Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар байгуулагдсаны 80 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиолоо. Тус газрын даргаар 2008-2016 онд ажиллаж байсан, өдгөө ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд томилогдож, багагүй хугацаанд ажиллаж буй цагдаагийн хурандаа Ц.Отгонбаттай дээрх аймагт ажиллаж байх үеийнх нь дурсамжаас хуваалцсан юм.
-Өмнөговь аймаг газар нутаг уудам, хүн ам цөөнтэй, байгалийн баялаг ихтэй. Газрын хэвлий дэх баялгийг эргэлтэд оруулж эхэлсэн цаг үед та тус аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон очжээ. Тухайн үед нөхцөл байдал ямар байв?
-Намайг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар очих үед уул уурхай хөгжиж, дэлхийн хэмжээний том том төслүүд хэрэгжих болсноор хүн амын суурьшил, хөл хөдөлгөөн нэмэгдэж, түүнийг дагаад гэмт хэрэг, зөрчил ч өсөж байв. Газар нутаг уужим, байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөнтэй байсан нутагт ийнхүү Оюутолгой, Тавантолгойн гээд бүтээн байгуулалтууд өрнөсөн он жилүүдэд гадаадаас хүмүүс ажиллахаар ирснээр дан ганц говь нутгийн ард иргэдээр тогтохгүй, харь орны хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчлан таниулах нь нэн тэргүүнд хийх ёстой ажил байлаа. Тиймээс ажлаа энэ бүхнээс эхэлж, цагдаагийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ манай алба хаагчид хуулийн дагуу хэрэгжүүлж ажилласан.
Намайг говь нутгийн зон олон, аймгийн удирдлага, цэргийн хүрээний дарга нар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, удирдах бүрэлдэхүүн халуун дотноор угтан авснаар ажилдаа ханцуй шамлан орж билээ. Удалгүй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, ИТХ-ын хурлын дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, харьяа агентлагийн болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нартай танилцаж, тэд ч цагдаагийн алба хаагч бидний ажлыг дэмжиж ажилласан. Шинэ газар, хамт олны дунд очиход манай хэлтсийн бие бүрэлдэхүүн, тэр дундаа тасаг, албадын дарга нар ч дэмжиж ажилласан. Манай дэд дарга, хошууч Б.Батчулуун гэж хүн байлаа. Өдгөө бэлтгэл хурандаа цолтой цэргийн тэтгэвэртээ сууж буй хүн бий. Тэр маань албан бичиг, тушаал, шийдвэр боловсруулахдаа сайн, хүнтэй эвтэй, алба хаагчдадаа хүндэтгэлтэй ханддаг их зарчимч, өөрийн бодолтой сайн дарга байсан. Дэд дарга Б.Батчулуун маань миний ажлыг нэлээд нугалж байсанд одоо хүртэл талархаж, хүндэлж явдаг.
-Өмнөговь аймагт өрнөж буй бүтээн байгуулалтуудад гадаадын олон мянган хүн ирж ажилласан нь үндэсний аюулгүй байдал хөндөгдөх хэмжээнд хүрч байсан уу. Ноцтой байдалд хүрч байсан гэж зарим хүн ярьдаг.
-Манай хэлтсийнхний ажил тийм ч амар хялбар байгаагүй. Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч болзошгүй болчихсон, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумд хэрэгжих томоохон төслүүд ар араасаа хөвөрч, ажлууд нь эрчимжихийн зэрэгцээ нүүрсний экспорт дээд хэмжээндээ хүрч байлаа.
Зөвхөн Оюутолгойн ил, далд уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй ажилчдын тоо 12 000-д хүрсний 10 000 орчим нь өмнөд хөршийн иргэд.
Мөн Тавантолгойгоос нүүрс тээвэрлэхээр хүнд даацын 6000 орчим автомашин шороон замаар давхилдаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан хүнд үе. Хүний амь эрсэдсэн хэрэг, осол өдөр бүр гардаг. Хятад жолооч нар монгол хэл ойлгохгүй, манай Замын хөдөлгөөний дүрмийг мэддэггүй тийм үед улаан шороон дундуур нүүрс тээвэрлэдэг байв.
Дүрэм мэдэхгүй тэр жолооч нарт чиглэсэн сургалт явуулж, улмаар хятад ханзаар том самбарт баруун гар талаа шахаж явах, зөрөх тухай бичсэн анхааруулга тавьж, заримыг нь салхины шилэн дээр нь нааж байж осол хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байлаа.
-Тэр үед цагдаагийн байгууллага дотооддоо ямар арга хэмжээ авч байв?
-Энэ бүхнийг даван туулахын тулд орон нутагтаа бид өөрсдийнхөө хүчийг зөв хуваарилж, аймаг, сумдын удирдлагатай хамтарч ажиллан, зарим аж ахуйн нэгжийнхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ч дэмжлэг үзүүлсэн. Бид эхлээд бүтэц, орон тоогоо нэн түрүүнд шийдвэрлүүлэх, нүүрс тээвэрлэж буй олон салаа замыг хатуу хучилттай болгуулах, Цогтцэцийд Сум дундын Цагдаагийн хэлтэс, Ханбогдод тасаг, нүүрс тээвэрлэдэг замд Замын цагдаагийн гэрээт тасаг байгуулах, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн төлөөлөгчдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ байдлаа ЦЕГ-ын удирдлага, цаашлаад ҮАБЗ-ийнхөнд ойлгуулж, нөхцөл байдлын талаарх танилцуулгаа тогтмол хүргүүлдэг байлаа. Бид өөрсдийнхөө нөөц бололцоо, хуваарилсан төсөв орон тоонд нь багтааж, аймгийн төвд ажиллаж байгаа хүн хүчээ дотор нь шилжүүлж шийдвэрлэж байв.
Ингэж ажиллаж байтал ЦЕГ-аас тухайн үеийн дэд даргаар ахлуулсан даргын зөвлөлийн гишүүд багтсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн баруун талын хилээс зүүн хил хүртэл 1000 гаруй км зам туулж, нөхцөл байдалтай танилцаад буцсан. Ер нь зөвлөлийн гишүүд ийм олноороо томилолтоор орон нутагт ажилласан тохиолдол энэ байх. Манай хамт олон тэр том шалгуурыг даван, Өмнөговь аймаг эзэнтэй юм байна гэсэн дүн тавьж, дарга нар сэтгэл өндөр явсан. Улмаар орон тоондоо багтааж Сум дундын Цагдаагийн хэлтэс байгуулах чиглэл ирж, өөрсдийн нөөц бололцоо, орон нутгийн дэмжлэг туслалцаанд тулгуурлан алба хаагчдыг ажиллах, амьдрах нөхцөл бололцоогоор хангах үүрэг бидэнд ногдлоо. Сум дундын хэлтэс байгуулж, даргаар нь хошууч Ш.Баттогтох томилогдож ирсэн нь надад маш их дэмжлэг болсон. Аж ахуйч сэтгэлгээтэй хүн байсан учраас нэлээд ажил нугалж өгсөн шүү.
Ханбогд сумд тасаг байгуулсан ч бид олигтой дэмжлэг үзүүлж чадаагүй. Өдгөө ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажиллаж буй, дэд хурандаа Баярбат тэр үед ахмад цолтой тэнд томилогдон их ажил хийснийг энд зориуд тэмдэглэмээр байна.
-Өмнөговь аймгийн эрүүгийн нөхцөл байдал ер нь ямар байсан бэ?
-Эрүүгийн нөхцөл байдлын хувьд гайгүй, бид ч тавиад туучихаагүй өдий хүрсэн. Хэрэг нэг их нэмэгдээгүй, харин илрүүлэлт маш сайн байлаа. Мэргэжлийн ур чадвар өндөртэй эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нар ажилладаг, тэд маань гар нийлдэг болохоор аливаа хэргийг шуурхай илрүүлдэг байсан. Өмнөговь аймагт хилийн хоёр боомт ажилладаг. Түүгээр нь хориглосон бараа бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг нэлээд гарна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж, дээр дурдсан Баярбат тэргүүтэй алба хаагчид маань уйгагүй ажилласны дүнд бараг таслан зогсоосон ч гэж хэлж болохуйц болсон. Мөн хил орчмын бүс нутаг болохоор эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд нэлээд анхаарч, тасаг байгуулах саналаа ЦЕГ-ын газрын тухайн үеийн удирдлагадаа хүргүүлж, Цогтцэций, Ханбогдод хил хариуцсан төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч нарыг хамтран ажиллуулж, хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэх зэрэг гэмт хэрэгтэй тэмцэж, залуучуудыг мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Тэд маань өсөж дэвжин, ямар ч хэргийг мөрдөн шалгах чадвартай алба хаагчид болж албан тушаал ахин, төвд татагдан ажиллаж байна. Сурч мэдсэн зүйл нь хаана ч гологдохгүй байгаа юм. Бүтээн байгуулалтуудыг дагаад хүмүүсийн суурьшил нэмэгдэхтэй зэрэгцээд танхай, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нэлээд өсөж байв.
-5-6 жилийн өмнө бил үү, их хэмжээний ноолуур хил гаргах гэж байсан бүлэг хүнийг танай хэлтсийнхэн илрүүлж байсан санагдана.
-Тийм ээ. 2014 оны хавар юм байна. Цасан шуурга нүдгүй шуурсан нэг тийм өдрийн өмнө нь манай хэлтсийн алба хаагчид хилийн боомтод тусгай ажиллагаа явуулсан юм. Тэр шуурганы талаар 70 настай хүн “Өдий наслахдаа ийм айхтар шуурга үзсэнгүй” гэж ярьж байсныг бодоход цаг агаарын их айхтар үзэгдэл болсон. Шуурганы өмнөх өдөр хилийн боомтод “Зил-130” маркийн хоёр машины тэвш, чиргүүл дүүрэн, мөн “УАЗ-Фургон” загварын найман машинд прессэлж (боож ачсан) ноолуур, зэс хил давуулахыг завдсан бүлэг этгээдийг илрүүлсэн юм. Нэг боодол нь л гэхэд 200-300 кг жинтэй ноолуур байв. Тэр хүмүүсийн хэргийг шалгаж, шүүхээр шийдвэрлэж, ял шийтгэл оноон, хил давуулахыг завдсан ноолуур, зэсийг нь улсын орлого болгосон.
Манай алба хаагчид ажиллагаагаа дуусаад бараа ачсан машинуудад тус бүр нэг ажилтан сууж аймгийн төвийг зорьсон. Гэтэл замд Оюутолгой орчимд явж байхад нь нүдгүй шуурга тавьж, зам харагдахаа болин, өмнөх машин ч үзэгдэхээ байж хоорондоо төөрчихсөн байгаа юм. Шуурганаар бас төвтэйгөө холбоо тасарчихсан. Өглөө болж, шуурга намдсаны дараа аймгаас тосож гарахад ч хүнд байлаа. Тэгээд өдөр тийшээ нөгөө машинууд нэг нэгээрээ ирсэн. Тэд хоорондоо төөрч, зарим нь Номгон, Хүрмэн зэрэг сумын чиглэлд явчихсан байгаа юм. Тэд үдээс хойш аймагт бүгд ирснээр төв дээр байсан алба хаагчид уужуу амьсгаа авч байж билээ. Шуурганд төөрч, сураггүй болоход нь бид амь нас нь эрсэдчихсэн юм биш биз дээ гэж түгшиж суусан. Алба хаагчид маань нөгөө эд мөрийн баримтаар хураасан прессэлсэн ноолуур дунд орж, өглөөтэй золгосон байсан л даа.
-Мими гээд сэтгэцэд нөлөөт бодис бас их оруулж ирж жолооч нар хэрэглэдэг байсан шүү дээ. Танайх мими оруулж ирж борлуулж байсан хүмүүст анх хариуцлага тооцуулж байсан.
-“Мими” буюу кофеиний агууламжтай бодис анх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь хилийн боомтоор оруулж ирдэг, хууль бусаар худалдах явдалтай тэмцэх чиглэлээр нэлээд ажиллагаа зохион байгуулсан. “Мими” гэх уг бодис нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөлд ордоггүй. Тиймээс 2002 оны Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлд заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр нэлээд хэрэг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж байсан.
-Хамгийн анх наадмын хурдан морьдын уралдаан дагах машины тоог тогтоож, морь, машин холилдон уралддаг явдлыг таслан зогсооход жишиг болохуйц арга хэмжээ авсан гэж таны тухай ярьдаг юм билээ.
-Аймгийн наадмын морин уралдааны зохион байгуулалтыг өндөр түвшинд анх зохион байгуулсныг л хэлж байгаа байх л даа. Ер нь Өмнөговь аймгийн наадам харьцангуй зохион байгуулалттай болдог. Хэд хэдэн аймгийн наадмыг үзэж байхад хэн дуртай нь машинтайгаа дагаж давхидаг л даа. Түүнээс санаа авч аймгийн Засаг даргадаа хэлж захирамж гаргуулан хурдан морины уралдаан дагах зөвшөөрлийг ердөө найман машинд л олгодог болсон. Аймгийн удирдлагын хэн нь ч морь дагаж давхидаггүй, жишиг тогтоож байлаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ямар ч сайд, дарга байсан хурдан морь дагаж давхидаггүй, үлгэр жишээ зохион байгуулж сургасан.
-Одоогоос 10 жилийн өмнө Өмнөговь аймгийн Цагдаагийн газар байгуулагдсаны 70 жилийн ойгоор зөвхөн цагдаагийн алба хаагчдынхаа бие бүрэлдэхүүнээр баярын концерт зохион байгуулсан нь хамт олноо нэгдэн нягтрахад дөхөм болоо биз?
-Цагдаагийн газар байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээг манайхан одоогоос 10 жилийн өмнө амжилт бүтээл арвин, өргөн дэлгэр тэмдэглэсэн. Ойн бэлтгэлийг бид гардан зохион байгуулах үед мэдэхгүй, чадахгүй зүйл их л тохиолдож байв. Алба хаагч бүр хичээл зүтгэл гаргаж, цаг наргүй, хүнд хүчир ажилттай хүмүүс их ажлынхаа хажуугаар хөгжим, дуу бүжигт суралцан, “Жалам хар”-ыг гурван ажилтан минь аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд бүжиглэхэд иргэд “Аймгийн театрынхан ажилгүй боллоо” хэмээн ярилцаж байлаа. Цагдаагийн алба хаагч гэхээр хүн бүр л ууртай ширүүн, хууль журам ярьсан хүн гэж хүлээж авдаг. Түүнийг нь манай алба хаагчдын 70 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулсан хүндэтгэлийн концертын уур амьсгалаар өөрчилсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Урлаг, спортын мундаг авьяастай залуус бидний дунд ажиллаж байдаг юм билээ.
Ер нь бол удирдах бүрэлдэхүүн алба хаагчдынхаа ахуй амьдралыг ажилтай нь зохицуулахыг хичээдэг байв. Ар гэрийнхэнтэй нь байнга холбоотой ажиллаж, тэднийг оролцуулсан урлаг, спортын арга хэмжээ байнга зохион байгуулж ирсэн. Манай Цагдаагийн газрын волейболын багийн залуус гар сэтгэл нийлсэн маш сайн тамирчид. Тэд “Хүч” спорт хорооны нэрэмжит цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан. Биеийн тамирын танхимд ч, ажил албан дээрээ ч нэгдэн нягтарч чадсан залуус маань ээдрээ төвөгтэй нэг хэрэг гарлаа гэхэд хэв журмын, жижүүрийн цагдаа, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, замын цагдаа гэлгүй бүгд л хамтдаа гар нийлэн хэргийг шуурхай илрүүлэн ажилладаг юм билээ. Бүс нутгийн болон өмнөд хөршийн ӨМӨЗО-ы Алшаа, Баяннуурын цагдаагийнхантай байнга хамтарч ажилладаг нь аливаа хэргийг илрүүлэхэд тус дөхөмтэй, их давуу аймаг чинь Өмнөговь.
Говь нутгийн ард түмэн ч магтахгүй байхын аргагүй уужуу сэтгэлтэй, аливаа асуудалд ухаан бодлоо уралдуулан нухацтай шийдвэр гаргадаг, шулуун шударга.
Энэ ташрамд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан цагдаагийн байгууллагад тангараг өргөж, говь нутгийнхаа зон олны амгалан тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний залгамж халаа, хойч ирээдүй болж үйл хэргийг нь үргэлжлүүлэн бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан болон одоо ч нойр хоолоо умартан зүтгэж буй алба хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, бидэнтэй үргэлж хамтран ажиллаж, дэмжиж байдаг орон нутгийн удирдлага, ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олон, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагынхан, өмнөговьчууддаа баярын мэндчилгээ дэвшүүлье. 80 жил гэдэг байгууллагын хувьд баялаг түүхтэй, үе үеийн ахмадуудын түүх үргэлжилсэн, дунд, залуу үеийг холбож, түүхээ судлан, ирээдүй хэтийн төлөвөө тодорхойлох ой боллоо. Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжил аймаг, орон нутгийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой байдаг.