Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын гомдлоор Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд Зөрчлийн хуулиар 4 сая төгрөгийн торгууль тавьсан. Энэ нь үндэслэлтэй эсэх асуудлаарх шүүх хурал өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 27-ны 13.30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд болох юм байна.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн зургадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтэд тараасан. Үүнийг нь гүтгэлэг хэмээн үзэж, шүүхэд хандсан бөгөөд Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа 2 сая төгрөгөөр торгосон. Тэгвэл иргэн Э.Бат-Үүл энэхүү торгуулийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд ханджээ.