Олимпын наадмыг бамбаргүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл Ц.Сандуй ерөнхийлөгчтэй Монголын триатлоны холбооноос санаачлан МҮОХ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран “Токио-2020” олимпын бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар төлөвлөжээ. Эл санаачлагын эхлэл болгон олимпын бамбарыг Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдод аялуулж, спорт, олимпизмыг олонд сурталчлав.
Үүний сацуу тус аян Монгол Улсын хилийн №1 баганаас эхэлсэнд олон хүн бэлгэшээлээ. Эл арга хэмжээнд дээрх байгууллагууд болон ивээн тэтгэгчдийн төлөөлөл, хилийн цөөнгүй анги, заставын алба хаагчид, иргэд, жуулчид оролцсон юм. Энэ үеэр МҮОХ-ныхон “Алтан медаль”-аараа нэгэн эрхмийг шагнасан нь нүдээ олсныг нутгийнхан хэлсэн. Эл шагналын эзэн бол хурандаа В.Батжаргал захирагчтай Хилийн 0285 дугаар ангийн ахлах дэслэгч С.Шалхар юм. Тэрбээр бөөрөнцөг түлхэлтийн УАШТ-ээс сүүлийн хоёр жил дараалан медаль хүртсэн, спортын дэд мастер, сумын заан, волейболын нэгдүгээр зэрэгтэй, гардан тулааны багш, дөрвөн жил тутамд болдог баруун бүсийн хилчдийн спортын наадамд энэ онд 0285 дугаар ангийнхныхаа хамт оролцохдоо 25 медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүлсэн юм. С.Шалхар “Тамирчин бүхэн олимпын наадамд эх орноо төлөөлж, амжилт гаргахыг хүсдэг. Хэдийгээр би олимпод өрсөлдөж чадахгүй ч “Токио-2020”-ийн бамбарыг манай нутагт аялуулсанд баяртай байна. Мөрөөдөл минь биелэх шиг боллоо” гэв.
Аяныг зохион байгуулагчид Токиогийн олимпын бамбарыг энэ жил Монголын хойд цэг болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол шарын даваанд аялуулахаар төлөвлөжээ. Мөн ирэх онд зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашууны бор толгойд аялуулж, олимпизмыг сурталчлах гэнэ. Олимпын бамбарыг Монголоороо тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь их учиртай. Учир нь “Рио-2016” олимпын наадмаас “Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин олимпын дэвжээнд амжилт гаргасанд монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг.
Сонирхуулахад, Энэ арга хэмжээг зохион байгуулж буй Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Япон, Монголын найрамдлын нийгэмлэг, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч юм.
Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэсэн “Номин холдинг”, SWORD компани болон “Ус сувгийн удирдах газар”, “Зорчигч тээврийн нэгтгэл-3” газрынханд зохион байгуулагчдын зүгээс талархсанаа илэрхийлж байлаа.