Манзушир хийдийг түүхэн дурсгалт цогцолбор, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл бэлэн болсныг “Манзушир хутагт” сан болон Гандантэгчинлэн хийдийн төлөөлөл өчигдөр танилцууллаа. Тодруулбал, тус хийдийг сэргээн засварлаж, хийдийн орчимд жилд 1.3 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэнэ. Төслийн судалгааг өнгөрсөн оноос эхлүүлэн, 17 аж ахуйн нэгж, байгууллагын 130 гаруй судлаач, эрдэмтэн оролцжээ.
300 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, соёлын өвийг нь хамгаалан, шинжлэх ухааны үндэслэлтэй сэргээн засварлах нь дээрх төслийн зорилго гэдгийг “Манзушир хутагт” сангийн тэргүүн М.Энхболд мэдээлсэн юм. 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн эл бүтээн байгуулалтын санхүүжилтэд 280 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Төслийн хүрээнд Манзуширын ариун орон, эрдэм дэлгэрүүлэх болон урлахуйн бүтээлийн орон нэртэй сэдэвчилсэн байгууламж бүтээн, Зайсан толгой орчмоос агаарын тээврээр (cable car) хийд рүү зорчих боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ.