Хүннү рок хэмээх шинэ урсгалыг Монголд төдийгүй олон улсад таниулсан анхны хамтлаг “Хү”-г Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог “төрүүлсэн”. Тэрбээр 2012 оноос гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, хэв маяг бүрдүүлэх ажил хийсээр 2016 онд хамтлагаа албан ёсоор байгуулан, өнгөрсөн оноос уран бүтээлүүдээ хүргэж эхэлсэн. Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн “Гэрэг” цомог худалдаанд гарсан даруйдаа “Биллбоард”-ын жагсаалтыг тэргүүллээ. Эл цомогт “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” зэрэг “Queen” хамтлагийн алдарт “Bohemian rhapsody”-г ардаа орхин шилдгээр тодорч байсан есөн дуу багтжээ.
Эргэн сануулахад, “Хү” хамтлагийнхан өнгөрсөн зургадугаар сард Европын 13 орны 23 хотод аялан тоглож, Британийн “BBC-3: World music”, “Daily express”, “BBC radio-6 music”, “Daily telegraph”, “I news¬paper”, “Classic rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record bollector” зэрэг хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлчидтэй уулзаж, ярилцсан юм. Францын “Sama rock”, Английн “Download” зэрэг хөгжмийн найман наадамд урилгаар оролцсон тэд өдгөө АНУ, Канадад аялан тоглож буй бөгөөд ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлэх юм.