Халуун, хүйтэн ямар ч зэвсгээс хатуу, зөөлөн үг хүчтэй гэдэг. Үг болон дүрсний үнэ цэнийг мэдрүүлдэг сэтгүүл зүйн салбарынхан 11 дэх БАЛДОРЖ шагналтнаа өлгийдөн авлаа. Тухайн жилийн нийгмийн байдал, өнгө төрхийг тодорхойлдог хамгийн нэр хүндтэй, босго өндөртэй сэтгүүл зүйн “Их хурд”-ын гараа өнгөрсөн жилийн өдийд эхэлж, бүтэн жилийн ойн дээрээ шилдгүүдээ ийнхүү шалгаруулсан юм. Жил бүрийн есдүгээр сард болдог БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчид, сэтгүүл зүйн салбарын малгай, ноён оргилууд хүрэлцэн ирж, хуран чуулдгаараа ач холбогдол нь өргөн. Тэр ч утгаараа шагналын нэр хүнд, үнэ цэнийг Монголын “Пулитцер” хэмээдэг.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр энэ удаагийн ёслолын арга хэмжээг нээж “БАЛДОРЖ шагналын нэр хүнд жил ирэх тусам өсөж, сэтгүүлчдэд шинийг санаачлах урам зориг нь болжээ. Ц.Балдорж агсан Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 40 жилийн өмнө биднийг “Үнэн” сонинд сэтгүүлч гэгдэж явахад Бал цахиур хагалж, араасаа дагуулж явсан авьяаслаг, нэртэй сэтгүүлч байлаа. Тухайн үед нөхцөл байдал өнөөдрийнхөөс тэс өөр. Сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлгээс өөр контентгүй байсан хуучин цагийг бодвол өнөөдөр сэтгүүл зүйд цахим хэвлэл нэвтэрсэн. Нийгмийн олонх нь сонины нийтлэл хоцрогдоно гэж ярьдаг. Харин миний бодлоор цахим хэвлэлийг хурдаараа гүйцдэггүй юм гэхэд нийтлэлийн чанараараа тэргүүлэх боломж сонинуудад бий” гэсэн юм.
11 дэх удаагийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол өмнөхүүдээсээ цоо шинэ өнгө төрх, тайз дэлгэц, дүрэм журам гээд бүхий л зүйлээрээ онцлог болсон. Нэн тэргүүнд шүүгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгчдөж, зөвлөх багийн гишүүдтэй болсныг дурдах нь зүйтэй. Сэтгүүлчид өмнө нь тухайн жилд бичиж, нэвтрүүлсэн шилдэг гэсэн бүтээлээ БАЛДОРЖ шагналд нэр дэвшүүлж, тэдгээрийг нь шүүгчдийн бүрэлдэхүүн шигшиж, шилдэг 10 бүтээл, дэд байр, гран при шагналтныг тодруулдаг байв. Өнөө жил нэг ч сэтгүүлч өөрийнхөө бүтээлийг нэр дэвшүүлсэнгүй. Харин шүүгчид, зөвлөх багийнхан сэтгүүлчдийн бүтээлийг нэр дэвшүүлснээрээ ялгаатай. Ингэснээр уралдааны чанар чансаа дээшилж, шагналын нэр хүнд, үнэ цэн улам өсөж, цар хүрээ нь өргөжсөнийг ёслолд оролцогчид онцолж байлаа.
Гран при шагналтныг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд “Балдорж” сангийн үүсгэн байгуулагч Н.Шүр, сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баярмагнай, СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос, “Guru media”-гийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, Гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Баянсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, МҮОНТВ-ийн редактор Г.Золжаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, сэтгүүлч, Б.Пүрэвдаш, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, зохиолч, судлаач, доктор, зохиолч П.Батхуяг, БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал нар ажиллалаа. Үйл хэрэг, уран бүтээлээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр эрхмийн шударга шүүлтүүрээр 27 сэтгүүлчийн 61 бүтээл энэ удаагийн шалгаруулалтад нэр дэвших эрх авч, өрсөлдсөн юм. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд шинээр нэмэгдсэн, хамгийн залуу нь БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал байлаа.
Зөвлөх багийн бүрэлдэхүүнд С.Батбаатар, Б.Ганчимэг, Э.Долгион, Л.Мөнхбаясгалан, Г.Гантуяа нарын хэвлэл мэдээллийн салбарын нэртэй, туршлагатай 10 удирдагч багтсан бөгөөд “Балдорж” сангийнхан тэдэнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан. Өмнөх жилийн БАЛДОРЖ шагналт сэтгүүлч үг хэлдэг жишгээр манай сонины Т.Энхбат, Ж.Сувдмаа нар индэрт уригдав. Тэд “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал нийтлэлээрээ 10 дахь удаагийн БАЛДОРЖ шагнал хүртсэн юм. Т.Энхбат “Шүүгчид болон зөвлөх багийн гишүүд сэтгүүлчдийн бүтээлийг нэр дэвшүүлдэг болсноор шагналын нэр хүндийг өргөөд зогсохгүй шинэ шатанд аваачсан гэж харж байна. Салбарын мундгуудын зарим нь санаа нь зовдог байсан уу, ямартай ч нэрээ дэвшүүлэхгүй хоцрох нь цөөнгүй байсан. Нөгөө талаар сэтгүүлч биднийг шантаажчин гэж олон хүн хэлдэг болжээ. Мэргэжлийн ёс зүйтэй, үнэнчээр ажиллаж, мэрийж яваад нь энэ үг гутамшигтай санагддаг. Тиймээс сэтгүүлч, редакцын эрхлэгч нар бусдын буруу жишгийг бүү дагаасай. Бүгдээрээ салбарынхаа нэр хүндийг өргөхөд анхаарах цаг болсон” гэсэн юм.
БАЛДОРЖ шагналын эзэд өмнө нь 5000 ам.доллар, Бал эрхлэгчийн хөргийг дүрсэлсэн шижир алтан тэмдэг, цом, өргөмжлөл гарддаг байв. Энэ удаад гран при шагналтанд олгодог мөнгөн урамшууллыг нэмж, 20 сая төгрөг болгосон юм. Сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар “Хүрээлэн” төслийн хүрээний “Калмык их нүүдлийн мөрөөр”, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ 11 дэх удаагийн БАЛДОРЖ шагнал хүртсэнээр дээрх хүндлэлийг хүлээсэн. Тэд 2014 онд “Хүрээлэн амьд ертөнц” цуврал нэвтрүүлгээрээ мөн гран при хүртэж, телевизийн салбараас уг шагналыг энгэртээ гялалзуулсан анхдагчид болсон. Тэгвэл энэ жил хошой БАЛДОРЖ анхны сэтгүүлчид болсон юм. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулсан.
Дээр өгүүлсэнчлэн, шагнал гардуулах журамд өөрчлөлт оруулсны дагуу энэ жил тусгай байрт гурван бүтээл шалгарууллаа. Эрэн сурвалжлах чиглэлээр хамгийн сайн ажиллаж, бүтээл нь үр дүнд хүрсэн тул “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга тусгай байрын шагнал хүртсэн. Нийгмийг шуугиулж, олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан бүтээлээр ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяагийн “Танилц: Одоогоор УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд, ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод байна” цуврал нийтлэл тодров. “Ub.life” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгийн балетчин О.Батсайханы тухай бичсэн “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлага нь сэтгүүлчийн хамгийн их ур шингэсэн бүтээлээр шалгарч, өргөмжлөл, гурван сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус хүртлээ.
11 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг хамтран зохион байгуулсан “Херо энтертайнмент”, ивээн тэтгэсэн Канадын ЭСЯ, “Юнител” группийн хамт олонд талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Сэтгүүлчид нийгмийг сайн сайханд хөтөлж, соён гэгээрүүлэх, үнэний төлөөх суртал ухуулагч байх ёстой
(БАЛДОРЖ шагнал гардуулах үеэр Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын хэлсэн үг)
-Нэн тэргүүнд би найзынхаа талаар хэдэн үг хэлье. Одоогоос 11 жилийн өмнө миний найз Ц.Балдорж агсны хамтран зүтгэгч, дотнын найз, нөхөд, гэр бүл, хүүхдүүд нь Монголын сэтгүүл зүйн шилдгийг шалгардуулдаг ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулахаар шийдсэн юм. Энэхүү арга хэмжээний нэр хүнд жил ирэх тусам өсөж, сэтгүүлчдэд шинийг санаачлах урам зориг нь болжээ. Ц.Балдорж агсан Монгол Улсад чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан.
Тэрбээр 40 жилийн өмнө “Үнэн” сонинд цахиур хагалж явсан авьяаслаг, нэртэй сэтгүүлч байлаа. Биднийг тухайн үед энэ салбарт сэтгүүлч гэгдэж явахад нөхцөл байдал өнөөдрийнхөөс тэс өөр. Үнэндээ нэг намын бодлогыг олон түмэнд хүргэдэг суртал ухуулагчид байсан. Гэхдээ 1980 оноос нийгэмд шинэчлэлийн салхи сэвэлзэж эхлэхэд Ц.Балдорж найз минь биднийг манлайлж, араасаа дагуулсан юм. Түүний нийтлэлүүд олон сэтгүүлчийн урам зоригийг сэргээж, уншигчдад нэгийг бодогдуулж, нийгмийн оюун санаанд шинэ цагийг авчрахад ихээхэн нөлөөлсөн гэж боддог. Сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлгээс өөр контентгүй байсан хуучин цагийг бодвол өнөөдөр сэтгүүл зүйд цахим хэвлэл нэвтэрсэн. Нийгмийн олонх нь сонины нийтлэл хоцрогдоно гэж ярьдаг. Харин миний бодлоор цахим хэвлэлийг хурдаараа гүйцдэггүй юм гэхэд нийтлэлийн чанараараа тэргүүлэх боломж сонинуудад бий. Сэтгүүлчид одоо ч нийгмийг сайн сайханд хөтөлж, соён гэгээрүүлэх, үнэний төлөөх суртал ухуулагчид байх ёстой.
Ц.Балдорж агсны байгаль орчны төлөөх тэмцэл, хэлсэн үг, бичсэн нийтлэлүүд нь одоо ч эх орноо “хамгаалсаар” байна
-БАЛДОРЖ шагнал гардуулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг-
-Ц.Балдорж эрхлэгч миний хувьд манай байрны ах байсан. Олон зүйлийг ярилцаж, надад зааж, зөвлөдөг эрхэм хүн минь байлаа. Түүний сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөл, хийж бүтээсэн зүйл нь бидэнтэй үргэлж хамт байгаагийн хамгийн том илрэл нь БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол гэж ойлгодог. Монголын сэтгүүл зүйн эцэг байсныхаа хувьд тэрбээр чөлөөт хэвлэлийг үндэслэж, олон зуун сэтгүүлчийг бэлдэн, улс орон, ард түмнээ шударга байлгаж, ийм нийгэмд амьдруулахын төлөө зүтгэсэн соён гэгээрүүлэгч. Тэр дундаа хариуцлагатай уул уурхай, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажил, хэлсэн үг, бичсэн нийтлэлүүд нь одоо ч эх орноо “хамгаалсаар” байна. Би ч гэсэн хариуцлагатай уул уурхайн төлөө тэмцэж байгаа. Уул уурхайн салбарт “ургасан” зэрлэгийг зулгааж байгаа болохоос зүлгийг нь зулгаагаагүй гэдгийг онцлон тэмдэглэе. Цаашид ч энэ салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарна.
Сэтгүүл зүйн салбарын өв хөрөнгө нь болсон
-БАЛДОРЖ сангийн тэргүүн Балдоржийн Номинтүшигийн хэлсэн үг-
-БАЛДОРЖ шагнал хүртсэн “Хүрээлэн” төслийн хамт олон, тусгай байр эзэлсэн сэтгүүлчдэдээ халуун баяр хүргэе. Мөн сэтгүүлчийн мэргэжлийг хүндэтгэн ирсэн үе үеийн Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, баярын эзэд болсон сэтгүүлчид, хүндэт зочдодоо талархал илэрхийлье. “Хүрээлэн” төслийнхөн телевизийн салбараас анх удаа БАЛДОРЖ шагналыг хүртэж байсан бол өнөөдөр хоёр дахиа авснаар мөн л анхдагчид боллоо. Тухайн үед 20 цуврал нэвтрүүлэгтэй байсан тэд өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ тасралтгүй туурвиж, 100 дахь нэвтрүүлгээ өлгийдөн авчээ. Сэтгүүлчдийн нөр их судалгаа, хөдөлмөр шингэсэн бүтээлүүд нь эх орныхоо өнцөг булан бүрээр “явж”, аугаа их түүх, дахин давтагдашгүй байгаль, хайрлан хамгаалах учиртай Монголоо сэтгүүл зүйн хуудсанд эрдэнийн үсгээр бичиж, монгол хүн бүрийн зүрх, сэтгэлд дархалж байгаа “Танья, хайрлая, хамгаалъя” уриатай “Хүрээлэн” төслийн хамт олонд талархлаа илэрхийлье.
Амьдралын цорын ганц тогтмол хэмжүүр бол өөрчлөлт гэдэг. Тиймдээ ч нийгмийн түүчээ болж явах учиртай сэтгүүл зүйн салбарын нэг хэсэг болсон “Балдорж” сан 11 дэх удаагийн шалгаруулалтдаа томоохон өөрчлөлт хийхээр зориглосон юм. БАЛДОРЖ шагнал нэг гэр бүлийн гэхээсээ илүүтэй салбарын өв хөрөнгө нь нэгэнт болсон тул “хувьсгал” хийхийг дэмжсэн сангийн хамт олон, сэтгүүлч нартаа баярлалаа. “Балдорж” сан хувиршгүй үнэт зүйлээ нандигнан хадгалахын сацуу, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийтлэл, нэвтрүүлгийн төрөл, шинэ үеийн сэтгүүлчдээр бүл нэмж буй салбарынхаа нахиаг арчлан хамгаалсаар байх болно.
БАЛДОРЖ шагналын босго өндөрссөнөөр бүтээлийн чанар сайжирна
Эрэн сурвалжилсан, ил тод байдлыг илэрхийлсэн сэтгүүлчийн ажлын нийгмийн шаардлага ихэссэн
(Шүүгчдийн бүрэлдэхүүнийг төлөөлж БАЛДОРЖ шагналт сэтгүүлч
Ж.Тэгшжаргал энэ удаагийн шалгаруулалтын талаар танилцууллаа)
-БАЛДОРЖ шагналтныг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, зөвлөх багийнхан болон шүүгчдийн нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг үзэж, уншиж, үр дүнг нь хуваалцаж байна. Сэтгүүлчдийн мэргэжлийн бүтээлүүдийг шүүн хэлэлцэж, сонгон нэр дэвшүүлэхдээ “Балдорж” сан энэ жилээс зөвлөх багийн гишүүдийг томилж, тэдний санал бодлыг тусгадаг болсныг олон хүн сайшааж буй. Мэргэжлийн сайн уран бүтээл уншигч, үзэгчээ очсон газрууддаа дагуулан алхуулж, уулзсан хүмүүсийнхээ дэргэд суулгаж, асуудал, үйл явдал, халуун цэгт хөтөлдөг гэдэгт итгэдэг. Энэ жил сэтгүүлчид биднийг нарны хүүхдүүдийн ертөнцөд хүргэж, говийн таван гайхамшгаар аялуулан, Дулдуйтын равжаагийн дуулж явсан нутаг дахь асуудалд хөтөлж, дуулиан шуугианы гол баатруудаас ам асуулцаж, театрын тайзнаа дурсамж дүүрэн хөшгийг нээн, Д.Нацагдоржийн жимээр алхууллаа. Тэдний ачаар бид хүндээс хүнд ном дүүрэн сурагчийн цүнхийг үүрэлцэж, Улаан балаар дүн тавьж, ЖДҮХС-гийн зээлийг хувьдаа завшсан улстөрчдийн булхайг хамтдаа нягталж, Урианхай хэмээх уулнаа бас саатлаа. Үнэнийг эрсэн, шударга ёсыг нэхсэн, урам зориг, итгэл найдвар хайсан урт замаар биднийг хөтөллөө. Энэ бүхнийг үзгээрээ урлаж, үгээрээ илчилсэн сэтгүүлчдэдээ уншигч, үзэгч, сонсогчдынхоо өмнөөс баярлалаа гэж хэлье. Эрх мэдэлтнүүдээс асууж, хариу хэлүүлэх, ээдрээтэй бүхнийг нотлохын төлөөх ширүүн өрсөлдөөн Монголд чухлаас чухал. Нэр, нүүрээ нуусан үзэл бодол, худал мэдээллийн дайралт ихсэж буй өнөө цагт үнэн чухам юу юм бэ гэдэг адармаатай болжээ. Тиймээс л эрэн сурвалжилсан, ил тод байдлыг илэрхийлсэн сэтгүүлчийн ажлын нийгмийн шаардлага улам ихсэж байна. Техник, технологийн дэвшил, нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр уншигч, үзэгчийн үнэнийг мэдэх хэрэгцээ улам баялаг болох биз ээ. Асуух гэснээ лавтай асууж, хэлэх үгсээ бүрэн дүүрэн буулгаж, баримтаа ханатал нотолж, бүтээлээ бүрэн цогц гараас гаргасан сэтгүүлчийн мэргэжлийн таашаалыг гүйцэх сайхан бидний амьдралд ховорхон. Бүтээн туурвих их үйлсэд нь амжилт хүсье.
Хойч үеэ эх орноо хайрладаг сэтгэлтэй болгоход манай төслийн зорилго оршдог
У.ГАНБАЯР, М.БУЯНБАДРАХ (Хошой БАЛДОРЖ шагналт, “Хүрээлэн” төслийн багийн сэтгүүлч):
-“Танья, хайрлая, хамгаалъя” уриатайгаар “Хүрээлэн” төслөө хэрэгжүүлж эхлээд зургаан жил болжээ. Энэ хугацаанд Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 дугаар тасралтгүй бэлтгэн хүргэлээ. Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хүрч, ховордсон ургамал, ан амьтдыг хамгаалах, цаашлаад ирээдүй хойч үеэ эх орноо хайрладаг сэтгэлтэй болгоход манай төслийн зорилго оршдог. Дуртай ажлаа чадах чинээгээрээ сайн хийхийг хичээсээр өнөөг хүрсэн. Түүний үр дүн ийн гарсанд баяртай байна. Улам их хичээж ажиллах болно.
Улс орноо тонодог, олон нийтийг хүссэнээрээ хуурч, аргалж чадна гэж боддог хүмүүсийн төлөвлөгөөг нурааж, илчилсэн нь сурвалжилгын минь үр дүн
Х.УЯНГА (“Өнөөдөр” сонины сэтгүүлч):
-Хамарын хийд орчимд олгосон тусгай зөвшөөрлийн талаар сурвалжилсан 12 цувралаараа энэ эрхэм шагналыг авлаа. Энэ оны нэгдүгээр сараас эхэлж, есдүгээр сар хүртэл үргэлжилсэн уг сурвалжилгаар эрх мэдэлтнүүд “лиценз угаах” гэдэг шинэ төрлийн залилан, луйврын шинжтэй хэргийг цэцэглүүлж буйг гаргаж тавьсан. Тусгай зөвшөөрөл хүчинтэй үед газрыг хамгаалалтад авах шийдвэр гаргавал улс лиценз эзэмшигчдэд нөхөн олговор олгох, эсвэл өөр орд газар дүйцүүлэн өгөх хуулийн заалт байдаг. Үүнийг ашиглан, дорвитой нөөцгүй тусгай зөвшөөрлөө өөр газарт шилжүүлэх, илүү олон тусгай зөвшөөрөл болгож авах гэх мэтээр “лиценз угаадаг” болсон юм билээ. Бөөн дуулиан шуугиан болж, олон нийтийг талцуулж байгаад Тост, Тосон бумбын нуруу, Булганы Тэшиг сумын нутаг дахь тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаа эргээд уг тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан компаниудад нэгийн оронд хоёрыг өгснийг хэн ч мэдээлээгүй, олон нийт огт мэдээгүй. Үүнийг сурвалжилгаараа ил болгосон.
Дээрх аргыг Хамарын хийдэд хэрэглэхээр түүх, соёл, шашны өвийг хадгалдаг, аялал жуулчлалын томоохон төв болсон энэ нутгаар “өгөөш” хийж байна гэдэг таамаг дэвшүүлж, түүнийгээ батлахаар ажилласан. Олж цуглуулсан мэдээлэл, баримтуудаараа үүнийгээ баталсан. Хамарын хийд орчим дахь тусгай зөвшөөрлийг 2009 онд хүчингүй болгосон ч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно буюу 2017 онд хууль зөрчин байж шүүхээр сэргээлгээд, удалгүй хоёр компанид хуваан шилжүүлсэн. Ингэснээр уг газрыг улсын хамгаалалтад шууд авбал хоёр компанид нөхөн олговор олгох, эсвэл газар дүйцүүлэн олгох нөхцөл үүссэн байлаа. Компанийнхан ч нөхөн олговор авах, эсвэл газар дүйцүүлэн авах хүсэлтээ илэрхийлээд эхэлсэн, албан тушаалтнууд үүнийг нь дэмжиж, Хамарын хийд орчмыг улсын тусгай хамгаалалтад авхуулахаар лоббидож байв. Тусгай зөвшөөрлийг хараа хяналтгүй, эмх замбараагүй олгох үед авсан, нөөц багатай, ашиг өгөхөөргүй “үхмэл” лицензийг “амь оруулж”, ашиг олохоор зохион байгуулалттай ажилласан гэж хардахаар энэ явдалд хоёр ч УИХ-ын гишүүн холбоотойг мөн гаргасан.
Эцэст нь, Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бүх шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, хууль ёсных мэтээр харагдуулж байгаад улс орноо тонодог, олон нийтийг хүссэнээрээ хуурч, аргалж чадна гэж боддог хүмүүсийн нэг ч болов төлөвлөгөөг нурааж, илчилсэн нь сурвалжилгын минь үр дүн байлаа.
Үнэхээр хүссэн ч амжуулж чадаагүй ажил хүний сэтгэлийг “гогдож” үлддэг
Б.ЭНХЦЭЦЭГ (“Ub.life” сайтын сэтгүүлч, редактор):
-Сэтгүүлч бүр уншигчдад мэдээлэл өгөх, гэгээрүүлэх гэсэн зөв бодлын үзүүрээр бичдэг. Сэтгүүлч үнэхээр сайн бүтээл хийсэн, эсэхийг зөвхөн уншигч, үзэгч, сонсогчдын хандалтаар бус, сэтгүүлчид өөрсдөө нэр дэвшүүлэн, шүүдэг нь БАЛДОРЖ шагналын утга учир. Би өсвөр насны охин байхдаа балетчин О.Батсайхан агсны тухай анх сонсож байлаа. Зөвхөн үлгэрт гарч, төсөөлөлд л оршиж болох дүр төрх, ур чадварынх нь тухай дурсамжуудыг хүмүүс ярьдаг байв. 2014 онд Н.Энхтүвшин эгч эл уран бүтээлчийн тухай нэвтрүүлэг хамтран хийх санал надад тавьсан юм. Харамсалтай нь, тухайн үед эгзэг нь таараагүй. Хийхийг үнэхээр хүссэн ч амжуулж чадаагүй ажил хүний сэтгэлийг “гогдож” үлддэг шүү дээ. О.Батсайхан агсны тухай мэддэггүй уран бүтээлч байдаггүй атлаа түүнийг алдаршуулах зүйл хийгээгүй. Төр, засгаас ч хүндэтгэл үзүүлж, нэхэн шагнасангүй. Тэр ч бүү хэл нас барснаас нь нэлээд хожуу хөрөг зургийг нь театрт байрлуулахад хэдхэн хоногийн дараа алга болчихсон гэдэг. Хэн, яах гэж авсан нь ч тодорхойгүй. Цаг үеэ олж төрөөгүй, сэтгэл хөндсөн тавилан туулсан авьяастан. Хэзээ нэгэн цагт түүний тухай заавал бичнэ дээ гэж бодож явсны эцэст “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэлээ туурвисан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн нэгнийг дагадаг бус, бусдыг манлайлдаг байгаасай
Ч.БОЛОРТУЯА (ikon.mn сайтын сэтгүүлч, редактор):
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл орчин үед хэн нэгнийг дагадаг бус, бусдыг манлайлдаг, үүрэг, хариуцлагатай байх ёстойг манай редакц ухамсарладаг. 2017 онд бид сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн тулд “Цагаан сонголт” хөдөлгөөн өрнүүлж байлаа. Өнгөрсөн жил Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрсон асуудлыг хөндсөн сурвалжилга хийж, 200 орчим мэдээ, нийтлэл түгээсэн. Энэ онд боловсролын тэгш бус байдлыг хөндсөн цуврал нийтлэл бэлтгэж байна.
Нийгмийг эрүүл, оюунлаг болгоход сэтгүүлчид чухал үүрэгтэй
С.АМАРСАЙХАН (Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч):
-БАЛДОРЖ шагнал бол нийгмийн үнэт зүйл, төлөвшлийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг сэтгүүл зүйн салбарынхны баяр. Өнөөгийн нийгэмд мэдээллийн олон урсгал бий болж, худал мэдээлэл иргэдэд багагүй төвөг учруулдаг болсон. Энэ цаг үед мэргэжлийн сэтгүүлчид үзэгч, уншигчдад үнэн, бодитой мэдээлэл хүргэх хэрэгтэй. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангаж, үнэн бодитой, үнэ цэнтэй мэдээлэл хүргэдэг сэтгүүлчдийн хэм хэмжээ, чанар чансааг БАЛДОРЖ шагнал тодорхойлдог гэж ойлгодог. Энэ жил зөвлөх багийн гишүүдтэй болсон нь босго өндөр болсны илэрхийлэл болов уу. Мэргэжлийн сэтгүүлчид нийгмийг эрүүл, оюунлаг болгоход чухал үүрэгтэй.
Ур муутай нийтлэл цөөнгүй байсан
Э.СОНИНТОГОС (СУИС-ийн захирал, доктор, профессор):
-Монголын сэтгүүл зүйн бодлогыг тодорхойлж байгаа хүмүүсийг зөвлөх багт оруулснаараа энэ удаагийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол онцлог боллоо. Сэтгүүл зүйн бүтээлийг олон талаас харах чадвартай хүмүүсийг зөвлөх багийн бүрэлдэхүүнд оруулж, чанартай гэсэн цөөн нийтлэлд шагнал гардуулсан. Өөрөөр хэлбэл, ганцхан бүтээлд гран при шагнал олголоо. Мөн тухайн жилд олны анхааралд байсан сэдэв, хамгийн их хөдөлмөр зарцуулж, ур чадвартай бичсэнийг нь харгалзаж шилдгүүдээ тодрууллаа. Бид сэтгүүлчдийн бүтээлийг 10 жил нэг шүүлтүүрээр шүүсэн. Үүнийгээ 11 дэх жилдээ шинэчилж буй нь энэ юм. Ингэж цөөхөн бүтээл шалгаруулах нь сэтгүүлчдийн дунд өрсөлдөөн бий болгож, улам чанартай бүтээл туурвихад нь нэмэртэй. “Хүрээлэн” төслийн багийнхан байгалийн онгон, дагшин газраар олон хоног явж зураг авчээ. Тиймээс тэднийг олон эрсдэл туулж, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан нэвтрүүлэг хийжээ хэмээн дүгнэсэн. Энэ залуус тогтвортой, тууштай, ур чадвартай, зүтгэл гаргаж нэвтрүүлгээ хийснийг нь үнэлж, шилдгийн шилдгээр тодруулсан.
Боломж, сэдэв дүүрэн байгаа өнөө цагт залуу сэтгүүлч нар мэргэжилдээ соёлтой, ёс суртахуунтай хандах ёстойг энэ ташрамд хэлмээр байна. Энэ жилийн бүтээлүүдийг уншиж байхад ур муутай бичсэн нийтлэл цөөнгүй байв. Нийтлэлээ боловсруулаагүй, бага ажилласан нь харагдсан. Тухайлбал, тухайн сэдвийн хүрээнд мэдлэг, боловсрол дутуугаасаа болж алдаа гаргасан байна. Тиймээс дөрөв дэх засаглалыг тогтоогчид минь илүү их уншаасай, бүтээлдээ илүү их цаг зав гаргаж, сэтгэлээ шингээгээсэй. Олон талын эх сурвалжаар мэдээллээ баталгаажуулаасай гэх бодол төрснийг нуух юун.
Сэтгүүлчдийн бичсэн нийтлэл үр дүнгээ өгсөн нь сайшаалтай
С.ЧУЛУУН (Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга):
-Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шүүгчийн бүрэлдэхүүнд сүүлийн зургаан жил ажиллаж байна. Энэ удаа “Хүрээлэн” төслийн багийнхны “Калмык их нүүдлийн мөрөөр”, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлэг шүүгчдийн олонхын саналыг авсан нь нүдээ оллоо. Бусад нийтлэл ч үр дүнгээ өгсөн нь сайшаалтай. Тухайлбал, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянгын бичсэн “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” 12 цуврал нийтлэл Хамрын хийд орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадсан байх жишээтэй. Харин “Хүрээлэн” төслийн багийнхан асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж, судалгаа явуулсны эцэст ийм нэвтрүүлэг хийжээ. Ингэснээр иргэдийг байгалиа хайрлан хамгаалахад уриалж, соён гэгээрүүлэх ач холбогдолтой.
Хүний сэтгэл зүйд хандсан нийтлэл, нэвтрүүлгээр “цангажээ”
Б.ПҮРЭВДАШ (Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор):
-Шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийг жил жилээр нь уншиж үзвэл бүгд тухай үеийнхээ нийгэм, цаг үеийн шинжийг агуулсныг ажиглаж болно. Улс орны байдал ямар байгааг ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяагийн “Танилц: Одоогоор УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод байна” цуврал нийтлэл, сурвалжилгаас харж болно. Уул уурхай ч Монголын маш халуун, чухал сэдэв. “Өнөөдөр” сонины Х.Уянга тусгай байр эзэлсэн нь яах аргагүй зөв. Тэрбээр асуудлын гүнд нэвтэрч, их хөдөлмөр зарцуулж, сайн нийтлэл бичсэн. Асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжлах бүтээлээс гадна энгийн хэрнэ уртай бичсэн хөрөг, хүний дотоод мөн чанар, сэтгэл рүү өнгийсөн нийтлэл, нэвтрүүлгээр бид цангажээ. “Ub.life” сайтын болон “Гэрэг” сэтгүүлийн тоймч Б.Энхцэцэгийн бичсэн “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, TV8 телевизийн сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэнгийн “Сүсэглэл солиорлын дэнс”, “Mongol HD” телевизийнхний “Тусгал” төслийн хүрээнд хийсэн “Нарны хүүхдүүд” зэрэг нийтлэл, нэвтрүүлэг жин дарж байлаа. Тэргүүн байрт шалгарсан бүтээл бол залуу, хойч үедээ Монгол орноо хайрлах, хамгаалах мэдлэг, боловсрол олгохуйц сайн нэвтрүүлэг. Тэдний сонгож авсан сэдэв нь өргөн цар хүрээтэй учраас тэргүүн байрт шалгарахаас аргагүй.
Алдар нэрийн төлөө үсчих нь сэтгүүлчийн ажил биш
С.БАТБААТАР (УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга):
-БАЛДОРЖ шагнал сэтгүүлчдийг хүсэх мөрөөдөл, тэмүүлэх эрмэлзэл, дэрвэх хийморьтой болгосон. Энэ шагналыг хүртсэн нь урам зоригоор цэнэглэгдэж, “Монголын сэтгүүлчдийн тэргүүн эгнээнд багтжээ, би” хэмээн өөрөөрөө бахархдаг биз ээ. Цаг, хугацааны шалгуурыг дааж чадах бүтээл сэтгүүлчдээс олон “төрөх” болтугай хэмээх нь БАЛДОРЖ шагналын зорилго мөн. Ядаж нэгэн жаранд уншигдах ганц бүтээлтэй болох нь сэтгүүлч хүний насан туршийн мөрөөдөл байх ёстой. Энэ удаагийн тэргүүн байрт шалгарсан нэвтрүүлэг үүнд ойртох болов уу. Сайн, муу аль нь ч байсан хамаагүй, алдаршихын төлөө өөд, уруугүй үсчих нь сэтгүүлчийн ажил биш. Өөрийн итгэл үнэмшлийн эсрэг өрөөлийн үгээр зэвсэг хийн сүржигнэх нь үнэндээ гэмт хэрэг. Энэ бол миний үг биш, Бал эрхлэгчийн минь бидэнд үлдээсэн гэрээслэл гэж хэлэх би дуртай. Миний бичсэн нийтлэл, бэлтгэсэн нэвтрүүлэг энэ гэрээслэлийн зарчимд нийцэж байна уу гэж дараагийн БАЛДОРЖ шагналд бүтээлээ “сойх” сэтгүүлчид өөрийгөө шүүх хэрэгтэй байх.
Сэтгүүлчийн хөдөлмөр “үнэртсэн” даацтай олон бүтээл нэр дэвшсэн
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (БАЛДОРЖ шагналт сэтгүүлч):
-БАЛДОРЖ шагнал бол Монголын сэтгүүл зүйн салбарт хөдөлмөрч, бүтээлч, шаргуу ажилладаг сэтгүүлчдийн даацтай бүтээлийг үнэлдэг гэдгээрээ том. Жил бүр 10 хүнд уг шагналыг олгодог байсан нь манай салбарт ахадсан тоо. Харин энэ жил дөрвөн хүн уг шагналын эзнээр тодорлоо. Энэ нь шүүлтүүр нарийсаж, үнэ цэнтэй болсныг илэрхийлэх байх. Сонин болон телевиз сэтгүүл зүй хэмээн нэрлэгдэх ч хоёр өөр зүйл. Энэ жилийн тэргүүн байр эзэлсэн бүтээл цаг хугацаа, ур чадвар их шаардсан хэдий ч сэтгүүл зүйн цэвэр бүтээл гэхээсээ илүү танин мэдэхүйн сайн нэвтрүүлэг. Тиймээс сэтгүүлчийн хүч хөдөлмөр шингэсэн олон нийтлэл телевизийн дүрсэнд дарагдаж, сүүдэрт орхигдох эрсдэлтэй. Энэ жил сэтгүүлчийн хөдөлмөр “үнэртсэн” олон даацтай бүтээл нэр дэвшсэн. Тиймээс нэр дэвшсэн бүх сэтгүүлчид баяр хүргэе.
БАЛДОРЖ шагнал Пулитцерийн жишигт хүрэхэд ойрхон байна
Б.НАРАНБААТАР (МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор):
-Өнгөрсөн жилийн шагнал гардуулах ёслолын үеэр тодорхой номинацад сэтгүүлчдийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж олон хүн хэлж байлаа. Тиймээс 2019 онд БАЛДОРЖ шагналтнаас гадна шилдэг ур чадвар, эрэн сурвалжлах, нийгмийг шуугиулж, олны анхаарал хамгийн их татсан гээд тусгай гурван байр шалгарууллаа. Энэ бол нүдээ олсон, зөв шийдвэр. Учир нь салбар бүртээ мэргэшсэн сэтгүүлч олон бий. Сэтгүүл зүйн чанартай бүтээл туурвисан ч тухайн салбар нь олны анхаарлыг татахгүйгээс болж хийсэн, бүтээснээ бодитоор үнэлүүлж чадахгүй байх тохиолдол олон. Энэ жил анхны алхмаа хийсэн тул дараа дараагийн БАЛДОРЖ шагнал олон номинац шалгаруулж, Пулитцерийн жишигт хүрэхэд ойрхон байна. Мөн зөвлөх багийн гишүүдтэй болсон нь шүүлтүүрийг илүү нарийвчилсан. Цаашид эл бүрэлдэхүүн “цус сэлбэх” байх. Учир нь санал болгох сэтгүүлч, салбар, чанар чансаа, сэдэв чиглэл нь солигдоно гэсэн үг.
Бэлтгэсэн: О.Бат-Ундрах, А.Халиун, Г.Баясгалан, Ж.Отгонтуул