Энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд бичил уурхай эрхэлдэг айл руу хүрэн баавгай халдаж аав, хүү хоёрын амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодрууллаа.
Баавгай иргэдийн суурьшмал руу орж байна гэсэн мэдээлэл аль өнгөрсөн сараас яригдах болсон. Ер нь БОАЖЯ-наас золгүй явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авсан уу?
Хэнтий, Сэлэнгэ аймагт хүрэн баавгай хүний эзэмшил газарт ирж, мал туух, нохой гахай идэх зэрэг асуудлууд гарч байна гэсэн мэдээлэл есдүгээр сарын 4-нд БОАЖЯ-д ирсэн. Яамнаас мэргэжлийн амьтан судлаачидтай зөвлөлдөөд хариу зөвлөмжийг аймгууд руу явуулсан. Зөвлөмжид хүний эрүүл мэндэд аюул учирсан тохиолдолд Амьтны тухайн хуулийн 35.1-т зааснаар баавгайн эсрэг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн. Мөн баавгайтай ойр амьдардаг айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн.
Баавгай ямар шалтгаанаар тал хөндий газарт ирж, хүний эзэмшил газар руу халдах болов? Уг нь ойд хүнсээр дутдаггүй амьтан шүү дээ.
Энэ жил зуншлага оройтсон. Баавгай зуны сүүл, намрын эхэн сарын үед самар, жимсээр хооллодог амьтан. Мөн 11 дүгээр сард ичдэг учраас үүнээс өмнө идэш тэжээлээ хангах ёстой. Гэтэл энэ жил жимс, самар хомс байсан учраас ийм асуудал үүсэхэд хүргэсэн гэж судлаачид үзэж байна. Дээрээс нь иргэд зэрлэг амьтантай дэндүү ойр суурьшиж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсад 500 гаруй хүрэн баавгай бүртгэгдсэн. Хүний аминд халдсан тохиолдол энэ жил анх удаагаа гарч байна.
Идэш тэжээлийг нь өөрөөр нөхөх арга бий юу?
Баавгай том биетэй зэрлэг амьтан учраас био-техникийн аргаар идэш тэжээлийг нь олж өгөх нь ярвигтай зүйл. Аргаль, янгирт өвс тэжээл тавьж өгөх зэргээр био-техникийн арга хэрэглэж болдог. Баавгайд малын сэг зэм тавьж өгвөл нөгөөдөх чинь эргээд малчид руу халдана. Тийм учраас энэ арга иргэдийн амь насанд аюул учруулах эрсдэлтэй.
Хэрэв баавгай дахин хүний эзэмшил газар руу халдвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Хүрэн баавгай ховор амьтны тоонд ордог учир буудах нь хууль зөрчиж байгаа явдал юм. Тиймээс унтуулдаг тариагаар буудаад, ухаангүй үед нь байгальд нь тавих ёстой. Гэвч тэр тариаг Монгол Улсад ашиглахыг хориглодог. Иймд бид үүнийг Монгол Улсад ашиглах, гаалиар нэвтрүүлэх зөвшөөрлийг Гаалийн Ерөнхий газраас хүссэн. Одоогоор албан ёсны хариу хүлээж байна.
Баавгай хүн рүү халдсан хэрэг урьд өмнө нь гарч байв уу?
Төв, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт есөн суманд баавгай хүн рүү халдсан хэрэг гарсан. Өмнөх жилүүдэд баавгай ганц нэгээр уулнаас бууж ирж байсан.
Зарим эх сурвалжууд хүний аминд халдсан баавгайг Сибирийн хар баавгай гэж ярьж байна.
Сибирь эсвэл Монголын баавгай гэдгийг удаан хугацааны тандалт судалгаа хийж байж мэднэ. Ийм богино хугацаанд мэдэх боломжгүй.
МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач Н.Батсайхан:
"Баавгайг үргээх хамгийн найдвартай арга бол "перецны цацлага"
Идэш тэжээл нь хомс байсан учраас баавгай тал газар руу, иргэдийн суурьшсан бүс рүү халдаж байна гэж ойлгож болох уу?
Баавгай бол холимог идэштэн. Нийт идэш тэжээлийнх нь 90 орчим хувийг ургамлын гаралтай хүнсний зүйл бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн зун нийт нутгаар, ялангуяа умард нутгаар зуншлага оройтож, баавгайн иддэг ургамлууд тарчиг ургасан байна. Мөн хушны самар энэ жил бага гарч байгаа.
Хоол тэжээлгүй болсон амьтан хүн рүү дайрах нь байгалийн хууль. Гэхдээ өөр нэг асуудал бас бий. Тухайлбал, сүүлийн үед бэлчээр муудсанаас шалтгаалан зарим малчин айлууд бүр зэлүүд нутаг руу суурьших болсон. Зэрлэг амьтан ч бас амьдрах эрхтэй. Тэдний эзэмшил рүү шахаж орчхоод сүүлд нь зэрлэг амьтан бидэнд халдаад байна гэх нь зохисгүй.
Мөн уул уурхайгаас шалтгаалж амьтад өөрсдийн эзэмшил нутгаас дайжих үндэслэл болсон байж магадгүй. Манай төр засгийн байгууллагууд үүнийг анхаарах хэрэгтэй.
Иргэд, айл руу халдсан тохиолдолд өөрийгөө хамгаалах зорилгоор ямар үйлдэл хийх ёстой юм бэ?
Баавгай бол уудам орон зайг эзлэн амьдардаг амьтан. Чоно, ирвэс шиг хатуу тогтоосон өөрийн эзэмшил хил хязгаар тэр амьтанд байдаггүй. Хаана идэш тэжээл, хоол хүнс арвин байна, тэнд очиж амьдардаг. Энэ нь хүний суурьшмал газар руу халдах үндэслэл болсон байж ч магадгүй.
Тэгэхээр гэрийнхээ ойролцоо бой хийхгүй байх, хийсэн бол сэвсээ булах гэх мэтээр өлсгөлөн баавгайг дуудахгүй байх хэрэгтэй. Мөн тэжээлийн ургамлын үнэрээр ирж байж болох юм гэсэн таамаглал байгаа. Холимог идэштэн учраас бүх төрлийн хоолны үнэрт татагдан ирэх боломжтой.
Баавгайг үргээх хамгийн найдвартай арга бол "перецны цацлага" байдаг. Нүүр рүү нь цацсанаар баавгай үргэх боломжтой. Энэ цацлагыг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судлах хэрэгтэй.