах гээд байгаа учраас анхааруулж байгаа юм. Учир нь тэд асар их мөнгөтэй. Тэд газрын доорх баялаг, Улаанбаатарын газрыг зарж, хууль хяналтын байгууллагаараа бизнес хийдэг хүмүүсийн бизнес, лицензийг нь дээрэмдсэн.
Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 40 тэрбум төгрөг ганцаараа авч байгаа хүн чинь Ц.Элбэгдорж шүү дээ. Овоолгынх нь шороог хүртэл үлдээхгүй хамж, дээр нь үйлдвэр барьчихсан явна.
Эднийг зогсоох гурван арга бий.
- Шударга шүүхтэй байх ёстой.
- Буруу зүйл хийсэн хүмүүс шийтгэлээ хүлээдэг, гавъяа байгуулсан нь шагнуулдаг энгийн зарчим үйлчлэх ёстой.
- Ард иргэдийн итгэлийг хүлээж буй улс төрчид ёс зүйтэй байх хэрэгтэй.
МАНАН бүлэглэлийн схемд нэг ерөнхийлөгч, 4 ерөнхий сайд, бүлгийн дарга 4, хоёр прокурор, нэг ерөнхий шүүгч, хууль зүйн сайд хоёр байгаа юм. Улс орныг минь тоглосоор байгааг хараад суух уу.