Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын улмаас таван хүн нас бараад байна. Үүнтэй холбоотойгоор зарим айл өрх шахмал түлшийг хэрэглэхээс татгалзаж эхлэв. Мөн эхнээсээ улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлж, Засгийн газрын бодлогыг хурцаар шүүмжилж эхэллээ.
Тэгвэл сайжруулсан түлшинд ямар ч асуудал байхгүй, хариуцлага алдсанаас хүний амь эрсдсэн гэх хүмүүс ч байна. Тухайлбал, шахмал түлшийг үйлдвэрлэгч "Таван толгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдэгдэхдээ,
"Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн. Нас барсан иргэд хариуцлага алдсан байж магадгүй. Урьд өмнө нь иргэд түүхий нүүрс түлж байгаад гэртээ угаартсан тохиолдлууд гарч байсан" хэмээн ярьсан.
Угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо галлагааны улирал буюу аравдугаар сараас огцом нэмэгддэг болохыг судалгааны байгууллага тогтоосон байна.
Тухайлбал, 2017 онд 187, 2018 онд 172 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт ханджээ. Хордлого хүйтний улиралд нэмэгдээд, хаврын улиралд бага зэрэг буурч, зуны саруудад хамгийн бага тохиолдсон байна.
Мөн энэ оны 1-4 сард долоон иргэн түүхий нүүрсэнд угаартаж нас барсан байгааг судалгаанд дурджээ.