Тээврийн хэрэгсэл хурд багатай явах нь яндангаас ялгарах утааг ихэсгэдэг. Харин тээврийн хэрэгсэл тодорхой хурдтай явж байгаа тохиолдолд утаа ялгарах нь харьцангуй бага байдаг. Тиймээс түгжрэлийг багасгаснаар авто машинаас ялгарах утааны хэмжээг бууруулах боломжтой. Ингэхийн тулд гэрлэн дохиог зөв тохируулах шаардлагатай хэмээн төслийн мэргэжилтнүүд үзэж байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хотын төвийн замын 17 уулзварт цогц судалгаа хийж байна. Энэ талаар "Агаарын бохирдлын хяналтын чадлыг бэхжүүлэх төсөл"-ийн мэргэжилтэн Б.Батсүхээс тодрууллаа.
-ЖАЙКА байгууллага авто машинаас ялгарах утаа, мөн түгжрэлийг бууруулах зорилгоор судалгаа хийж байгаа гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөх үү?
-ЖАЙКА-гаас агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх зорилгоор олон үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг нь "Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ" гэсэн загвар төслийг санаачлаад ажиллаж байна. Бид энэхүү судалгаагаар нэгдүгээрт түгжрэлийг, хоёрдугаарт авто машинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.
Эхний ээлжинд 17 гэрлэн дохионы уулзвараар нийт хэдэн машин, хэр зэргийн хурдтай гарч байгааг тоолж байна. Энэхүү судалгааг хийхэд "SICA" компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.
-Авто машины ялгарах утааг бууруулахын тулд түгжрэлийг бууруулах ёстой, түгжрэлийг бууруулахын тулд гэрлэн дохионы горимыг зөв тохируулах ёстой байх нь, тийм үү?
-Тийм. Гэхдээ гэрлэн дохиог яарч өөрчилж болохгүй. "SICA" компанийн судалгаан дээрээс үндэслээд 11 дүгээр сард 17 уулзварын 4-ийнх нь гэрлэн дохионд горимын өөрчлөлт хийнэ.
Тухайлбал, И-март, Бөхийн өргөө, Зүүн дөрвөн зам, Сансрын туннель зэрэг дөрвөн уулзварын гэрлэн дохионы горимд өөрчлөлт оруулна. Үүнээс өмнө уулзварын хойноос урагш, баруунаас зүүн чиглэлд хэдэн цагийн үед түгжирдэг, гэрлэн дохио хэдэн секундийн зайтай унтарч асдаг зэргийг шинжилнэ. Дараа нь буюу 11 дүгээр сард дээрх дөрвөн уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулна. Үүнийг энэ чиглэлээр мэргэшсэн япончуудын заавраар хэрэгжүүлнэ.
-Монголд энэ чиглэлээр мэргэшсэн хүн байдаггүй юм уу?
-Байхгүй. Гэхдээ бид хүмүүсээ ирэх 5 дугаар сард Японы замын хөдөлгөөний удирдлагын төвд сургахаар төлөвлөж байгаа. Тэндээс гэрлэн дохионы зохицуулалт хэрхэн хийдэг, мөн замын хөдөлгөөний автомат сүлжээ ямар байдаг талаар суралцах шаардлагатай байна. Хүмүүсээ бэлтгэгдээд ирсний дараа үлдсэн 13 уулзварын гэрлэн дохиог япончуудын оролцоогүйгээр судалгаанд үндэслээд өөрчилнө.
-Судалгааны хариу нэгдсэн байдлаар хэзээ гарах вэ?
-Бүтэн жилийн хугацаа шаардагдана. Одоогоор түгжрэлийн нөхцөл байдал хэр байгааг "SICA" компани судалж байгаа. Бидний зүгээс тус компанид ерөнхий техникийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Тус компани бидэнд судалгааны үр дүнгээ 11 дүгээр сард танилцуулна.