Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ. Засаглалын хэлбэр ямар байхыг иргэдээс асуух саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгад оруулахыг уламжилсан. Үүнтэй холбогдуулаад иргэд Ерөнхийлөгчийн болон Парламентын гэсэн хоёр хуваагдмал байр суурьтай байна. Энэ талаар Монголдоо цорын ганц улс төрийн сэтгэл судлаач гэгдэх Я.Батхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үед иргэд засаглалын хэлбэрийн талаар их ярих боллоо. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?
-30 жил биднийг захирсан парламентын засаглал нь манай улсын хөгжлийг хойш татаж байна гэсэн ойлголт иргэдийн дунд их байна. Монгол Улс системийн хямралд гүн орчихсон байгаа нь улс төрийн олон онолоор батлагдсан. Системийн хямралыг тодорхойлдог долоон үечлэл бий. Үүгээр батлагдаж байгаа учир энэ байдлыг зайлшгүй өөрчлөх ёстой цаг үе иржээ.
-Иргэдэд манай хоёр хөршийн улс төрийн дэглэм их таалагдах боллоо. Өөрөөр хэлбэл нэг хүний засаглал. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Орос, Хятад хоёрт авторитари дэглэмийн хүчтэй удирдагч нар гарч ирээд насан туршдаа өөрсдийгөө төрийн сэнтийд залчихлаа. Үүний нэг давуу тал бол улс орон нь их хурдацтай хөгжиж, ард түмнийхээ амьдралыг хурдан хугацаанд өөд нь татаж чадсан. Мөн дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн орнууд болсон. Харин үүнийг манай иргэд хараад Ерөнхийлөгчийн засаглал нь илүү сайн тогтолцоо гэж харж байна. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай.
Хэт их туйлширснаасаа болоод Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож, парламентын ардчиллаасаа огцом ухарвал "нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолно" гэдэг шиг дарангуйллын нийгэм рүү ч шилжих эрсдэлтэйг үгүйсгэх аргагүй. Тийм учраас эхний ээлжид ард түмэн Ерөнхийлөгчийн болон Парламентын засаглалын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Дээрээс нь монголчуудын зарим нь аливаа асуудалд эрүүл саруулаар хандах ёстой. Туйлшралаар Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол бид системийн хямралдаа бүр гацаж, цаашаа хэзээ ч хөгжиж чадахгүй байдалтай нүүр тулна.
-Нэг хүнд төрийг захирах, хууль батлах, парламентыг тараах бүрэн эрхийг өглөө гэж бодьё. Тэгвэл юу болох вэ?
-Хүнд эрх мэдлийг атгуулбал тухайн хүнийг өөртөө туйлын итгэлтэй болгодог. Мөн тэр байдлаараа цааш явахыг хүсэмжилдэг нэгэн болж хувиргадаг. Эрх мэдлийг атгасан хүн баримжаагаа алдвал түүндээ "согтож", хяналтаа алддаг. Зөвхөн өөрийн бодсон бодлыг л зөв гэж бодож, гаргасан шийдвэрээ нийгэмд тулгадаг. Өөрийнх нь эсрэг байр суурьтай хүмүүсийг нухчин дардаг. Аливаа хүний сэтгэл зүй ийм л байдаг. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хуулиар хамгаалагдсан байдаг учир бид түүнийг тахин шүтэж, хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй. Тийм учир Ерөнхийлөгчийн засаглал сүүлдээ бүр дарангуйлал болж хувирах аюултай.
-ОХУ-ын жишээг авч үзье. 1990 онд Орос, Монгол хоёр улс социализмыг ардаа орхиод нийгмийн болон улс төрийн томоохон сорилттой нүүр тулгарсан. Дараа нь Оросод Путин гарч ирээд улс орноо үсрэнгүй хөгжил рүү аваад гарчихлаа. Тэгэхээр улсын хөгжлийг монголчууд засаглалын хэлбэртэй нь холбоотой гэж харж байна.
-Хэдийгээр Путины ачаар Орос орон хөгжсөн ч түүнийг зарим сөрөг хүчин дарангуйлагч гэж үзсээр ирсэн. Дараа нь сөрөг хүчнээ дарснаар ардчиллыг үгүй хийгч гэж Оросын хэвлэлүүд бичсэн. В.Путин өөрийн эрх мэдлээ ард иргэд, парламентдаа тулгадаг. Өнөөдөр Оросын сөрөг хүчин түүний эсрэг юу ч хийж чадахгүй байна. Гэхдээ Путиныг манай удирдагчидтай харьцуулбал, тэрбээр зүй тогтлыг таньчихсан хүн. Ард түмэндээ таалагдаж нэр төрөө хадгалахын тулд ямар шийдвэр гаргахаа хэдийнээ ойлгочихсон хүн. Тэр ч утгаараа шийдвэрүүд нь улсын эрх ашигт үргэлж нийцсэн байдаг. Мөн тэр хүн багаасаа улс төрийн шинжлэх ухаанд суралцсан, бэлтгэгдсэн тагнуулын ажилтан байсан учраас хувь хүн нь үндэсний эрх ашгийн төлөө системчлэгдсэн.
Намууд дотроосоо гурван тэнэгийг сонгоод дараа нь биднийг сонго гэж тулгадаг
-Таныхаар Ерөнхийлөгчийн засаглал, түүний сонгууль ямар байвал зохимжтой вэ?
-Бид огт хүсээгүй гурван хүнээс нэгийг нь сонгож байна. Бидний сонголт ерөөсөө л гурван тэнэгээс нэгийг нь сонгох нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, намууд дотроосоо гурван тэнэгийг сонгоод дараа нь биднийг сонго гэж тулгадаг. Хэрэв Ерөнхийлөгчийг намаас биш, бүх ард түмнээс сонгодог болчихвол энэ засаглал тийм ч муу биш. Хэрэв үнэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай болох дээрээ тулвал ийм тогтолцоог санаачлах хэрэгтэй.
Дээрээс нь манай ард түмэн Ерөнхийлөгчөө зөв таньдаг байх нь чухал. Улс орны дотоод, гадаад нөхцөл байдал, оюуны өндөр чадвартай, боловсролтой, зүй тогтлыг ойлгочихсон хүнийг л ард нийтээрээ дэмжээд өгвөл манай улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалаар явахад буруудахгүй. Гэвч өнөөдөр Ерөнхийлөгч болоод улсыг олигтой удирдаад явчих хүн манай төрд байхгүй байна шүү дээ.
-Монголчууд эрт дээрээс нэг хүнээр удирдуулж ирсэн хүмүүс хэмээн түүхтэйгээ холбож ярьдаг. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн засаглал бидэнд тохирно гэдэг.
-Монголчууд нэг хүний захиргаанд байхдаа мандан бадарч явсан нь үнэн. Гэхдээ эрт үед монголчууд төрийн хүнээ ялгаж чаддаг байсан. Тиймдээ ч бид 13 дугаар зууны үед соёл иргэншилт ертөнцийн дийлэнхийг эзэлж, мандан бадарч, хөгжин дэвшиж явсан. Учир нь тухайн үед Монголын төрийг "Алтан ургийнхан" удирдаж байсан. Тэд оюун мэдлэгийн хувьд гэгээрчихсэн суут хүмүүс байв. Хаадууд нь бүр багаасаа төрийн онолоор улсыг удирдах арга ухаан, эрдэмд суралцдаг байсан юм. Өчигдөр наймаа хийж байсан нэгнийг өнөөдөр төрдөө залчихсан юм биш. Удирдагч хүнээ олж, бэлдэж чадаагүй бол худалдаачин хүнийг сонговол улс төр улам доройтно гэдгээ өнөө цагт монголчууд саруул ухаанаар ойлгох хэрэгтэй.
-Тэгвэл та өнөөдрийн нийгмийн онцлогоос шалтгаалан парламентын засаглалтай байсан нь дээр гэж бодож байна уу?
Хүний оюун ухаан үргэлж хөгжиж явдаг учир нэг хүнээр удирдуулах нь чухал биш. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг зүйр үг бий. Ганцаараа шийдвэр гаргавал үүнийг зөв гэдгийг хэн батлах вэ? Тийм учраас бүгдээрээ ярилцаж, хэлэлцвэл тэр нь хамгийн эрсдэлгүй шийдвэр юм. Үүнд тохирсон улс төрийн засаглал бол парламент.
-Гэхдээ манай парламентад кнопоо худалддаг, авлига авдаг асуудал их бий. Тийм болохоор авлигатай холбогдуулаад парламентын засаглал манай улсад бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа юм шиг.
-Өнөөдөр парламентын засаглалыг тогтолцооны гажуудлаас гаргах хэрэгтэй байгаа юм. Үнэндээ манай улсад парламентын тогтолцоог сонгодог утгаар нь байгуулж чадаагүй. Угтаа бол парламентын гишүүн дархан эрхтэй биш. Энэ УИХ-д шударга бус ажилласан гишүүдийг эгүүлэн татдаг тогтолцоо алга. Сонгуулийн сурталчилгаа нь худал амлалтаар дүүрсэн, дээрээс нь хэт цөөн хоногийн хугацаатай. Мөн нэр дэвшигчийг судлах хугацаа богино гээд л бүгд "бантан" болж хувирсан шүү дээ. Ийм ч учраас бид үргэлж буруу хүмүүсийг парламентдаа залж байна. Дээрээс нь парламентад татварын мөнгө идэх зорилготой хүмүүс л орж ирж байна.
-Тэгвэл таныхаар парламент ямар байх ёстой гэж?
-Монголчууд олон ургалч үзлийг баталгаажуулахын тулд сонгодог парламентын тогтолцоог нэвтрүүлж, хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Сонгодог тогтолцоо гэдэг нь УИХ, Засгийн газар, шүүх засаглал нь биенээсээ тусдаа хараат байхыг хэлнэ. Үүний дээр ард түмний бүрэн хяналт байхыг сонгодог улс төр гэж байгаа юм. Энэ тогтолцоог бий болгосноор УИХ-д мөнгө идэх ямар ч боломжгүй, зөвхөн хууль баталдаг, санаачилдаг систем бий болно. Тэгвэл тийшээ орох сонирхолтой бизнесмен ч байхгүй болно. Бусад орны парламентын гишүүд ёс зүйн асар өндөр мэдрэмжтэй, хариуцлагатай байдаг. Үүгээрээ ч ард түмэндээ үлгэр дуурайлал болж чаддаг. Ганцхан л алдаа гаргавал огцордог тогтолцоотой. Улс төрд удаан ажилласан хүн хожим нь шинэ сэтгэлгээг гаргаж чаддаггүй. Тийм ч учраас бусад оронд "улс төрч, живх хоёр"-ыг хурдан соль гэж ярьдаг.
-Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болоод одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга маань төрийн эрхийг гартаа авлаа гэж бодъё. Түрүүн таны хэлсэн шиг эрх мэдэлдээ согтоно гэдэг нь болох уу?
-Би Х.Баттулгыг эрх мэдэлдээ хэдийнэ согтчихсон нэгэн гэж харж байгаа. Эрх мэдэлд хүрчихсэн хүн түүндээ шууд согтдог. Х.Баттулга бол зүгээр л хуурмаг, сурталчилгаа төдийгөөр л өдий зэрэгтээ явж байна.
Нэгдүгээрт, Баттулга хувь хүнийхээ үүднээс маш харанхуй хүн. Наймдугаар ангийн боловсролтой, эрдэм мэдлэггүй нэгэн. Түүний боловсрол Ерөнхийлөгч хийхэд дутна. Хоёрдугаарт, ард түмнийхээ дунд амьдарч үзээгүй. Хэдийгээр хүүхэд байхдаа ядуу амьдралаар амьдарч байсан ч өсвөр наснаасаа баяжаад явчихсан. Тийм болохоор сэтгэхүй нь худалдаачны буюу ашиг хардаг сэтгэхүйтэй. Бизнесмен хүнд хэзээ ч ард түмнээ гэх сэтгэхүй байдаггүй. Ийм төрлийн хүнд нэгийг нөгөөгөөр нь сольж, ашиг олох сэтгэхүй л бий. Аливаа хүнд өөрийн мэдэхгүй боловсролыг бусдад түгээх сэтгэхүй байдаггүй. Тэгэхээр ийм төрлийн хүмүүст эрх мэдлийг атгуулах аюултай.
-Бидний ярилцлага үүгээр дуусаж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Монголчууд их оюунлаг хүмүүс шүү дээ. Нийгмийн шинжлэх ухааны суурь онолыг санаачилсан хүн өнөөдөр тамхины мөнгөгүй явж байна. Дэлхийн эрх зүйг шинээр санаачилсан монгол эрдэмтэн өнөөдөр өлсөж байна. Аливаа нийгмийг байгуулахад онолгүйгээр байгуулдаггүй шүү дээ. Гагцхүү манай улс төрчдөд тэднийг дэмжих ухаан алга.
Миний ярьсан зүйлээс системийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэдгийг монголчууд ойлгох ёстой. Нэг хүний засаглалд орж байснаас нь нийтээрээ хөдөлдөг засаглал нь дээр.