Ургаа юу модны сүүдэр дор тоглоод
Ургах нарыг шингэснийг нь мэдсэнгүй
Улбар шаргал янзага минь
Учралт ээжийгээ сая л санаа юу... хэмээх дууг мэдэхгүй хүн ховор бизээ. 80-90 онд залуучууд орцонд ихээр дуулдаг байсан гэгддэг билээ. Тэгвэл энэхүү дууг шинээр дуулж олны хүртээл болгосон Э.Лууяатай ярилцлаа. Тэрбээр СУИС-ыг жүжигчний мэргэжлээр 2017 онд төгссөн юм.
-Сайн байна уу? Хоёулаа яриагаа бага насны чинь талаар эхлэх үү?
-Тэгэлгүй яахав. Би Баянхонгор аймагт эмээ дээрээ өссөн. Багш нартаа үргэлж загнуулна. Тэр болгонд эмээ маань л их зовсон байх. Эцэг эхийн хурал дээр очно, ирээд намайг загнана. Би тоож байгаа ч юм байхгүй дахин дүрсгүйтнэ. Нэг тийм л дүрсгүй хүүхэд байсан
- Эмээ чинь хүүгээ ямар хүн байгаасай гэж хүсэж байсан бол
- Дуучин хүн болоосой гэж хүсэж байсан. Намайг уран бүтээлч болоход их нөлөөлсөн. Эмээгийн найзууд гээд хэдэн буурай нар манайд цуглана. Би тэдний дунд дуулах их дуртай. Яагаад гэхээр чихэр авах гэж бас магтуулах гэж /инээв/. Эмээ намайг айлын хурим, хүүхдийн дайх үргээх ёслолд дандаа дагуулж явна. Ердөө л намайг дуулуулах гэж тэр л дээ
-Хүүгийнхээ дуулахыг л сонсох дуртай хүн юм байна даа.
- Тийм шүү. Миний санаанаас ер гардаггүй нэг дурсамж байдаг. Тэр үед 12 хуудастай нимгэн цагаан дэвтэр байсан. Эмээ тэр дэвтрийн хуудсыг нь дүүртэл дууны үг бичээд намайг цээжил гээд өгч билээ. Би тэр үеэс л дуучин болно гэж шийдсэн.
-Тэгээд яагаад жүжигчний мэргэжлээр сурсан юм бэ?
-Хүнд өгөгдсөн хувь тавилан гэж байдаг юм шиг санагддаг. Би жүжигчний ангид орохоосоо өмнө нутагтаа “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д авто засварчны ангид сурч байсан. Тэнд хоёр жил сурахдаа боолт тайлж чадахгүй хүүхэд л төгссөн. Манай үе тэнгийн хүүхдүүд мэргэжлээ ахиулан сурахаар, зарим нь ажиллаж хөдөлмөрлөхөөр зүг зүгийг зориод явчихсан. Тэр үед би хийх юмгүй хүн гудмаар алхаж байгаад СУИС-аас багш нар ирж жүжигчний ангид элсэлт авна гэсэн зар байсныг харсан. Тэгээд бэлдэж эхэлсний үр дүнд тэнцсэн. Одоо энэ мэргэжилдээ хайртай.
-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна.
-U film уран бүтээлийн нэгдлийн хүүхэд, гэр бүлийн сэдэвтэй жүжиг дээр ажиллаж байна. Энэхүү жүжиг камерны театрыг Монголд хөгжүүлэх зорилгоор хийгдэж байгаа. Энэхүү жүжиг нийгэмд чи хэн байх чинь хамаагүй. Юу өмсөж, юу идэх чинь хамаагүй. Зөвхөн өөртөө л үнэн ч бай. Өөрийнхөөрөө л бусдад хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Бусдыг дагаж хэн нэгэнд автахгүй байх нь хамгийн зөв гэдгийг харуулах юм.
- Хүнд хэзээ ч мартагдашгүй дурсамжуудын нэг бол анхны хайр байдаг. Та анхны хайрынхаа дурсамжаас хуваалцаач?
-Би тавдугаар ангидаа нэг охинд дурлаж, анхны захиагаа өгч байсан. Тэр үед манай нэг найз бас тэр охинд сайн болсоноо хэлж билээ.
-Та тэгээд яасан бэ?
- Өрсөлдсөн /инээв/. Авьяасаараа ч гэх юм уу? Би урхидаж аваад үерхэж байлаа. Тэр л миний анхны хайр байсан. Хамгийн сайхан дурсамж гэх юм бол анх нэгдүгээр курсдээ Улаанбаатар хотыг мэдэхгүй бас ямар ч мөнгө байхгүй оюутан. Анхны хайр дээрээ очих гээд Дархан хот руу галт тэргээр явж байсан. Энэ дурсамж миний сэтгэлээс хэзээч гарахгүй байх. Одоо бол эхнэр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байна.
-Суис-д сурч байхдаа сурсан зүйл их байх. Одоо ирээдүйд юуг эрэлхийлж байна.
-Тэгэлгүй яахав маш их юм сурсан. Сурч байх хугацаандаа тайзны урлаг гэхээсээ илүү, дэлгэцийн урлагт дурласан. Нэгдүгээр курсдээ “Улаанбаатар би чамд хайртай” олон ангид кинонд тоглож байлаа. Мөн Хараал, Рекэт гэх мэт кинонд туслах найруулагчаар ажилласан. Энэ бүхэн СУИС-д сурсны минь ач тус. Цаашдаа ч илүү том зорилго өвөртөлсөн.
- Зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Би цаашдаа кино дэлгэц талруугаа уран бүтээл хийнэ гэж бодож байгаа. Бүрэн хэмжээний кино хийх зорилго байна. Одоохондоо арай болоогүй. Яагаад гэхээр хөрөнгө мөнгөний асуудлаас гадна, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Цаг нь болохоор хийнэ дээ.
- Залуу уран бүтээлч хүний хувьд зарим зүйл дээр гутрах, шантрах зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Урлаг ерөөсөө л тийм шүү дээ ямар ч хөрс байхгүй. Жүжигчнээр төгслөө, ажил байхгүй. Тийм болохоор хажуугаар нь дуулдаг. Ерөнхийдөө хөрвөх чадвартай байхыг илүү хичээж байгаа гэх юм уу даа. Шантарч байсан үе зөндөө байгаа. Тэр болгоныг тоочоод яахав.
-Янзага хэмээх дууг яагаад дуулах болсон бэ?
- Улаанбаатар би чамд хайртай кинонд тоглож байхдаа гитар дээр тоглож сурсан ганц дуу юм. Орцны дуу юм байна лээ. Гэхдээ хүмүүсийн дунд Төрийн хошой шагналт Ш.Лодойдамба гуайн “Шаргачин” өгүүллэгээс сэдэвлэж бүтсэн дуу гэх ам яриа байдаг. Аяны хувьд Казак аятай. Би Казак ая дээр нь дуулсан. Энэ дууны шүлгийн хувьд маш олон хувилбар байдгаас хамгийн бодит байж болох гурван бадгийг авч сонгосон.
- Нутгийнхаа сүлд дууг дуулсан шүү дээ. Ямар мэдрэмж төрсөн бэ?
-Дуулж байхад үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. Үгээр илэрхийлж боломгүй тийм нэг тансаг мэдрэмж авсан. Тэр дундаа Баянхонгор аймгийнхаа сүлд дууг дуулна гэдэг том завшаан гэж бодож өөрөөрөө ч бас бахархсан. Өсөж торнисон нутгийнхаа талаар дуулна гэдэг үнэхээр сайхан. Гэхдээ энэ дууг дуулаад багагүй шүүмжлэлд өртсөн.
-Ямар шүүмжлэлд өртөв?
- Жүжигчин хүн байж дуу дуулаад чи одоо дуучин болчихсон юм уу гэх мэт. Гэхдээ би тэр бүгдийг тоогоогүй. Хийж бүтээх насан дээрээ яваа залуу хүн шантарч болохгүй гэж боддог.
- Залуу хүний хувьд өнөөгийн Монголын нийгмийг ямар нүдээр харж байна?
- Гадны хүмүүс Монгол орныг залуучууд, соёл урлагаар нь дүгнэнэ шүү дээ. Өнөөгийн Монгол залуус ерөнхийдөө унтаа байдалтай байна. Нэг юманд хайрцаглагдсан. Шинийг хийж бүтээх биш урьд хийж байсан зүйлсийг үргэлжлүүлэн хийгээд амьдралаа авч явах бодолтой юм шиг санагддаг. Нийгмийн идэвхтэй залуус ховордсон. Уг нь залуус эрч хүчтэй, аливааг эрэлхийлсэн байвал нийгэм маань даган хөгжиж юм шиг санагддаг.
-Та ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Надад бол социализемийн үе таалагддаг.Тэр үед Монгол хүн бүр ажилтай орлоготой байсан. Одоо хэт их ардчилсан болоод хүмүүс эрх чөлөөг илүүд үзэх болсон. Эрх чөлөөг илүүд үзэх нь зөв боловч үүрэг хариуцлага гэж бий. Түүнийгээ залуучууд гэлтгүй бүх нийтээрээ мартаад байгаа юм шиг санагддаг. Би үүргээ ухамсарласан, бүтээлч хөдөлмөрч залуустай нийгэм байгаасай гэж хүсдэг.
- Та өөрөө үүргээ хэр ухамсарласан бэ?
-Би хөдөө мал дээр өссөн болохоор тэсвэр хатуужил суусан. Өглөө гараад орой гэртээ ирдэг. Эндээс л үүрэг хариуцлагыг багаханч гэсэн ухамсарласан гэж боддог. Хөдөө өссөн хүүхдүүдэд тодорхой хэмжээний үүрэг хариуцлага оногддог. Жишээ нь хонь хургаа нийлүүлэхгүй байх. Эмнэг сургах, үхэр тугал хариулах гээд тоочоод байвал их зүйл бий. Тийм газар өссөн хүмүүс юу хийх, ямар болох ёстойгоо ухамсарлаж чаддаг. Үүрэг хариуцлагатай хүн болж төлөвшдөг. Иймээс би үүргээ ухамсарласан шинийг эрэлхийлсэн хүн байх ёстойгоо мэднэ.
-Таны бодлоор чанартай уран бүтээл хийхэд юуг анхаарах ёстой вэ ?
- Хэлбэр хөөж болохгүй. Хүн үзэх, үзэхгүй нь хамаагүй чанартай уран бүтээл гаргах ёстой. Уран бүтээлч хүн бол өөртөө үнэнч байх ёстой. Эс бөгөөс үнэ цэнэ ээ алдаж хөнгөн сэтгээд байгаа юм. Нэг ёсондоо хялбарчлах сэтгэлгээтэй байна гэсэн үг. Уран бүтээлч хүн уран бүтээлч сэтгэл зүрхтэй байх ёстой.
-Та өөрөө кино хийнэ гэсэн. Кино хийхэд юу хамгийн чухал вэ?
- Баг хамт олон хамгийн чухал. Багаа бүрдүүлэхээр хичээж л яваа бас хоёр гурван кино зохиол бэлэн бий. Надад
сэтгэл зүрх нийлсэн залуус хэрэгтэй.
-Та аав ээжийнхээ талаар ерөөсөө ярьсангүй.
-Манай аавыг Энх-амгалан гэдэг. Би хоёр сартайгаасаа л эмээгийнхээ өвөр дээр өссөн болохоор аав ээжтэйгээ бүтээсэн дурсамж цөөхөн.
-Одоо эмээ нь нутагтаа хүүгийнхээ дууг сонсоод л суудаг байх даа
- Эмээ маань намайг телевиз радиогоор дуулахыг харамсалтай нь сонсоогүй ээ. Нэгдүгээр курс байхад бурханы орноо зорьсон. Би тэр үед очиж чадаагүй. Хөөрхий минь намайг их асуусан гэнэ лээ. Очиж чадаагүйгээ бодохоор л уйлчих гээд байдаг.
-Яагаад очиж чадаагүй юм бэ?
-Би оюутан цэргээс халагдаад гэрийнхэнтэйгээ ярихад эмээгийн чинь бие муу байна гэсэн. Тэр мэдээг сонсоод шууд нутаг яваагүй. Яагаад гэхээр гайгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд хамт халагдсан цэргүүдтэйгээ нийлээд амралтад явсан тэр л миний хамгийн том алдаа байж. Уг нь эмээдээ үнсүүлсэн бол гэж их харамсдаг.