Өнгөрсөн 6, 7 дугаар сард иргэн Т.Энхсайхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан. Мөн тэрбээр Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, тус улсын Элчин сайдын яаманд гомдол гаргасан билээ. Т.Энхсайханы дээрх үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллага түүний нөхөр хурандаа Д.Очгэрэлийг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн тэрбээр нэгэн хэвлэлд ярьжээ.
Тэрбээр "Өнгөрсөн сарын 17-ны өдөр ЦЕГ-ын удирдлагууд гэнэт хуралдаад миний нөхөр, цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн. Малын хулгайг 85 хувь өсгөсөн гэдэг үндэслэлээр гэнээ. Миний нөхөр хурандаа Д.Очгэрэл Монголын Цагдаад малын хулгайг бүртгэдэггүй байхад нь харин бүртгэлжүүлсэн. Ингэж Ц.Нямдорж сайд, өөрийн хамаатны дүү ЦЕГ-ын дарга С.Баатаржавтайгаа бүлэглэн үнэнч шударгаар төр түмнийхээ төлөө зүтгэсэн миний нөхрийг цагдаагийн байгууллагаас чөлөөлсөн" хэмээн ярьсан.
Тэгвэл Т.Энхсайханы дээрх мэдэгдэлтэй холбогдуулан ЦЕГ-ын дарга С.Баатаржав "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа тайлбарлахдаа,
"Т.Энхсайхан гэх эмэгтэй сүүлийн үед хэвлэл мэдээлийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх болсон. Иргэн Т.Энхсайханд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудал манай Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа нь үнэн. Хэргийн шалгалтын явцын талаарх тодорхой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэх боломжгүй. Энэ эмэгтэйн нөхөр Д.Очгэрэл нь манай ажилтан мөн. Эрүүгийн цагдаагийн албанд хэлтсийн даргаар ажиллаж байсан. Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг албан тушаалаас нь үндэслэлгүй чөлөөлсөн асуудал яригдсан. Энэ талаар тодруулж тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Цагдаагийн төв байгууллага нь харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг шалган зааварчилж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулж, тодорхой үүрэг чиглэл өгч, түүнийхээ биелэлт, үр дүнг тооцох ажлыг төлөвлөн үе шаттай зохион байгуулдаг. Эрүүгийн цагдаагийн албанд 2013 оноос хойш дотоод хяналт шалгалт хийгдэж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байсан. Энэ жил тус албанд хуваарьт шалгалт хийгдэх байсан. Шалгалтыг өнгөрсөн сарын 18-20-ны өдрүүдэд явуулж, дүнг хуралдаанаараа хэлэлцээд зохих шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтад тус албаны бүх нэгжийн үйл ажиллагааг хамруулж, шалгалтын дүнг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тус албаны дарга, Дэд дарга, хэлтсийн дарга нарын нийт долоон удирдах албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу албан тушаал бууруулах болон цалинг тодорхой хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг засуулах хугацаатай үүрэг өгсөн" гэжээ.