Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уул орчимд 1995-2010 онд таван аж ахуйн нэгжид ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл олгожээ. “Ноён уулаа аваръя” ТББ-ынхан 2015 онд “Сентеррагоулд Монголия” компани эртний булшны ойролцоо алт олборлох зөвшөөрөл авсан хэмээн” мэдэгдэж, жагсаал зохион байгуулсан байдаг. “Сентеррагоулд Монголия” компани археологийн олдвор бүхий газраас алт олборлосон, эсэхийг газар дээрээс нь сурвалжиллаа.
Ноён уул нь Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийг дамнан орших 650 километр бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм. “Сентеррагоулд Монголия” компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий Гацууртын алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90, Мандал сумаас зүүн урагш 30, Түнхэл тосгоноос баруун урагш 14 километр зайд оршдог. Үндсэн ордод биднийг очиход олборлолт хийгээгүй байлаа. Уг газарт 1970-1991 онд хайгуул, судалгаа хийсний үндсэн дээр 1992-2000 онд “Гацуурт”, “Гурван гол” компани алтны шороон ордны олборлолт хийжээ. Дараа нь “Каскадиа” компанийн геологичид 1998 онд Гацууртын алтны үндсэн ордыг нээж, улмаар “Сентеррагоулд Монголия” ХХК болсон түүхтэй. Тэр үеэс хойш өдий хүртэл тус компани Гацууртын ордоос алт олборлоогүй бөгөөд өмнөх шороон ордын сүйтгэгдсэн газарт нөхөн сэргээлт хийсэн тухайгаа танилцуулсан. Тодруулбал, өмнөх олборлолтод 146 га талбай өртөж, уурхайн амны 300 орчим га талбайгаас 140 нь эвдэрч нөхөн сэргээлгүй орхижээ. Мөн Гацуурт голын голдиролыг өөрчилсөн, хэд хэдэн жижиг цөөрөм болон хуваагдсан байна. Тус компанийнхан 2016-2017 онд гурван удаа их цэвэрлэгээ хийж, 24-30 тонн хог хаягдал түүсэн гэнэ. Хайгуул болон нөхөн сэргээлт хийх, дэд бүтэц бий болгоход 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан талаараа хэлэв.
Гацууртын ордын талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2007 оны арванхоёрдугаар сард хэлэлцэн, улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд оруулжээ. “Шинэчлэн тогтоосноор уг орд нь нутгийн иргэдийн тахин шүтдэг Ноён уул-1 оргилоос 10, Хүннүгийн үеийн археологийн олдвор бүхий Ноён уул-2 оргилоос 14 орчим километр зайд оршдог. Ноён уул-1 оргилыг 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 2015 онд уг жагсаалтаас хасан, хилийн цэсийг өөрчилсөн байдаг” гэж тус компанийнхан мэдээлэв. Эл шийдвэрээ мөн онд дахин цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргасны дагуу тус сумын 11 187.05 га газрыг байгалийн нөөц, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр дэх 650 га газрыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ гаргажээ.
2016 он Палеонтологи, геологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран хийж буй судалгааны явц
Улсын тусгай хамгаалалтад багтсан газар нутагт “Сентеррагоулд Монголия” компанийн эзэмшдэг Гацууртын алтны орд хамрагдаагүйн дээр археологийн дурсгал бүхий Ноён уул-2 оргилоос хол зайд оршдог аж. Гэвч Ноён уулын олон амнаас археологийн олдвор олддог тул “Сентеррагоулд Монголия” компани Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн тавдугаар бүлгийн 27.8-д заасны дагуу ШУА-ийн харьяа Түүх, археологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран 2016 оны 5-6 дугаар сард Гацууртын уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбай, ойр орчимд малтлага, судалгаа хийлгэжээ. Судалгааны үр дүнд тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэд хэдэн олдвор илрүүлсэн. Гэвч тэдгээр нь олборлолт явуулах хэсэгт байгаагүй талаар судалгааны тайланд дурджээ.
2016 он археологийн судалгааны явцад илэрсэн чулуун байгууламж. Чигжээс чулууны завсраас олдсон шавар ваарны жижиг хэлтэрхий.
“25 хоног хийсэн археологийн судалгааны үр дүнд 18 дурсгалыг малтан, судалсан. Үүнд Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш хоёр, Хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулах зуух, эртний бууц суурь тус бүр нэг, монгол булш хоёр, он цаг нь тодорхойгүй булш гурав, эртний хотын туурь нэг, чулуун байгууламж найм олдсон. Соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох хууль, журмын дагуу тухайн бүс нутагт хийсэн археологийн авран хамгаалах малтлага, судалгааг хоёр талын гэрээнд заасан, урьдчилан төлөвлөсний дагуу амжилттай хийж дууслаа. Цаашид тус компани Гацууртын ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэхийн сацуу газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэх ёстой” гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Сентеррагоулд монголия” ХХК-ийн Гацууртын орд, орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах хайгуул, судалгааны ажлын тайланд бичжээ. Олдворуудыг орон нутаг болон холбогдох газруудад нь хүлээлгэн өгсөн аж. Ямартай ч археологийн судалгааны үр дүнд олборлолт явуулахад ямар нэгэн асуудалгүй хэмээжээ. Мөн 2016 оны тавдугаар сард Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн гуравдугаар бүлгийн 1.8-д заасны дагуу ШУА-ийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, палеонтологийн судалгаа хийсний үндсэн дээр зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын ажил гүйцэтгэх боломжтой гэж үзжээ.
“Сентеррагоулд Монголия” компани Ноён уулын дархан цаазат газрыг ухаж байна гэх мэдээлэл цөөнгүй. Энэ талаар тус компанийн байгаль орчин, ус ашиглалтын инженер С.Нарангэрэл “Манай компанийн эзэмшдэг Гацууртын шороон ордод олборлолт явуулаагүй 15 жил болсон. Дархан цаазат, Хүннүгийн үеийн бунхан, түүхийн дурсгал олдсон Ноён уулын амуудаас хол оршдог. Тиймээс манай компанийн зүгээс хууль зөрчсөн ажил явуулсан удаагүй. Нутгийн иргэдтэй хамтран энэ газарт хоёр давхар хамгаалалт гаргасан. Тухайн газарт 2015 оны 6-12 дугаар сард хувиараа алт олборлогч 14 000 гаруй (давхардсан тоогоор) “нинжа” дайран орж, тэр ч бүү хэл нэгнийхээ аминд хүрсэн удаатай. Одоо ч шөнө, оройн цагаар ганц нэг “нинжа” орж ирдэг. Анх ямар нэгэн арга хэмжээ авалгүй сануулга өгөөд гаргадаг байсан. Харин одоо бол Мандал сумын ЦЕГ-т хүлээлгэн өгч, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг нь хураадаг болсон. Хамгаалаад байхад дайрч ордог юм чинь хамгаалахгүй бол өнөөх л хуучин төрхөндөө орох нь цаг хугацааны асуудал” хэмээсэн юм.
Нөөцийг нь тогтоож, дэд бүтцийг нь шийдчихсэн зөвшөөрөл бүхий цорын ганц алтны орд Гацууртын талаар худал, үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл цөөнгүй байдаг. Тус газар дээрээс нь сурвалжлахад ийм байна.
2016 он археологийн судалгааны явцад илэрсэн чулуун байгууламж. Өнгөн хөрснөөс Хүрэл зэвсгийн үеийн шавар ваарны жижиг хэлтэрхий (53см) илэрсэн
Бэлтгэсэн: Ж.Туул