Шинжлэх ухаан бол өргөн хүрээний ойлголт. Энгийнээр тайлбарлавал судалгааны үндсэнд гарган авсан мэдлэгийн цогц гэж хэлж болно. Аливаа улс үндэстэн орших, хөгжих, эсэх нь шинжлэх ухааны салбараас нь хамаардаг. Тиймдээ ч дэлхийн томоохон улс орнууд уг салбараа тэргүүн эгнээнд тавьж, бусдыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлдэг. Харин манайд энэ ойлголт эсрэгээрээ. Сүүлийн 30 жил шинжлэх ухааныг төрийн бодлогоос ангид, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн салбараас салгаж, хөсөр хаясныг эрдэмтэн, судлаачид шүүмжилдэг. Саяхнаас л төр, засаг үүнийг анхаарч, барилга байшин, хөрөнгө санхүү, хүний нөөцийн асуудлыг нь шийдэх талаар ярьж эхэлсэн. Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатартай энэ талаар ярилцсанаа хүргэе.
-Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурлыг энэ сарын 26-27-нд зохион байгуулна. Энэ хурал салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Засгийн газраас сүүлийн хоёр жилд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч байна. Ерөнхий сайд манай эрдэмтэн, судлаачидтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонссоны үндсэнд энэ хурлыг зохион байгуулах шийдвэр гаргасан. Нэн шаардлагатайг нь хурлын үеэр шийднэ гэсэн. Нэн тэргүүнд шинжлэх ухааны салбарыг “үлдэгдлийн зарчмаар” буюу мөнгөний боломжтой үедээ санхүүжүүлдэг байсныг өөрчлөхөө амласан. Өөрөөр хэлбэл, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бусдыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлнэ гэсэн үг. Дэлхий нийтэд аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж байна. Хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи, робот, юмсын тайлал зэрэг шинжлэх ухааны дэвшилд суурилсан хөгжлийн шинэ хандлага улс орнуудад давамгайлах болсон. Тэгэхээр бид хүссэн, хүсээгүй энэ салбартаа тэргүүлэх ач холбогдол өгч, улс орноо хөгжүүлэхгүй бол горьгүй. Үүнийг төр, засаг, нийгмээрээ ойлгож эхэлсэн нь сайн хэрэг. Эрх баригчид эрдэм шинжилгээний байгууллагуудын сүүлийн 30 жилийн санхүүжилтийн хэмжээг тооцож, төсвийг нэмэх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн.
-Өнгөрсөн хугацаанд энэ салбарт хэчнээн төгрөг зарцуулж ирэв?
-Шинжлэх ухааны хөгжлийг гурван үндсэн үзүүлэлтээр дүгнэдэг. Эхнийх нь салбарын хөрөнгө оруулалт. Дэлхийн дунджаар улс орнууд ДНБ-ийхээ 0.1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Азид энэ үзүүлэлт дунджаар 1.5 хувь байна. Социализмын үед манай салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхийн дундажтай ойролцоо байсан бол 1990 оноос тасралтгүй буурсаар өдгөө 0.11 хувиас хэтрэхгүй болжээ. Шинжлэх ухаандаа ач холбогдол өгч, хөгжүүлдэг дэлхийн 40 орны тоонд манайх багтахаа больсон гэсэн үг. Уг нь төрийн бодлогод энэ асуудлыг тодорхой тусгасан байдаг. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг 2020 он гэхэд ДНБ-ий 0.2 хувьд хүргэнэ. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд үүнийг тав дахин нэмэгдүүлнэ гэсэн байдаг. Гэвч төсөв батлахдаа ДНБ-ий 0.11 хувиас хэтрүүлж байгаагүй.
-Эрдэмтэн, судлаачдын бүтээснийг үнэлэхгүй байгаагийн шалтгаан юу вэ?
-Шинжлэх ухаанд хандах хандлага нь буруу тогтсоны илрэл. Өөрөөр хэлбэл, улс хөгжлийн тэргүүлэх чиглэлээ уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц хэмээн тодорхойлж, эдгээр салбар луу хөрөнгө оруулалтаа түлхүү хуваарилдаг. Үлдсэнийг нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт багахан хэмжээгээр төсөвлөж ирсэн. Гэтэл дэлхийн улс орнууд бүх салбараа, тэр дундаа шинжлэх ухаан, технологио тэргүүн эгнээнд хөгжүүлж, ололт амжилтад нь тулгуурлаж, улсаа хөгжүүлж байна. Харин манайд наад зах нь хүний нөөц асар дутагдалтай. 1990 оны эхэнд эрдэм шинжилгээний 6000 орчим ажилтан, 200 шахам хүрээлэнтэй байлаа. 1997, 2015 онд бүтцийг нь өөрчлөхдөө хүрээлэнгүүдийг 20 болгож цөөлсөн. Харин Засгийн газрын саяхны тогтоолоор таван хүрээлэн нэмж байгууллаа. ШУА-ийн харьяанд 15, их, дээд сургуулиудын мэдэлд 10 гаруй гээд нийт 40 орчим хүрээлэн байна. Эрдэм шинжилгээний ажилтны тоог янз бүрээр нэгтгэдэг. Одоогоор 4500 орчим ажилтантай гэх боловч энэ нь төслийн шугамаар оролцдог баг, багш нарыг ч хамруулсан тоо. Хүрээлэн, их сургуулиас цалинждаг нь 1800 орчим л бий. Академи эрдэм шинжилгээний 700 гаруй ажилтантай. Азид нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 1500 байдаг. Хөгжингүй орнуудад энэ тоо 7000-8000 хүрдэг.
Хорвоо ертөнц, юмсыг таньж мэддэг уг салбар дэлхийд ижил түвшинд хөгждөг. Олон улсын хүрээлэн, тэнд хийдэг судалгаануудыг бид ч хийх ёстой. Гэвч ийм хэмжээний хөрөнгө, хүчээр дэлхийн түвшний судалгаа, шинжилгээ хийхийг шаардах нь өрөөсгөл. ШУА-ийн нэг хүрээлэн 40-50 ажилтантай, 4-5 сектортой. Нэг сектор 5-10 хүнтэй. Манайхны 5-10 хүн хийдэг ажлыг хөрш орнуудад 400-500 эрдэмтэн, судлаач буюу бүхэл бүтэн институт ажиллаж, амжуулж байна. Тиймээс дэлхийн шинжлэх ухааны түвшинд хүрч өрсөлдөхөд энэ мэт шийдэх асуудал олон.
Хэдийгээр нөхцөл байдал ийм ч бид давуу тал ихтэй. Оюун ухааны чадвараараа дэлхийд нэгдүгээрт, эрдэм шинжилгээний бүтээл, олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нийтлэл, эшлэлийн тоо зэрэг шинжлэх ухааны чансаагаараа эхний 20 орны тоонд ордог. Энэ нь бага хүчээр сайн ажиллаж байгааг илтгэнэ.
-Эрдэм шинжилгээний байгууллагад тулгамддаг томоохон асуудал нь лаборатори, тоног төхөөрөмж, урвалж хэрэглэгдэхүүний хүрэлцээ. Сүүлийн 30 жил дорвитой хөрөнгө оруулаагүй нь үнэн үү?
-Хүмүүс итгэхгүй л байх. Барилга байшин ч нэмж бариагүй. 1970-1980 онд ОХУ, Европын орнуудаас оруулж ирсэн лаборатори, тоног төхөөрөмжтэйгөө өдий хүрлээ. ШУА-ийн төв нь Соёлын төв өргөөний зургадугаар давхрын хэдэн өрөөг түрээсэлж суудаг. Харин Ерөнхий сайд манайхантай уулзсаны дараа шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор байгуулах албан даалгавар гаргаж, холбогдох яаманд үүрэг өгсөн. Энэ асуудлыг шийдчихвэл салбарт том хөрөнгө оруулалт болно. Эсвэл гадаадын тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилт татах хэрэгтэй. Өчнөөн сая ам.долларын зээл, тусламжийг ихэвчлэн уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг. Буруу биш. Гэхдээ бусад салбартаа тэгш хуваарилах хэрэгтэй. Нөгөө талаар хувийн байгууллагууд, олон улсын эрдэмтэд тоног төхөөрөмж, урвалж, хэрэглэгдэхүүн хандивлах тохиолдолд гаалийн татварын хөнгөлөлт алга. Үүнийг зохицуулбал тоног төхөөрөмжөө шинэчлэх боломж бидэнд бий.
Түүнчлэн хууль, эрх зүйн орчныг цогцоор нь, орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх нь чухал. Ингэснээр дээр дурдсан асуудлуудыг шийдэх боломж бүрдэнэ. 1990 оны дундуур баталсан Шинжлэх ухаан, технологийн, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль муугүй. Гэвч хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт сулаас дорвитой үр дүнд хүрээгүй нь үнэн. Эдгээрээс гадна Инновацын, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцэж байгаа.
-Эрдэмтдийн сүүлийн үед хийсэн судалгаа, шинжилгээ, бүтээл, нээлт олон бий юү?
-Шинжлэх ухаанд нээлт гэдэг харьцангуй ойлголт. Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанд бол шинэ зүйл, олдворыг нээлт гэж нэрлэнэ. Харин байгаль, техникийнхэд зүй тогтол, хандлага, тооцоолол, томьёо, хамаарлуудыг нээж, илрүүлэх гэж бий. Манайх палеонтологийн шинжлэх ухааны хөгжил, ололтоороо дэлхийд тэргүүлдэг. Түүх, археологи, физик, математикийн чиглэлээ дэлхийн түвшинд хөгжүүлж байна. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн нутаг, мөнх цэвдгээс торхонд өрөм багсарч, хадгалсан олдвор илрүүллээ. Археологийн шинжлэх ухааны түүхэнд хэдэн зуун жилийн турш савтайгаа хадгалагдсан хүнсний бүтээгдэхүүн олдсон нь нээлт юм. Мөн Өндөр гэгээн Занабазарын бурхнаа бүтээдэг байсан урлан хаана байсныг бид 300 жилийн турш мэдээгүй. Өвөрхангай аймагт байдаг Төвхөний хийд нь бясалгалынх. Тэгвэл уран бүтээлийн ордон буюу Сарьдагийн хийдийг нь бид Хэнтийн нуруунаас оллоо. Хэдэн зуун мянган алт, мөнгөн бурхантай, бүхэл бүтэн хот олсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд шинэ нээлт болсон. Харин нано, мэдээллийн технологи, физик, математикийн чиглэлийн ололтуудыг тухайн салбарын түүхэнд бүртгээд явдаг. Эдгээр нь шинжлэх ухааны язгуур, юмс үзэгдлийн дотоод гүн рүү ордог учраас жирийн иргэдэд тийм ч хүртээлтэй, ач холбогдолтой санагддаггүй байх.
Шинжлэх ухаан мэдлэг бүтээдэг, үндсийг нь тавьдаг салбар. Тухайн мэдлэгийг сургалт, судалгаагаар дамжуулан, үйлдвэрлэл, технологид нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүн болгож, хэрэглэгчдэд хүргэх хүртэл асар их хугацаа зарцуулдаг. Үүнийг шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид ойлгодоггүй. Тиймдээ ч “Шинжлэх ухааны салбарынхан хорвоо ертөнцөд хамаагүй, далд нууцын талаар ярих юм. Амьдрал дээрх асуудлыг судалж, шинжлэхгүй байна” гэдэг. Үнэндээ шинжлэх ухааны салбарынхан эрдэм номоо эргүүлж, ертөнцийн жам ёс, зүй тогтол, холбоо хамаарал, далд нууцыг нээж, мэдлэг бүтээх үүрэгтэй. Олон улсад академийнх нь дэргэд тухайн эрдэм шинжилгээний бүтээлийг ойлгож, төрийн бодлогод тусган, хуульд “шингээх” үүрэг бүхий төвүүд байдаг. Хүн төрөлхтний хөгжил хаашаа явж байгааг мэддэг, улсынхаа бодлогыг хааш нь чиглүүлэх ёстойг мэдэрдэг, үүнд нь шинжлэх ухаан, технологийн ямар ололтууд чухал болохыг ойлгодог хүмүүсийг тэр төвдөө ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны салбар төрийн уураг тархины лаборатори байх ёстой. Түүнээс биш, эрдэмтэд төрийн бодлого зохиож, тодорхойлохгүй. Улс төр, шинжлэх ухаан хоёрыг холбож, бодлого, үйлдвэрлэл, технологийг бойжуулдаг ийм төв манайд алга.
Тиймээс бид шинжлэх ухааны аль салбараараа дэлхийд гарах, эдгээр нь улсын хөгжлийг хэрхэн өөд татахыг тодорхойлж, тасалдуулахгүй, үе залгамжлуулан авч явах шаардлагатай. Үүний тулд оюуны хөдөлмөрийг маш сайн үнэлэх ёстой. ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтныг урьд нь МУИС, гадаадын их, дээд сургууль төгссөн, шилдэг төгсөгчдөөс шалгаруулж авдаг, цалин нь одоогийнхоор бол яамны газрын дарга, дэд сайдынхтай адил байлаа. Гэтэл өнөөдөр хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторын цалин сая төгрөг ч хүрэхгүй. Олон арван бүтээл туурвисан эрдэмтдийн оюуны хөдөлмөр хувийн компанийн үйлчлэгчийн цалинтай л дүйж байна. Цалингийн энэ алдаатай бодлогоос болж 1990 оноос хойш салбарын хэмжээнд боловсон хүчний хомсдол бий болж, их, дээд сургуулиудаас шилдэг оюутан сонгох “нүүргүй” болсон. 500 мянган төгрөгийн цалинтай хүрээлэнд сууснаас том компанид мэдээлэл технологийн инженер хийгээд 5 000 000 төгрөг авсан нь дээр. Тиймээс боловсон хүчнийг сэлбэх бодитой ажил хэрэгтэй.