Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн албан айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэе.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
УИХ-ын дарга Г.Занданшатар харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах саналууд дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера нар Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд өнөөдөр хэлэлцээ хийлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилга хүлээн авч, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь ноён Ярослав Кубера-д чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Тэрбээр “Энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Европын Холбооны гишүүн Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу Чех Улсыг гуравдагч хөршөө гэж үздэг. Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай орны хувьд ЗХУ-ын дараа орох томоохон хөрөнгө оруулагч, худалдаа, эдийн засгийн түнш байсан. Тиймээс бид уламжлалт энэхүү харилцаагаа бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Эрчим хүчний салбар бол хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг юм. Эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг хөхиүлэн дэмжих чиглэлд ухаалаг тоолуур бүхий цахилгаан түгээх сүлжээ бий болгох зорилгоор “Улаанбаатарын Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “ZPA” тоолуурын компаниуд хамтарч Монгол Улсад цахилгааны ухаалаг тоолуур угсрах үйлдвэрийг барьж байгуулах асуудлыг урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлов.
Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцсоноо мэдэгдэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийлээ.
Айлчлалын хүрээнд парламентын дарга нар хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
Түүнчлэн хэлэлцээний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж, ярилцсан болохыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдав. Энэхүү хэлэлцээ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа тэрбээр тэмдэглэсэн.
Хоёр орон 1950 оны 04 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон үеэс хойш Монгол Улс бүхий л салбарт Бүгд Найрамдах Чех Улстай харилцаагаа өргөжүүлэн ирсэн түүхтэйг Г.Занданшатар дарга дурдаад “Бүгд Найрамдах Чех Улс бол Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг, дотны түнш орон” хэмээн онцлов.
Тус улс 1990-ээд оноос хойш Монгол Улсад хөгжлийн чиглэлээр албан ёсны тусламж үзүүлж, олон төсөл нь амжилттай хэрэгжсэн нь манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, тахийг эх нутагт нь эргүүлэн нутагшуулах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг мэдээллийнхээ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга дурдлаа.
Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хоёр дахь түнш орон байсан талаар Г.Занданшатар дарга хэд хэдэн жишээ дурдаад, уламжлалд тулгуурласан хамтын ажиллагааны боломж өргөн байгааг тэрбээр онцлов. Монгол Улсын байгалийн баялаг, мал аж ахуй, Бүгд Найрамдах Чех Улсын дэвшилтэт техник, технологи зэрэг хоёр орны давуу талуудыг хослуулан эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдгийг хэллээ.
Айлчлалын үеэр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол-Чехийн бизнес форум зохион байгуулагдах бөгөөд хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера “1990-ээд оноос хойш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа саарсан бөгөөд Чехийн талаас энэ чиглэлээрх санаачилга, анхаарлаа сулруулсан байх талтай. Манай хоёр улсын харилцаанд ямар нэг хүндрэл, бэрхшээл байхгүй гэдэг нь тун таатай мэдээлэл юм. Мөн Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын олон талт хамтын ажиллагаа бичиг баримтын хүрээнээс хальж, бодит ажил хэрэг болсныг харахад туйлын таатай байна” гэлээ. Энэ өдрүүдэд Монгол Улстай эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргахаар Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар ажиллаж байгааг ноён Ярослав Кубера дурдав. Хоёр орон уул уурхайн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашид Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал бөгөөд Бүгд Найрамдах Чех Улс энэ чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн.
Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр (2019.09.30) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Хэдийгээр дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болох гэж байгаа ч эдийн засаг, иргэд хоорондын, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт чамлалттай харилцаатай байгааг талууд хүлээн зөвшөөрч, цаашид хамтран ажиллахдаа аль аль талдаа харилцан ашигтай байхаар, хамтран гуравдагч орнууд руу бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхээр ярилцсан юм. Ялангуяа, эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа ойрын ирээдүйд Монгол дахь түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзлээ. БНЧУ түүхий эдээ боловсруулахгүйгээр экспортод гаргаж байсан үеээ өнгөрөөж, өндөр технологи ашиглах болсон тул Монголд нэмж үйлдвэр барихаас илүүтэй байгаа нөөц боломжоо бүрэн ашиглаж, технологийн шинэчлэл хийх, боловсруулах чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж ярилцлаа.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид маргааш /2019.10.01/ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд, нөгөөдөр /2019.10.02/ Хөшигтийн хөндий дэхь олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцах юм.