Хичээлийн шинэ жил эхлээд нэг сар орчим өнгөрлөө. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өвдөөд эхэлж. Эцэг, эхчүүдийн “Энэ өвлийг хүүхдүүд минь яаж давна даа. Томуугийн болон хатгалгааны вакцин хаагуур хийж байгаа бол” гэсэн асуулт нийгмийн сүлжээнд хөврөв. Ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг ДЭМБ зөвлөсөн учраас тэр. Гэвч манай эрүүл мэндийн салбарынхан ханиад, томуугийн вакциныг жил бүр аравдугаар сарын дунд, эсвэл сүүлчээр хийдэг. Харамсалтай нь, энэ үед амьсгалын замын өвчин хэдийн дэгдчихсэн байдаг тул төдийлөн үр дүнд хүрдэггүйг эцэг, эхчүүд шүүмжилдэг.
Хувийн эмнэлгүүд ч энэ сул орон зайг ашиглан, томуугийн вакциныг 40-45 мянган төгрөгөөр хийж байна. Угтаа бол вакциныг өвчин дэгдэхээс сарын өмнөөс хийж, дархлаа тогтоодгийг эмч нар хэлсэн. Гэвч ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн арван сарын сүүлчээр хийнэ гэж “зөрүүдэлсээр”. Хүйтрэхээр хүүхдүүдийн нус гоожиж, ханиалгачихдаг тул дархлаажуулалтад хамрагдаж чадалгүй, өвчин нь хүндэрдэг аж. Өнөө жил А хүрээний H1N1, H3N2 болон В хүрээний вирусүүд дэгдэх магадлалтайг олон улсын эрдэмтэд анхааруулсан. Тиймдээ ч ЭМЯ уг гурван төрлийн үүсгэгчийн эсрэг 159.2 мянган хүн/тун вакцин захиалаад буй.
Одоогоор улсын хилээр вакцин оруулж ирээгүй бөгөөд ХӨСҮТ-ийнхний хэлснээр, ирэх сарын 10-нд гааль дээр буух гэнэ. Харин дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд 15-20-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжид хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг вакцинжуулах аж. Гэхдээ анхаарах зүйл бийг эмч нар хэллээ. Тодруулбал, өндөг, тахианы махнаас болон томуугийн вакцин хийлгээд харшилсан хүмүүс, 0-6 сартай хүүхдүүдийг уг өвчний эсрэг дархлаажуулахгүй.
Томуугийн вакциныг жилд нэг удаа булчинд хийдэг. Ноцтой аюулгүй ч зарим тохиолдолд тариулсны дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минут ажиглах хэрэгтэй гэнэ. Тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, халуурах нь бие махбодын хэвийн урвал гэж ойлгоорой.